Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2017.01.12 03:01

Монголын археологчид өнгөрсөн жил 588 дурсгалыг шинээр илрүүлжээ

Монголын археологчид өнгөрсөн онд гадаадын 12 улсын эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэний зэрэгцээ нийт 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа явуулж, нийт 588 дурсгалт шинээр илрүүлэн баримтжуулсан амжилттай ажиллав хэмээн "Монголын археологи-2016" эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлов.

Тус эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар хэлсэн үгэндээ "Чулуун зэвсгийн бууц, суурин, хүрлийн үеийн булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш, эртний Орхоны руни бичээс, тахилын онгон, олон үеийн хот суурин, сүм хийд, хүн чулуу гээд судалгааны ажлаа өнөөдөр Монголын археологчид тайлагнаж байна. Бид асар олон зүйлийг хийж бүтээсэн нь харагдаж байна. Шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад судалгааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа чиглэгддэг" хэмээн дурдав.

2016 онд хийсэн олон төсөл, хээрийн судалгаа, малтлагын үеэр үнэт олдвор ихээр илрүүлсэн бөгөөд түүнээс онцолвол Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн “Үзүүр гялан” хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олдсон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан бол Хонгор сумаас олдсон палеонтологийн олдвор, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас олдсон өвөрмөц, содон хадны зураг, Хүннүгийн үеийн төмөр хайлуулах зуух, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сяньби булш, Шивээт улааны Түрэг, Уйгурын үеийн хаад язгууртны тахилын онгоны малтлага судалгаа, Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгаас шинээр олдсон хадны оршуулга зэрэг өнгөрсөн онд хийсэн археологийн шилдэг нээлт, сор олдворуудын талаар судлаачид дор бүрнээ тайлбар хийж, малтлагийн үеийн үйл явцыг зурагжуулсан баримт сэлтийг үзүүлж байв.

Архелогийн авран хамгаалах судалгааны хүрээнд 16 аймгийн 38 сумын нутагт нийт 42 тусгай зөвшөөрлийн дагуу хайгуул, судалгааны ажил явуулж Бянхонгорт 10, Говь-Алтай аймагт 27, Дорноговь аймагт 25, Дундговь аймагт 60, Өвөрхангай аймагт 29, Өмнөговь аймагт 146, Сүхбаатар аймагт 99, Төв аймагт 89, Увс аймагт 12, Улаабаатар хотод 27, Хэнтий аймгийн нутагт 45 зэрэг нийт 588 дурсгалт шинээр илрүүлж баримтжуулжээ.

Өөр бас нэгэн сонирхолтой олдворыг Монголын Үндэсний музей, Амеркийн Питсбургийн их сургуультай хамтарсан “Умард Монгол” археологийн судалгааны төслийн хүрээнд нээн илрүүлсэн байна. Тус багийн хамт олон Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Айргийн гозгор хэмээх газраас өмнө илэрч байгаагүй өвөрмөц зан үйл бүхий булш, оршуулгыг илрүүлсэний сацуу Сяньбигийн үед хамаарах модон байшин бүхий модон хүний сийлбэр олжээ. Ийнхүү тус булшнаас гарсан өөр олон үнэт олдворуудаар Монголын Үндэсний музей болон Орхон аймгийн музейн сан хөмрөгийг арвижуулсан байна.

Монголын археологийн сан хөмрөг жилээс жилд өсөн арвижиж, үнэт олдвор бүхий дурсгалт газруудыг судлаачид нээн илрүүлснээр бидний түүх улам л зузаарсаар буй билээ.

Онцлох нийтлэлүүд