ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.05 05:10

“Монголын дуу хоолой радио”-гийн 50 жилийн ой тохиолоо

Одоогоос 50 жилийн тэртээ дэлхийн олон орны сонсогчдод зориулан Монгол орныг сурталчлах гадаад хэлний нэвтрүүлгийн редакцийг Монголын Радиод байгуулсан байна. Энэ бол "Монголын дуу хоолой радио" билээ. Улмаар 1964 оны 10 дугаар сарын 1-нээс Монгол, Орос, Хятад, Англи, Франц, Казах, Япон хэлний нэвтрүүлгүүдийг ээлж дараалан нээсэн түүхтэй. Тэгвэл өнөөдөр МҮОНР-гийн "Цагаан Лавай" студид ахмад ажилчдаа хүлээн авч, баярын хурлаа хийлээ. Бид тус радиогийн үе үеийн уран бүтээлчдийн сэтгэгдэлийг сонслоо.

-"Монголын дуу хоолой радио"- гийн төвлөрсөн редакцийн редактор, сэтгүүлч С.Баяндорж: Олон МУСГЗ энэ радиогоос төрсөн -Танай раиогийн онцлог юу вэ? -Монголын дуу хоолой радиогийн үндсэн редакци буюу төвлөрсөн редакцид ажилладаг. Би одоо 25 жил ажиллаж байна. Монголын түүх, угсаатан зүйн сэдвээр нэвтрүүлэг бэлтгэдэг. Манай редакци бол нэлээн чанартай, хүнд их юм сургадаг редакци юм. Бид чинь монгол хэлээр тодорхой цэгц бичиж сурдаг л даа. Тийм болохоор сайн сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтнүүд ихээхэн байна. 1990 онд сонин содон танин мэдэхүйн нэвтрүүлэг хийдэг байсан. Тэр үед л би анх ирж байлаа.

-Та сайхан монгол хувцсаараа гангарчээ

-Би аймгийн заан цолтой, морь уядаг. Угсаатан зүй судладаг болохоор монгол уламжлалаа дээдлэдэг.

-"Монголын дуу хоолой радио"- гийн ахмад ажилтан МУСГЗ, Л.Гүнсэн: Анх бүхий л зүйл хэцүү санагддаг байлаа - Монголын дуу хоолой радиогийн 50 жилийн ойн баярын мэнд хүргэе?

-Би монголын дуу хоолой радиогийн ахмад ажилтан хүн. Хэнтий аймгийн Галшар сумын уугуул. МУИС-ийг 1961 онд химич мэргэжлээр төгссөн. Анх тэр үед томилолтоор ирж байсан. Би уг нь багшаар ажиллах сонирхолтой байлаа. Гэтэл тэр үеийн дарга нар "Чи монголын ард түмний багш" бол гэж загнаж байж билээ. Одоо бодоход үнэн л үг байждээ. Улс төрийн дөр суулгахад энэ радио надад багш байж чадсан. Би 80 настай радиотойгоо нас чацуу, миний анх тулгыг нь түшилцсэн радио маань "50 жил" болчихжээ. Энэ бүхнийг хүмүүс мэдэх албагүй ч Монгол орныг таван том улсад сурталчилдаг хүчтэй зэвсэг юм. Миний анх ажиллаж байх үед бүх зүйл л хэцүү байсан. Харин одоо бол техник, тоног төхөөрөмж ч хөгжчихсөн байна. Бидний үед Японоос их захиа ирдэг байсан. Одоо бол монголын таван том гүүр болж байна даа. Одоо залуучууддаа хандаж хэлэхэд бидний эхлүүлсэн ажлын сайн сайхан авч явж, сайхан нэвтрүүлэг явуулж, улам олон түмний анхаарлыг татаж сайн ажиллаарай гэж хэлмээр байна. Би мөн Хурд агентлагийг анх үүсгэн байгуулцсан юм. Хүн өтлөхдөө янз янзаар өтөлдөг байх миний хувьд ном эрээчиж л сууна даа.

-Монголын дуу хоолой гадаад нэвтрүүлгийн Ерөнхий редактор З.Дэнсмаа: Бид ойгоо сонсогчидтойгоо хамт тэмдэглэж байна -Ойн арга хэмжээ өргөн болж байна уу. Ямар ямар ажил зохион байгуулж байна вэ? -Монголын дуу хоолой радио 1964 онд байгуулагдсан. Энэ жил 50 жилийн ойтойгоо золгож байна. Ойн хүрээнд бид жилийн турш маш олон ажил хэргийг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, гадаад сонсогчдынхоо хүрээнд "Монгол орныг хэр сайн мэдэх вэ?", асуулт хариултын тэмцээн, зургаадугаар сарын нэгэн хүртэл гурван сарын хугацаанд зохион байгуулсан. Энд 20 орны 200 гаран сонсогч оролцсон. Уралдаанд маш олон сонсогч хамрагдсаныг манай таван хэлний редакци амжилттай нэгтгэж шагналаа гардууллаа. Мөн "Монголын дуу хоолой 50 жил" хэмээх номыг энэ өдөрлөгийн үеэр нээж байна. Энэхүү ном маань Монголын дуу хоолой радио буюу гадаад хэлний нэвтрүүлгийн хувьд анхны түүхэн дурсамж, дурьдатгалын ном болж байна. Мөн удахгүй энэ сардаа 11-13-ны өдрүүдэд бидний сонсогч, редакцийн уулзалт Япон улсын Токио, Осоко хотуудад бидний сонсогч редакцийн уулзалт болох болно. Энэ арга хэмжээндээ бэлдэж байна. Тэгэхлээр бид энэ тавин жилийн ойгоо Монголдоо төдийгүй, нэвтрүүлдэг таван хэлийнхээ сонсогчидтойгоо хамт тэмдэглэж байна. Түүнчлэн энэ жил олон өндөр дээд хэмжээний уулзалт манай оронд болсон. Юу гэвэл, БНХАУ-ын дарга Си Зинфиний айлчлалын үеэр Хятадын олон улсын радиотой хамтраад үйл явдлыг орон даяр шууд нэвтрүүлсэн. Энэ нь бол манай оронд төдийгүй Хятадад шууд дамжсан байгаа. Олон улсын сонсогчдоосоо бид жилдээ дунджаар 2000-2500 цаасан захидал хүлээн авдаг. Сүүлийн үед сонсогчид И-мэйлээр их хандаж байна. Цахим хуудсуудаараа санал бодлоо солилцож байна даа. Ер нь сонсогчид хандах байдал их өсөж байна. Манай Англи хэлний редакцийн нэвтрүүлгийг Германы интернет радио 360 суваг дахин дамжуулж, Герман болон Европын улсуудад цацдаг болсон байна. Энэ мэт олон улсын радионуудтай сүүлийн үед ихээхэн хамтарч ажиллаж байна даа. Оросын радиотой гэхэд олон жил хамтарч ажилласан түүхэн туршлагатай. Мөн Оросын ерөнхийлөгч Владимер Путины айлчлалын үеэр ОХУ-ын олон улсын мэдээллийн агентлагтай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Онцлох нийтлэлүүд