ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.03.30 08:03

Монголын шүүгч дөрвөн орон сууцны нормтой юм болов уу

УИХ-ын гишүүн Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “.....Зарим шүүгчийн дансанд сая ам.доллар байсан шүү. Хэдхэн жилийн өмнө шүү дээ. Эхнэр, хүүхэд нь нотариат ажиллуулдаг. Нотариатын орлогоос сая.ам доллартай болсон гэж байгаа юм. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая байна. Өөрийнх нь дансанд сая.ам доллар байна. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм. Өнөөдөр Захиргааны хэргийн шүүх дээр илт хууль бус эвлэрлийг баталдаг шүүгч маш олон байна. Маргааш магадгүй, намайг энийг ярилаа гээд ШЕЗ-өөс мэдэгдэл хийгээд Захиргааны хэргийн шүүхийнхэн хүн гүтгэсэн гэдгээр шалгуулж болно. Ийм тохиолдолд би баримт гаргана” гэж ярьсан билээ. Мөн сая ам.доллартай өнөөх шүүгч нь шалгагдаад эхэлмэгцээ ажлаа өгсөн гэж ирээд л ярьсан. Үнэхээр ч түүний хэлсэн ёсоор болж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уг ярилцлагын маргааш нь л УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн. Шаардлагад “....Хууль сахиулах, авлигатай тэмцэх байгууллага, прокурорт уг баримтаа өгч шалгуулах, хэрэв мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол шүүхийн шүүн таслах ажлын нэр хүнд, шүүгчийн нэр төрд халдсан үйлдэлдээ уг мэдээллийг түгээсэн арга хэлбэрээр уучлал гуй” гэсэн байв. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл энэ бүхний дараа бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд ил болгов. Ингээд шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлэг ил болж, олон нийт энэ талаар шаагиад эхлэх нь тэр.

Хэдэн жилийн өмнө хэл амтайхан баталж байсан шүүгчдийн цалин нэмэгдээд дунджаар гурван сая төгрөг болсон. Шүүх засаглал шударга хараат бус байх, авлига хээл хахуулиас ангид байх ёстой хэмээн амьдралд нь хүрэлцэхүйц боломжийн цалин өгөх хэрэгтэй гэж үзсэнээс ийн УИХ тэдний цалинг нэмж, баталсан билээ. Ажилласан жилийн нэмэгдэл зэрэг ороод зарим шүүгч нь гурван саяас илүү ч авдаг юм байна. Гэвч хөрөнгө орлогын мэдүүлэгт өнөөх хараат бус байдлаа баталгаажуулмаар байна гэж цалингаа нэмүүлсэн шүүгчид чамгүй баян, олон зуун саяын хадгаламжтай, үл хөдлөх хөрөнгө нь нэгээр тогтохгүй нь ойлгомжтой боллоо. Үүний дараа Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичиг илгээв. Х.Нямбаатар гишүүний ярьсан шат шатны шүүгчдийн авдаг авлига гэх тоог дурдаад өөрөөр хэлбэл анхан шатны шүүгч 50 мянган ам.доллар, давж заалдах шатных 100 мянган ам.доллар, хяналтын шатных 200 мянган ам.доллар авдаг ханш тогтоосон байна гэж хэлсэн нь шүүхийг болон шүүгчийн нэр хүндэд халдаж, шийдвэрлэсэн болон шийдвэрлэж буй хэргийн өмнөөс тэднийг гүтгэж, шүүхийн хараат бус байдалд шууд болон шууд бус байдлаар нөлөөлж Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчлөө. ...Иймд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн шүүгчийн хараат бус байдлыг хангах үндсэн үүргийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын зохих баримттай үйлдлийг эрх бүхий байгууллагад уламжлан шалгуулах, цаашид давтагдахгүй байхад анхаарах, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг авч энэ талаарх хариуг ирүүлнэ үү” гэжээ. Х.Нямбаатар гишүүн энэ бүхэнд бас л хариу өгөв. Тэрээр “УИХ-ын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаарх хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой. Миний бие нэвтрүүлэгт оролцон олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож, хууль сахиулах байгууллага, Авлигатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэсэн юм.

Шүүгчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, тэдний олон байр, Х.Нямбаатар гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүхийн хооронд бичиг цаас шидэлцсэн шуугиан өнгөрсөн долоо хоногт яах аргагүй анхаарал татсан. АТГ-т хөрөнгө орлогоо бүх шатны шүүгч мэдүүлдэг ч Дээд шүүхийн шүүгчдийнх олон нийтэд ил болдог. Харин анхан, давж заалдах шатны шүүгчдийнхийг нийтэд ил зарладаггүй байж. Авлигын эсрэг хуулийн 14.2-т зааснаар бусад албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байна гэж заасан байдаг. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга “ Шүүгч, прокурорын хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд зарлаад байдаггүй. Шаардлагатай бол ил гаргаж тавьдаг “ гэж ярьсан.

