ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Туслах ангилал
2020.03.26 04:03

Монголын Ногоон намаас мэдэгдэл гаргажээ

Эрхэм хүндэт Монголчуудаа!

Монголын Ногоон Намаас цаг үеийн байдлаар та бүхэндээ хандаж мэдэгдэл гаргаж байна. Өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгч, ҮАБЗөвлөлийн нэг гишүүн өнөөдөр Монгол улсад тулгараад байгаа тулгамдсан асуудалд дүгнэлт хийж Сонгуулийг хойшлуулах талаар уриалга гаргасан. Уриалгын дагуу улс төрийн намуудын байр суурийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын шугамаар асууж байгаа учраас тухайн асуудалд Монголын Ногоон Намын байр суурийг үүгээр мэдэгдэж байна. Цар тахал нь зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхий даянг хамарсан, ДЭМБ-аас онцгой анхаарч, сар дамнасан төдийгүй жил дамнасан аюул дагуулж байгаа учир Европын холбоо, дэлхийн байгууллагууд арга хэмжээ авч байна. Жишээлбэл, Олимпийн наадмыг 1 жилийн хугацаатай, Европын хөл бөмбөгийн АШТ-ийг, ОХУ бүх нийтийн санал асуулгаа тус тус хойшлууллаа. Энэхүү цар тахалын хүрээнд аливаа улс орнууд сонгууль явуулах асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, Иран, Испани улс ДЭМБ-ын зөвлөмжийг үл ойшоон сонгууль явуулсанаас үүдэн тус орнуудад маш их хэмжээний тархалт дэгдэн, өвчин зовлонд нэрвэгдээд байна. Монголчууд бид бусдын алдаан дээр суралцах хэрэгтэй учраас Монголын Ногоон Намаас Монгол улсын Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж сонгуулийг хойшлуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Сонгуульд оролцох хүсэлтэй улс төрийн хүчнүүд, ялангуяа ҮАБЗ-ийн 3 гишүүний 2 нь болох УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар өөрсдийн рейтинг өндөр байгаа учраас сонгуулийг явуулж, улмаар сонгуулийн ялалт байгуулна гэсэн болчимгүй сэтгэлгээгээр Монголын ард түмнийг аюулд нүүрлүүлж байгааг анхаарна уу!

2 хүн цуглахгүй байх ёстой гэсэн зөвлөмж гаргаад байхад 2 сая хүн цуглуулж сонгууль явуулах гэж байгаа нь Монголын ард түмнийг эрүүл мэнд, эдийн засгийн хувьд аюулд оруулах эрсдэлтэйг анхаарах ёстой. Өнөөдөр сонгуульд улсаас 37 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа бол нэр дэвшигч, намуудын зүгээс 100 гаруй тэрбум төгрөг зарцуулах хандлагатай байна. Мөн сонгуульд зориулж их хэмжээний зам, аялал жуулчлалын цогцолбор, бүтээн байгуулалтуудад зарцуулах хөрөнгө мөнгийг төсөвийн тодотгол хийж хямрал нүүрлээд байгаа ард түмэнлүүгээ чиглүүлэхийг шаардаж байна.

Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд ард түмнийг хий хоосон хүлээлт үүсгэсэн, эдийн засгийн тооцоололгүй амлалтуудыг улс төрийн намууд хийж байгаа нь улс оронд нүүрлээд байгаа аюулыг үл ойшоож, цаг үеийн үйл явцад нийцэхгүй, улам хямруулах хандлагатай болохыг анхааруулж байна.

Иймд, Монголын Ногоон Намаас та бүхэнд хандаж сонгуулийг зогсоох, хойшлуулах арга хэмжээг дэмжихийг уриалж байгаа бөгөөд уриалгыг дэмжихдээ хэвлэл мэдээлэл, УИХ-ын өргөдлийн байнгын хороо, олон нийтийн байгууллагуудаар дамжуулан дуу хоолойгоо хүргэнэ үү!

Монгол улсад нүүрлээд байгаа цар тахалын гамшгийг давж гарахын төлөө бүх нийтээр идэвхтэй оролцохыг уриалж байна.

Онцлох нийтлэлүүд