ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.06.13 11:06

Монголын нүүрсний уурхайн метан хийг судалж, нөөцийг нь тогтоох судалгаа хийжээ


Монголын байгаль орчны консорциум төрийн бус байгууллага энэ сарын 18-нд Монголын нүүрсний уурхайн метан хийг судалж, нөөцийг нь тогтоосон тухай судалгааны тайлангаа танилцуулах хурлыг Уул уурхайн яаманд хийнэ.  Тус төрийн бус байгууллага Америкийн байгаль хамгаалах агентлагийн санхүүжилтээр Монголын нүүрсний уурхайн метан хийн нөөцийг судлаж, түүнээс ялгарч буй хүлэмжийн хийд үнэлэлт өгөх төсөл хэрэгжүүлсэн байна.Энэ сэдвээр Монголын байгаль орчны консорциумын захирал М.Бадарчтай ярилцлаа.

-Метан хий гэж ямар хий вэ?

-Метан хий нь намгийн хий гэсэн үг. Даян дэлхийн дулааралд нөлөө үзүүлж байгаа хүлэмжийн гол хийнүүдийн нэг. Метан хий нь нүүрс, байгалийн хий, нефть зэргийг олборлох, үйлдвэрлэх, тээвэрлэх  явцад нилээд их хэмжээтэй ялгардаг. Нөгөө талаар, бусад хийнүүдийн нэгэн адил түлшинд хэрэглэх боломжтой. Шинж чанарын хувьд, хортойгоос гадна  шатна, дэлбэрнэ. 1996 онд, Налайхын нүүрсний уурхайд метан хий  дэлбэрсэн ньуурхай  хаагдах нэг шалтгаан болсон.Уурхайг зөв хаах хэрэгтэй юм билээ. Хэрэв  Налайхын нүүрсний уурхайг зөв хаасан бол 1996 оноос өнөөг хүртлэх 18 жилийн дотор тэнд хуримтлагдсан метан хийгээр эрчим хүч үйлдвэрлэх боломж байсан юм билээ.

-Цагаан хоолтонгууд мал аж ахуйг метан хий ялгаруулдаг гээд махнаас татгалздаг юм билээ. Тэр нь бас  таны яриад байгаа хий юу?

-Биологийн гаралтай метан хий, уурхайн метан хийн нөлөөлөл нь адилхан л даа. Малын ялгадаснаас ч метан хий гаргаж авахын тулд исэлдэх процесс явах ёстой. Өвөлдөө тийм боломжгүй. Хот суурингийн хатуу хог хаягдал булсан газрууд,  мал амьтны ялгадас, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл,  хот суурингийн бохир ус цэвэрлэх системд байгаа органик бодисийн задралаас ч метан хий ялгарч байдаг. Хэдийгээр метан хий нь хортой ч бас эрчим хүч ялгаруулах боломж олгодог сайн талтай.

-Метан хий дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлдөг гэсэн?  

-Метан хийг бууруулах арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд метаны ялгарал 45 хувиар нэмэгдэж, байгаль орчин, дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлнө.Метан хий нь дэлхийн дулааралд нөлөөлдөг шалтгаан нь хурдан задардаггүйтэй холбоотой. Нүүрсний олборлолт бусад үйл явцын үед чөлөөлөгдсөн метан агаар мандалд 15 жил задрахгүйгээр хадгалагддаг гэсэн тоо бий. Америк, Хятадаас гадна  Украйн, Австрали, Орос, Энэтхэг метан хийн үндсэн ялгаруулагчид багтдаг. Метан нь бусад хүлэмжийн хийнээс илүү аюултай, дэлхийн дулааралд нүүрс хүчлийн хийнээс 21 дахин нөлөөлдөг гэж судлаачид тогтоосон байгаа.

-Та байгаль орчны судлаач хүн байж яаж яваад нүүрсний уурхайн метан хийтэй холбогдчихов?

