ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2017.09.27 11:09

Монголын эдийн засгийн өсөлт 2017 онд дөрвөн хувьтай байна гэж АХБ таамаглав

Азийн хөгжлийн банкны "Азийн хөгжлийн төлөв 2017" тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд дөрвөн хувь, 2018 онд гурван хувь байна гэж таамаглажээ.

Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол 2017 оны эхний хагаст 5.3 хувиар өссөн. Үүнд нүүрсний экспортын өсөлт болон ОУВС-ийн хөтөлбөр батлагдсан зэрэг нь голлох нөлөө үзүүлсэн тухай мэргэжилтнүүд онцолсон. Тайланд дурдсанаар 2017 оны I хагаст төсвийн орлого 41.1 хувиар өсч, төсвийн зарлага 9.6 хувиар өссөн буюу төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ий 5.8 хувьтай тэнцсэн байна. Харин инфляц оны эхний хагаст гурван хувьтай байсан нь 2016 онд төгрөгийн ханш суларч, импортийн үнэ өндөр байсантай холбоотой гэж Азийн хөгжлийн банкны эдийн засагчид дүгнэжээ. Түүнчлэн түлшний онцгой татвар үнийн өсөлтөд нөлөөлөөгүй учир инфляцийн 2017 оны таамгийг бууруулж тогтоожээ. Оны II хагаст импорт үргэлжлэн өсөх хандлагатай байгаа тул урсгал дансны алдагдлыг 2018 онд 8.5 хувь байхаар тооцоолж, харин инфляц ирэх онд 3.4 хувь байхаар таамаглажээ.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар 2017 оны тавдугаар сард Азийн хөгжлийн банк манай улсад нэн хөнгөлөлттэй зээл болох 1.35 тэрбум ам.долларыг дөрвөн жилийн хугацаатай олгох шийдвэр гарсан. Энэ нь "түншлэлийн стратегийн" хүрээнд хийгдэж байгаа бөгөөд эхний үе шат нийгмийн халамж, банкны салбарын хямралаас сэргийлэх 250 сая ам.долларын санхүүжилтээр эхэлсэн юм. Энэхүү санхүүжилтийн 50 хувь нь төсвийн дэмжлэг хэлбэрээр, үлдсэн 50 хувь нь төсөл хөтөлбөрт зарцуулагдах гэнэ.

Онцлох нийтлэлүүд