Шүүгчдийн цалин нэг хүнийх дунджаар гурван сая гэвэл жилд гуч гаруй сая төгрөг авч таарах нь. Монголд, төрийн албаныхны авдаг цалинтай харьцуулахад чамгүй өндөр цалин. Мэдээж өөрсдөө бөглөж өгдгийг бодоход худлаа биш байж таарна. Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харахад нь шүүгч нараас нэг байртай хүн ганц нэгхэн л харагдах юм. За тэгээд нэг хүн нөгөө айхтар үнэтэй машинуудыг марк маркаар нь цуглуулсан нь ч байна. Харин ихэнх нь 2-4 байртай гэж мэдүүлсэн байх юм. Энэ мэдүүлгийг нь хараад шүүгчид дөрвөн орон сууцтай байх нормтой юмуу гэж ярьцгааж байна. Угтаа норма гэж хэв хэмжээ гэсэн утгатай орос үг л дээ. Монголчлоод хэрэглэж заншсанаар нь энд бичлээ. Хүнд хортой нөхцөлтэй зарим байгууллага ажилчдадаа тогтсон хугацаанд тогтсон хэмжээний сүү өгдөг. Үүнийг ажилчид нь нормын сүү гэж ярьцгаадаг. Мөн дүрэмт хувцастай байгууллагууд тодорхой хугацаанд ажиллагсдадаа хувцас олгодгийг нормын хувцас гээд хэлээд заншчихсан. Тэрэн шиг шүүгчид маань нормын байртай юм биш биз гэж л тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг харсан хүмүүс уулга алдаад байгаа хэрэг. Ерөнхийдөө шүүгчид дөрвөн байртай байх хэмжээ тогтоочихсон мэт хөрөнгө орлогын мэдүүлгээс нь ойлгогдоод байгаа юм. Яагаад шүүгчид ийм олон байртай байдаг болчихов. Монголд 120 мянган төрийн албан хаагч байдаг. Хэрэв нормтой юм бол тэд ч бас адилхан нормын байр авах ёстой болж таарна.

Монгол хүний онцлог уу, байр их чухал юм байна гэсэн ойлголтоор цуглуулгатай болчихов уу. Эсвэл элдэв нөлөөллөөр байр авахад ямар ч хориглодоггүй хуулийн заалттай хэрэг үү. Авлигад байр авч болдог хуулийн цоорхой байна уу гэж хүртэл бодогдох юм. Эндээс харахад барилга байртай холбоотой хэрэг маргаан их гардаг юм байна гэсэн сэжиг таамаг шууд л төрөөд явчихлаа. Эсвэл барилгын шугам сүлжээ, цахилгаан, аюулгүй байдал гээд гомдол шүүхээр тасардаггүй байх. Оршин суугчид гомдол гаргахаар тухайн барилгын компаниас нь шүүгч авлигад байр авчихдаг юм болов уу. Эс бөгөөс барилгын компани өрсөлдөгчөө шүүхэд өг гэж шүүгч нар захиалдаг хэрэг үү. Энэ олон байрнаас болж элдвийн л хар сэр төрөх юм. Ямартаа ч шүүгчид яалт ч үгүй олон байртай юм байна. Шүүхийнхэнд байр өгдөг ямар нэг асуудал байна. Хуулийн цоорхой юу, их хэмжээний мөнгө банкинд байршуулснаас энэ нь арай хал балгүй байдаг юм болов уу гээд л олон нийт таамаг дэвшүүлсээр байна. Түүнээс биш жилд авдаг 36 сая төгрөгөөр шүүгч тус бүр дөрвөн өрөө байр аваад байна ч гэж юу байхав. Нэг өрөө байр авахад хүрч болох ч хоол унд хувцас, бензин, сургалтын төлбөр ер нь юунд ч зарцуулахгүй бүсээ чангалж байж л нэг өрөө байр авах байх.

Тэгэхээр нэг л учир байна. Хэрэв барилгын компаниуд шүүхээр шийдэгдсэн асуудлаа шийдүүлэх гэж байр өгсөн бол шударгаар хүлээе. Авлигад өгсөн зүйлийг нь буцаагаад авчихдаг болъё. Хэрэг биш юмыг хэрэг болгож байгаад байр авдаг юм биш биз. Үгүй бол шүүгчээр дарамтлуулж тэдэнд байр өгсөн бол өгснийг нь шийтгэхээ болимоор юм. Авлига авсан өгсөн хоёулаа шийтгүүлэхээр яаж авлига илрэх вэ дээ. Авсныг нь шийтгэдэг хуультай болъё. Өгсөн хүн ажлаа хурдан бүтээх гээд арга ядаад өгсөн байж таарна шүү дээ. Түүнээс илүүдээ гарсан юм гэж хаана байхав дээ. Ямар ч байсан Х.Нямбаатар гишүүний ярианаас үүдэлтэй энэ асуудал шалгагдаж, нэг тийш болох биз ээ. Тэр үед шүүгчдийн нормын гэмээр энэ олон байр, их хадгаламж, орлогын учир тайлагдах л учиртай.

Б.ДОНРОВ

Онцлох нийтлэлүүд