ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.07.29 08:07

Монголын төр дээрэмд гаршиж байна

Зах зээл, ардчиллын нийгэмд Монголын төр иргэдээ дээрэмдэх боллоо. Төр иргэдээ дээрэмдэж байгаа жишээ бидний нүдэн дээр байнга давтагдах болсон учраас сүүлийн хэдэн жишээг онцолж хэлье.

Батаарын ясыг байлгах байр хэрэгтэй болсон учраас хуучнаар Лениний музейг олон нийтийн байгууллагаас төр булаан авч музей байгуулав. Хувьчлаад намын өмч болчихсон тэр байрыг хуулиар далайлгаж байгаад авч дөнгөсөн. Өчнөөн олон хүн тэнд ажиллаж, амьдралаа залгуулдаг байсан энэ тэр бол төрд огт хамаагүй. Хамгийн гол нь Батаар байртай болж, төр өмчийнхөө тоог нэмлээ.

Шог зураач С.Цогтбаяр нарын 30-аад айлын гараашийг нурааж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт бид мэдээлсэн. Хүмүүс амралт зугаалганд ид явсан зуны энэ өдрүүдэд хэл ам бага гарна гэж бодсон уу, гэнэт л гараашуудыг нурааж, дотор нь байсан машиныг журмын хашаанд аваачсан гэнэ. Гарааш нурааж байгаа энэ үйлдэл их олон айлд давтагдаж байгаа бөгөөд хувь хүний эд хөрөнгийг төрийн нэр барин юу ч биш болгон хаяж байгаа талаар иргэд гомдоллож байна.

Автобусны буудал байдаг ТҮЦ-үүдийг ч мөн адил арчиж алга болгосон. Тэнд ажиллаж, гэр орноо тэжээж байсан хүмүүс одоо ажилгүйчүүдийн эгнээнд орсон. Эдийн засгийн хүндрэл ажилгүй, орлого багатай айлын амьдралд хамгийн хүндээр тусч байгаа нь төрд огт хамаагүй.

Бас нэгэн шуугиан тарьсан зүйл бол “Номин”-гийн Ш.Баярсайханаас төр байраа авч байгаа мэдээлэл. Төрийн тусгай хамгаалалтад байдаг байрыг “Номин” хэдэн жилийн гэрээгээр ашиглаж байсан ч хугацаа нь дуусаагүй байхад гэнэт л буцаан авах болжээ. “Төр өмчөө мэдэж байна” гэж Төрийн тусгай хамгаалалтын албаныхан хэвлэлийн хурал хийж мэдэгдэв. Энэ тохиолдолд төр биш гэрээний дагуу л бүгд зохицуулагдах ёстой. Хоёр тал хуулийн дагуу байгуулаад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэрээ яахаараа гэнэт хугацаанаасаа өмнө хүчингүй болдог билээ. Тэгээд ч төрийн тусгай хамгаалалтынхан өмч хөрөнгө булаацалдаад явах нь хэр зохилтой вэ. Төрийн өмчийг Төрийн өмчийн хороо л мэддэг баймаар.

Хэвлэлийн хурлын үеэр “Номин”-гийн Баярсайхан захирлыг тэд их муулж байна лээ. “Номин”-гийн эзэн нь их шуналтай, баян мөртлөө улам их завших гэлээ. Байранд хийсэн завсар, хөрөнгө оруулалт нь баталгаажаагүй учраас түүнийг нь хүчингүйд тооцно гэж төр уурласан. Арайтай л “Авлигатай тэмцэх газартаа өгч, хоёр жил шоронд хатаагаад, хорт хавдартай болгоод хаячихна шүү” гэсэнгүй.

Төрийн тусгай албаныхан хэвлэлийн бага хурал зарлаж, ийм мэдээлэл хийнэ гэдэг цаанаа асар хортой юм. Тэд хуучин цагийн социализмын ногоон малгайтнуудын хийдэг үйлдлийг давтав. Компанийн захирлыг “баян, муухай шуналтай” гэх мэтээр нийтэд пиардаж бааллаа. Эцэст нь ийм муухай хүнээс төр байраа авч байгаа юм хэмээн ард түмэнд ойлгуулахыг хичээжээ. Энэ мэдээлэл тэр өдөржингөө бүхий л телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр давтамжтай цацагдсан билээ.

Үр дүнд нь “энэ яасан ханаж цаддаггүй баян бэ. Төр юмыг нь хураагаад байгаасай” гэж ард түмэн хүсдэг. Хэн ч компанийн захирлыг өмөөрдөггүй. Цахим сайтад гарсан иймэрхүү мэдээллийн дор “Бүх хөрөнгийг нь хураа. Яасан цөөн жил хорихоор болсон юм бэ, муусайн баячуудыг” гэсэн сэтгэгдэл давамгай байдаг шүү дээ. Төрийн пиар ард түмний тархийг ингэж л угаадаг юм.

Үнэндээ төрийн өмч гэж юу байхав. Тухайн үед төрд ажиллаж байгаа хэдэн хүний ашиг сонирхол бөгөөд тэд л хожиж байгаа хэрэг.

“Номин”-гийн Ш.Баяр­сайхан баян учраас гэрээтэй гэрээгүй байраа суллаж өгөх ёстой гэсэн байдлаар өнөөдөр бид хандах л юм бол цаашдаа Монголын хөрөнгөтэй хүн бүхэнд ингэж тулгах болно. Монголын баян гэсэн болгоны хөрөнгийг хурааж, гэрээг нь цуцалж эхэлнэ. Баячуудаа үгүй хийж аваад дундаж давхаргынхандаа халдана. Дундажуудаа дуусахаар ядуусаа хоморголон баривчилдаг гашуун түүхийг бид мэднэ.

Хэн нэгний эрх ашгийн төлөө өөр нэгнийг хохирооно гэдэг социализмд л байдаг. Бид сүүлийн жилүүдэд ардчиллаасаа алхам алхмаар ухраад байх юм. Ардчилсан намынхаан, та нарт дээрх шиг жишээ арай олон давтагдаад байгаа юм биш үү.


Онцлох нийтлэлүүд