Нарийн сухайтын уурхайн метан хийн судалгааны баг

-2007 онд би АХБ-ны шугамаар Уул уурхайн метан хийн асуудлаар олон улсын хуралд оролцсон юм. Уг хуралд оролцсон  АНУ-ын эрдэмтэнээс Олон улсын “Даян дэлхийн метан хийн санаачлага” түншлэлийн хөтөлбөрт яаж хамрагдах вэ гэж асуусан. Монголын Засгийн газар Америкийн байгаль орчныг хамгаалах агентлагт хүсэлт тавьсаны дараа төсөлд хамрагдах боломжтой гэж зөвлөсөн юм.  Олон улсын “Даян дэлхийн метан хийн санаачлага” түншлэлийн хөтөлбөрт  Монгол Улсыг оролцуулах санаачилга гаргаж, холбогдох арга хэмжээг Байгаль орчны яамны тусламжтай хэрэгжүүлсний үр дүнд манай Засгийн газар  2008 оны гуравдугаар сарын 27-нд “Даян дэлхийн метан хийн санаачилга”хөтөлбөрт  24 дэх гишүүн болон нэгдсэн орсон юм. Даян дэлхийн метан хийн санаачилга нь дэлхийн хэмжээнд метан хийн ялгарлыг бууруулах, метан хийг  цэвэр эрчим хүчний эх үүсвэр байдлаар ашиглах, олборлох, боловсруулах зорилготой сайн дурын байгууллага юм. Ингэснээр цаашид  нүүрсний метан олборлолт, ашиглалтыг боловсронгуй болгоход Олон улсын байгууллага, гадаад орнуудын  санхүүгийн болон, техникийн туслалцааг авах боломжтой болсон. Энэ чиглэлээр бид Уул уурхайн яамны Ашигт малтмалын газар, Эрчим хүчний яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам,  ШУТИС, Монгол Алт Корпорацийн эрдэмтэн, мэргэжилтэнүүдтэй хамтарч ажиллаж, анхны үр дүнд хүрээд байна.  Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголын байгаль орчны консорциум “Налайхын нүүрсний уурхайд метан олборлох, ашиглах боломжийг илрүүлэх судалгаа”, “Монгол орны нүүрсний метан хийн нөөц, хүлэмжийн хийг тодорхойлох” хоёр жижиг төслийг боловсруулан Америкийн байгаль хамгаалах агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Энэ хүрээндээ  Нарийнсухайтын нүүрсний уурхай, Багануурын нүүрсний уурхайд метан хийн нөөцийн судалгаа явууллаа. Нарийн Сухайтын орд, Багануурын нүүрсний уурхайд 300-400 метрийн гүнд өрөмдлөг хийж, метан хийн нөөцийг урьдчилсан байдлаар тогтоосон.Нарийн Сухайтын уурхайд 700 сая  шоо метр, Багануурын уурхайд 124 сая шоо метр нөөцтэй гэсэн урьдчилсан судалгаа гарсан.Нарийн сухайтын уурхайд 8,5 мегаваттын хүчин чадалтай хийгээр ажилладаг цахилгаан станц барих боломжтой гэсэн тооцоо гарсан. 7,7  сая долларын хөрөнгө оруулалт хийгээд, зургаан жилийн хугацаанд зарцуулсан хөрөнгөө эргүүлэн төлөх боломжтой юм билээ.Багануурын уурхайд мөн ийм судалгаа хийсэн. Зургадугаар сарын 18-нд болох хурлаар энэ судалгаануудын үр дүнг хэлэлцэж, цаашдын зорилтыг тодорхойлно.

-Таныг уурхайн метан хийг олзворлох, ашиглах чухал ажлыг санаачлан эхлүүлсэн “Загалмайлсан эцэг” гэдэг юм билээ?

- Тэр ч юу юм бэ? Та чинь харин хүнийг явуулдаг сэтгүүлч байна даа. 

