ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2016.03.11 08:03

Монголын сэтгүүлчид олон баяр тэмдэглэх тусмаа үнэ цэнээ алдана

Гуравдугаар сарын 6-нд Монголд үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 103 жилийн ойн өдөр тохиож баяраа тэмдэглэв. Удахгүй тавдугаар сарын 3-нд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болж манай салбарынхан бас баярлана. Хоёр оны зааг буюу шинэ жилээр МСНЭ-ээс шилдгүүдээ бас тодруулдаг. Бүр дотор нь сонинынхон, телевизийнхэн, “сайт”-ынхан... гэж ирээд тус бүрдээ шилдгүүдээ шалгаруулж, нийгэмд цацдаг нь сэтгүүл зүйн салбарын бас нэг том баяр мэт харагддаг (угтаа бол шинэ жилээр бүх л салбарынхан шилдгүүдээ тодруулдаг ч манай салбарынхан илүү тодордог нь мэргэжлийн онцлог). Үнэн хэрэгтээ манай салбарынхны энэ олон баяр салбартаа сайныг ерөөсөө авчрахгүй байна. Бүр эсрэгээрээ, “Энэ муу сэтгүүлчид одоо юу вэ...” гэж ирээд, элдвээр зүхүүлэх өдрийнхөө тоог л нэмж байна. Уг нь бол аливаа баярын өдөр тухайн салбарынхан нийгэм дэх үнэ цэн, нэр хүндээ өсгөж, алдаа оноогоо дүгнэж, амжилттай яваа нэгнээ урамшуулж, бусад нь түүнээсээ үлгэр авсан, нар гийсэн өдөр байдаг. Харин сэтгүүлчдийн хувьд бол эдгээр баярын өдрүүд нь муу муухайгаа дуудуулсан, элдвээр зүхүүлсэн, бараан өдрүүд байх боллоо. Ойрын хоёр өдрийн сошиал ертөнцийг харж байхад сэтгүүл зүйг элдэв муу үгээр цоллосон өдөр болов.

Иймдээ хүрсэн эцсийн шалтгаан нь сэтгүүл зүйн баяр хэт олон болсонтой шууд холбоотой. Аливаа салбарын баярын өдөр нь жилдээ ганц удаа, тэгээд жинтэй, даацтай байх нь нийгмийн сэтгэл зүйд үнэ цэнтэй тусч, үнэт зүйлтэй харагдуулдаг. Бусад салбарынхныг бодвол сэтгүүлчийн хөдөлмөр нийгэмд өдөр тутам ил харагддаг. Үг үйлдэл бүр нь тэр дороо ард түмний сэтгэл зүйд хүрдэг. Ард түмэн үнэлэлт дүгнэлтээ тэр дор нь өгдөг. Маш хурдтайгаар үнэлэмжээ авдаг салбар. Бас нэг онцлог нь сэтгүүлчийн хөдөлмөрийн алдааг нийгэм илүүтэй ярьдаг. Оноотой талыг нь бараг ярьдаггүй. Жишээ нь “Өдрийн сонин”-ы редакциас томилогдсон сэтгүүлчдийн баг долоон өдөр ажиллаж, гурван цуврал нийтлэл гаргасны үр дүнд нийслэлээс 200 сая төгрөг гаргаж Улаанбаатарын бүх таггүй траншейг тагтай болгосон амжилтын тухай хэн ч сошиалд бичдэггүй. Та бидний үр хүүхэд, өвгөд хөгшид, ер нь бүгдээрээ өвлийн хүйтэнд нүхэнд унах аюулаас аврагдахад тухайн сэтгүүлч ямар их хөдөлмөр гаргасныг хэн ч үнэлж, сайшааж ярьдаггүй юм. Харин ч эсрэгээрээ шүүмжилсэн хүмүүсийг өмөөрч “Энэ муу сэтгүүлчид ингээд л хүнийг элдвээр муулж бичдэг юм” гээд зүхэж суудаг. Гэтэл тэр сэтгүүлч “Хонгор жаахан охины амийг хотын дарга таниас нэхнэ” хэмээн хатуу үгийг хайр найргүй бичиж, холбогдох албан тушаалтнуудыг бараг хэрэгт холбогдуулна шүү гэж заналхийлж байж тэр олон үхлийн нүхийг таглуулж байгаа юм шүү дээ. Өнөөдрийн Монголын сэтгүүлчдийн хөдөлмөрийн үр дүн хатуу үгэн дээр тогтож байж гардаг. Тийм л цаг үедээ явж байна. Сэтгүүлчдийн хөдөлмөрийн мөн чанар ийм хатуу ч ариун цагаан, цаг ямагт хүний сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө байдаг. Үүнийгээ харин бид нийгэмд ойлгуулж чадахгүй явна. Ойлгуулдаг ганц сайхан өдөртэй байя гэсэндээ энэ олон баярыг үгүйсгэж байна, олон шагнал урамшилтай баймааргүй байна.

Тэгэхээр аль нэг өдрийг нь сонгож, түүндээ ач холбогдол өгч, жинхэнэ шилдгүүдээ шалгаруулж, шагнал урамшууллыг нь өгсөн шиг өгч, бүх мэдээллийн сувгууд нэгэн дуугаар ажил үйлсийг нь алдаршуулж, тэр өдөр Монгол орон зөвхөн сэтгүүл зүйгээр амьсгалдаг болъё. Тийм боломж, нөөц, бяр чадал сэтгүүл зүйнхэнд харин ч нэг бий дээ. Ингэснээр сэтгүүлчдийн нэр хүнд өснө. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын үнэ цэн өндөрсөнө. Хүн гэдэг амьтан дэргэд байгаа гайхамшгаа анзаардаггүй гэдэг. Монголын нийгэмд түүхэн үүрэг гүйцэтгэж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэдгээрийн удирдагчид, бүр түүхэн үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгэсээр яваа сэтгүүлч нөхөд минь та бидний дэргэд байсаар байна. Та бид тэднийгээ мэдэхийг, мэдрэхийг хүсэхгүй байна. Та бид өөрсдөө л мэргэжлийнхээ нэр хүндийг хайрлан хамгаалж, нийгэмд өсгөж чадна. Өөр хэн ч биш.

Удахгүй бид тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөө бас тэмдэглэнэ. Тэгээд нийгэмд баахан зүхүүлэх байх даа. Уг нь бол нийгэмд муу муухайгаар зүхүүлэх хөдөлмөрийг сэтгүүлчид эрхэлж байгаа биш шүү дээ. Харин чиг өдөр бүр ард түмнээс баярлалаа гэсэн үгийг сонсохоор тийм гайхамшигтай ажил үйлсийг эрхэлж байгаа. Үүнийгээ л нийгэмд нэвт ойлгуулсан баярын ганц сайхан өдөртэй болъё. Өнөөдрийн энэ олон баяр Монголын сэтгүүл зүйд олдохоороо өлдөнө гэдгийн хор уршгийг ойлгуулж байна.

Онцлох нийтлэлүүд