ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.04.18 09:04

Монголын төр дэх шашны нөлөө нүд халтирмаар болоод удлаа

Хөгжил дэвшил болоод хүчирхэг байдлаараа дэлхийд тэргүүлдэг Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үе шат энэ сарын 23-нд товлогджээ. Ерөнхийлөгч болохоор 11 хүн өрсөлдөж буй ч рейтинг нь хамгийн өндөр яваа гурван хүний нэрийг онцлоод эхэлсэн байна. Үндэсний фронтын намын анхны тэргүүн Жан Мари Ле Пений охин Марин болон 39 настай банкир Эммануэль Макрон, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Франсуа Фийон нараас хоёр нь дараагийн шатанд өрсөлдөх магадлал өндөр гэх. Энэ дашрамд өгүүлэхэд Францын сонгуулийн систем хоёр үе шаттай. Эхний шат дөрөвдүгээр сарын 23-нд болно. Нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авбал шууд ялалт байгуулсанд тооцно. Үгүй бол хоёрдугаар шатны санал хураалтыг зохион байгуулж, хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийн төлөө санал өгнө. Хоёр дахь шат тавдугаар сарын эхээр товлогджээ. Франц бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл нь давуу бүгд найрамдах засагтай, ардчилсан улс. Ерөнхийлөгч нь хоёр танхимтай Улсын их хурлаа тараах, дахин сонгууль зарлах эрхтэй. Ерөнхий сайдаа өөрөө санал оруулж батлуулдаг гээд маш их эрх мэдэлтэй юм. Их наймын орнуудын нэг, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй энэ орны Ерөнхийлөгчийн сонгуулийг дэлхийн улс төрийн өнгийг өөрчлөх сонгуулийн нэг хэмээн олон улсад онцолж байна.

Яагаад Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд дурдах болов гэхээр манайд туйлын хэрэгтэй нэгэн зүйл заалт тэндхийн сонгуулийн хуульд байдаг юм байна. Францын Ерөнхийлөгч болохоор нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчээс сонгуулийн өмнө байгалийн шинжлэх ухаан буюу тоо, физик, астраноми, генетик, анагаах ухааны шалгалт авдаг бөгөөд салбар салбартаа тэргүүлдэг эрдэмтэн мэргэд шалгалтын комисст ордог аж. Учиргүй тэгшитгэл тэнцэтгэл бодуулдаггүй юм гэхэд дээрх шинжлэх ухааны сүүлийн үеийн гол нээлтүүд, хувь хүний шинжлэх ухааны ерөнхий ойлголт мэдлэг, хандлага зэргийг нь дэнсэлж шинжилдэг байх нь. Зэрвэсхэн харах хүнд энэ мэдээлэл инээдтэй санагдаж мэдэх юм. Арван жилийн хүүхэд байгаа биш, их дээд сургуулийн элсэлтийн шалгалт юм уу гэж бодогдож ч мэднэ. Гэтэл үнэндээ энд төр засгийг шинжлэх ухаанаар удирдах хамгийн гол философи оршиж байгаа нь гайхалтай юм. Улс хүчирхэг, алсын хараатай, иргэд нь баян цатгалан, хүн төрөлхтний хүсэл болсон аз жаргалтай нийгэм бий болгоход шинжлэх ухааныг шүтэж, хөгжүүлж, амьдралдаа хэрэгжүүлж байх ёстой гэдгийг францчууд хэтэрхий сайн мэддэг учраас ийм шалтгалт авдаг бололтой. Мэдээж, сонгогчид нь ч шалгалтаар хэн ямар дүн авав гэдгийг анзаарч хардаг, сонголт хийхдээ нэг үзүүлэлт болгодог биз. Энэ бол тун хэрэгтэй зүйл бөгөөд Монголын бүх шатны сонгуулийн хууль болоод төрийн албаны тухай хуульд нутагшуулан суулгаж өгөлтэй санагдана. Ер нь орчин цагийн соёлт хүн төрөлхтөн төрийг шашнаас хол байлгах, шашны ямар нэгэн зүйл төрд орчих вий гэдгээс маш их болгоомжилж байна. Үүний нэг жишээ Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс авдаг дээрх шалгалтууд юм. Бидний сайн мэдэх солонгосчууд ч Ерөнхийлөгчөө удганаас зөвлөгөө авдаг байсан гэх шалтгаанаар огцруулаад шоронд хорьж орхилоо.

Гэтэл манайд бол эсрэгээрээ үйл явдал өрнөдөг. Бөө удган, үзмэрч гээд есөн шидийн фанатууд төрийн толгойд гараад ирж байна. Лам багшийнхаа хэлсэн үгнээс гардаггүй өчүүхэн сэтгэлгээтэй хүмүүс Монголын төрд олноороо гарчээ. Албан бичгийнх нь дугаар ээлтэй тоогоор төгсөөгүй байна, ажил эхлэхэд муу өдөр гэх зэрэг шалтгаанаар төрийн сайд нь ажлаа хийхгүй арц уугиулаад хэвтчихдэг. Цагаан сараар том жижиг гэлтгүй бүх дарга нар манай улс хөгжөөсэй гэж мандал өргөдөг, хишиг буян хайрлаарай гэж хээрийн уул овоо тахидаг, улсын сан хариуцсан яам нь мөнгө арвижуулахын тулд бумбаны тахилга ивээн тэтгэдэг гээд шашны мяндагтнууд төрийн толгойд гарчихав уу гэмээр үйл явдал өдөр шөнөгүй өрнөж байх юм.