-Метаны хийг олборлох, ашиглах талаар Монголын нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Монгол Улс 20  гаруй тэрбум тонн нүүрсний батлагдсан нөөцтэй, нүүрсээр баян орон. Сүүлийн жилүүдэд манай Засгийн газар,  болон нүүрсний салбарынхан  нүүрсний давхаргын метан хий(НДМХ)нүүрсний уурхайн метан хийг(НУМХ)  олборлох ашиглах талаар ач холбогдол өгч эхэлсэн.  Нүүрсний уурхайн метан хий нь  нүүрстөрөгчийн давхар ислээс 25 дахин хүчтэй хүлэмжийн хий юм. Метан хий нь байгалийн хийг бүрдүүлэгч үндсэн хэсэг бөгөөд эрчим хүчинд хувиргаж болдгоороо бусад хүлэмжийн хийгээс ялгаатай. Метан хийн ялгарлыг бууруулах нь хүлэмжийн хийг бууруулах зардал багатай арга гэж тооцогддог. Газрын тосны газар 2004 онд Нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийх, бүтээгдэхүүн хуваах гэрээг Сторм Кат, Энержи компанитай байгуулж байсан юм. Харин нүүрсний уурхайн метан хийн  хайгуул ашиглалтын талаар ийм төрлийн гэрээ хэлцэл хийгдэж байгаагүй ч Ашигт малтмалын газрын  мэдээлснээр  нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь өөрсдийн тусгай зөвшөөрлийн талбайд  зөвхөн нүүрсний нөөцийг үнэлээд зогсохгүй  нүүрсний давхарга, болон ойр орчмын үе давхрагад агуулагдах метан хийн нөөцөд үнэлгээ хийх заалтууд байдаг юм билээ. Ашигт малтмалын болон Газрын тосны тухай хууль шинэчлэгдэж байгаа. Шинэ хуульд эдгээр асуудал тусна гэж найдаж байна. 

-Хэрэв метан хийг нөөц баялаг гэж үзвэл эзэмшлийн асуудал гарч ирэх байх. Бусад улс оронд яаж зохицуулдаг юм бэ?

-Энэ бол маш чухал асуудал. Манайх шиг нэг уурхайд олон эзэмшигч байгаа нөхцөлд нүүрсний хийн эзэмшлийн асуудал бүүр чухал. Хятад, Украйн, Мексик, Герман зэрэг орнуудад ашигт малтмалын нөөц баялаг  түүний дотор нүүрсний уурхайн  метан хийн нөөцийг Засгийн газар эзэмшдэг. Австралид бол төр болон муж улс нь эзэмшиж, Харин АНУ, Канадад муж улсын болон хувийн өмчлөлд байдаг. Тухайлбал Хятад улсад нүүрс болон нүүрсний давхаргын метан хийг ашиглах тусгай зөвшөөрлийг тус тусад нь олгох боловч давхардуулж олгож болдог. Олон улсын туршлагаас харахад Нүүрсний давхаргын метан хий, Нүүрсний уурхайн метан хийн эзэмшлийн тодорхой дүрэм байхгүй, ялангуяа нүүрс болон байгалийн хийн лиценз давхардаж байгаагаас үүдсэн зөрчил маргаан их юм билээ. Нүүрсний уурхайн метан хийн төсөл хэрэгжүүлэхэд нүүрсний уурхайн оролцоо шаардлагатай байдаг. Нүүрс­ний уурхайнууд ч ийм төслийг ихэвчлэн санаачилдаг. Нүүрс­ний уурхайн метан хийн хайгуул, төсөл боловс­руулахад Украйн, Герман зэрэг улсуудын адил нүүрсний уурхайнуудад нэн тэргүүний ач холбогдол өгөх нь эзэмшлийн асуудлыг шийдэх, хамгийн чухал арга.

-Тухайн уурхайн метан хийг ашиглаж эрчим хүч үйлвэрлэх талаар Олон улсын ямар туршлага байдаг вэ?