Монголын төрд бөөгийн, бурхны, христийн, лалын гээд бүхий л шашны төлөөлөгчид гарч, өөр хоорондоо өрсөлдөж байгаа. Хэт шашинжсан, мухар сүсгийн төөрөгдөлд орсон дарга нар Монголыг маань яаж хөгжүүлэх вэ дээ. Ном уншуулж, уул овоо тахиснаар хөгждөг бол өнөөдөр бид дэлхийд дампуурлаа зарлах дээрээ тулчихаагүй сууж байхсан. Олон улсын валютын сангийн тусламж хөтөлбөрийг авахаар гуйж байж энэ удаа хөл дээрээ дүүжигнэж үлдлээ. Олон улсын валютын сангаас хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд төрийн үрэлгэн дэмий зардлуудаа багасга гэж шаардахад эрх баригчид ард түмнээс авах татваруудаа чинээнд нь тултал нэмэхээр зүтгэж байна. Ингээд зогссонгүй, дарга сайд нар өөрсдийнхөө тансаглах төсвийг хэдэн зуун тэрбумаар нь нэмчихсэн яваа.

Өөр бас нэг зүйлийг уншигч та анзаардаг уу. Шинээр баригдах эмнэлэг, үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолбор гээд томхон бүтээн байгуулалтын өмнө хийдэг шав тавих ёслолыг. Яг оршуулгын зан үйл мэт газар ухаж цай булж, сүү өргөөд баахан лам нар ном уншиж, хонх дамар тачигнуулдаг. Талийгаачийн оршуулга бил үү гэж андуурагдам адилхан. Иймэрхүү байдлаар шав тавьсан газар бүтээн байгуулалт өрнөж, үйлдвэр, эмнэлэг боссоныг мэдэхгүй юм. Шашны зан үйл үйлдэхийн тулд тэр хүртэл очсон олон дарга нарын машины бензин, лам нарын уншлага үйлдсэн хөлс, газар ухсан эксковаторын мөнгө гээд хий хоосон мөнгө гарлагадаад л гүйцээ. Хамгийн аймшигтай нь төрийн бүх шатанд шашны зан үйл энэ мэт давтагдсаар одоо бүр уламжлал, хэм хэмжээ, зайлшгүй байх ёстой зүйл мэт болжээ.

Байдал ийм байгаа болохоор Сонгуулийн хуульдаа нэр дэвшигчдээс байгалийн шинжлэх ухааны чиглэлээр шалгалт авдаг зүйл заалт нэммээр байна. Төрийн албаны тухай хуульд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гишүүдээс эхлээд төрийн бүх шатны албан хаагчид шашны холбогдолтой зан үйл хийхийг хатуу хориглох тодорхой заалтууд оруулмаар байна. Ядахнаа, дэлхий бөөрөнхий, энэ дэлхийд физикийн хууль үйлчилдэг болохоос илбэ жатгын хүч үйлчилдэггүй гэсэн ойлголттой “аваргуудыг” төрд гаргамаар байх юм. Тэгэхгүй бол овоо тахиж, лүүжин тавьснаа асар их ажил хийчихсэн мэт үнэн сэтгэлээсээ итгэгсэд жинхэнэ бүтээн байгуулалт өрнүүлж, ажил хийхээ больчихоод удаж байна. Шинжлэх ухааны ололт амжилтыг соргогоор хүлээн авч ажил, амьдралдаа нэвтрүүлэн, өдөр шөнөгүй үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөж, ажиллаж байж л улс орон хөгждөг, баялаг бүтээдэг гэдгийг ойлгож мэддэг хүмүүсийг дэмжиж, улс орноо удирдуулах хэрэгтэй болжээ. Ингэж төр шашныг зааглаж, шинжлэх ухааны мэдлэг, боловсролтой хүмүүсийг төрд гаргаж, тэр зүгийн салхи оруулахгүй бол Монголын төр дэх шашны нөлөө нүд халтирмаар болоод удлаа. Тун удахгүй шашин төрийг хослон баригч гэсэн нэр томьёо, албан тушаал гараад ирэх нь. Үүний нэг илрэл нь 10 дугаар богдыг тодруулах гэх асар олон сая ам.долларын хахууль, шантай энэ өвлийн хэрэг явдал юм.

"Шашин бол нийгмийг мунхруулагч хар тамхи мөн" гэж К.Маркс зүгээр ч нэг хэлээгүй бололтой.

Онцлох нийтлэлүүд