-2006 онд АНУ-ын Байгаль хамгаалах агентлагийн дэмжлэгтэйгээр Америкийн Катерпиллар компани, БНХАУ-ын Сихэ уурхайд эрчим хүчний генероторын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгуулсан. Энэ уурхай бол нүүрсний давхаргын метаны эрчим хүчний дэлхийн хамгийн том станцын төсөл юм. Сихэ уурхайн төсөл нь нүүрсний давхаргын метаныг хэрэглэж болохуйц энергийн эх үүсвэр болохыг үзүүлсэн амжилттай жишээ. Дэлхийн метаны санаа­чилгаар нүүрсний дав­хар­гын метаны хийн  төсөл дэлхийн 16 оронд явдаг. Орхигд­сон уурхайнуудад олон төсөл хэрэгждэг. Шинэ Зеланд, Энэтхэг, Өмнөд африкт нүүрсний уурхайн агааржуулалтад метан гаргах сувгийг суурилуулсан. Италид нөөц нь дууссан уурхайд гадагшлуулах төхөөрөмжийг сууриулуулан ТЭЗҮ-ийн судалгаа хийж байна. Энэ бүхний үр дүнд агаар мандалд хортой хүлэмжийн хийн хаягдал гаргахыг бууруулж, хаягдал биш харин эрчим хүч болгон ашиглаж байна.  Генераторын иж бүрдлийн тусламжтайгаар нүүрсний давхаргын метаныг багасгах нь уурхай өмчлөгчдийн хувьд орч­ноо бохирдуулахгүйгээр хөрөнгө оруулалтаас үр ашиг олж авах боломж олгож байгаа.

Нарийн сухайтын уурхайн метан хийг тодорхойлох өрөмдлөг

-Энэ талаар Монголд юу хийх боломжтой вэ? 

-Монголд нүүрсний уур­хайн метаны агуулгыг тодорхойлох хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт уурхайгаас нүүрс олборлох явцад тодорхой хэмжээний метан хий ялгарч байдаг. Олборлолт нэмэгдэхийн хэрээр метаны ялгарал улам ихсэнэ. Энэ метаныг ашигласнаар агаарт метан дэгдэхгүй. Улмаар хүлэмжийн хий багасна. Нүүрсний уурхайн метаны агуулгыг нарийвчлан тодорхойлсноор  хүлэмжийн хийн тооллогын чанар сайжирна. Мөн улсын хэмжээнд метаны нөөцийг тогтоох боломжтой болох юм. Метан бол эрин зууны түлш гэж тооцогддог. Нөөц маш ихтэй. Монголд нүүрс олборлох явцад уурхайгаас их хэмжээний метан ялгарч ашиггүй хаягдаж байна. Манай том хотууд, аймгийн төвүүдэд барилга орон сууцыг халаах зорилгоор  түүхий нүүрс шатааж, агаар орчныг их хэмжээгээр бохирдуулж байна. Түүхий нүүрсний оронд метаныг хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй арга байж болно. Хийн түлш хэрэглэдэг зуухнуудын үр ашиг нүүрсний зуухнаас ямагт өндөр байдаг. Метаны дулаан гаргах чадвар нүүрснийхээс 2,5 дахин их. Олборлолт ба түгээлтийн зардал хямд байдаг онцлогтой. Гүний уурхайг аюулгүй ашиглахын өмнө тэнд байгаа метан хийг сорж гаргах ёстой. Иймд метан хийн нөөц, түүнээс ялгаран гарах хүлэмжийн хийг тооцох ажлыг цаашид  улам эрчимжүүлж, энэ талаархи хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх шаардлагатай байна. 

Эцэст нь нүүрсний уурхайн метан хийг олзворлох, ашиглах асуудлаар дэмжлэг, тусламж үзүүлж байгаа АНУ-ын Засгийн газар тухайлбал Байгаль хамгаалах агентлагт гүн талархал илэрхийлье. 

Б.Эгшиглэн


Онцлох нийтлэлүүд