ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.06.14 02:06

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо ажилтны эрхийг хохироосон хууль гаргахын эсрэг тэмцэнэ


МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэ: УИХ-аас гаргасан хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд ажилчдын эрх ашгийг боогдуулсан, үндсэн хуулийг зөрчсөн, зарчмын зөрүүтэй 170 саналыг УИХ-ын НББСШУ-ны байранд хүргүүлсний 37 саналыг хэн оруулсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Үүний талаар Монголын үйлдвэрчний эвлэл мэдэгдэл хийлээ.

2019 оны дөрөвдүгээр сарын30-нд МҮЭХ-д ирүүлсэн хуулийн төсөл дээр маш олон ажилчдын эрх ашгийг зөрчиж, тухайн хүний амьдралд сөргөөр нөлөөлөх заалтуудыг хуулийн төсөлд оруулсан байна. Тухайн заалтуудыг МҮЭХ-той тохиролцоогүй, ажилчдын саналыг харгалзалгүй, хэн оруулсан нь мэдэгдэхгүй хулгайгаар оруулсан гэж МҮЭХ үзэж байна. Тухайлбал:

Хөдөлмөрийн тухай хуулиар ээлжийн амралтын хугацааг бүх хүнд 20 хоног болгоно: 20 болон 55 настай хүмүүсийн нөхөн сэргээх хугацаа өөр байх нь ойлгомжтой. Хүний нас дээшлэх тусмаа илүү нөхөн сэргээх хугацаа шаардлагатай болж ачаалал даах чадвар буурдаг нь байгалийн жам. Мөн 20 хоногоос дээш хоног амардаг хүнд салбарт ажилладаг хүмүүсийн эрх ашгийг шууд хөндөж байгаа асуудал юм.

Нууцын гэрээ болон үл өрсөлдөх гэрээ байгуулж ажиллана: Үл өрсөлдөх гэрээ байгуулсан тохиолдолд ажлаас гарвал нэг салбарын өрсөлдөгч байгууллагад 2 жил ажиллахыг хориглоно. Цалин бага байх, хөдөлмөрийн харилцааны хувьд таарахгүй байх гэх мэт маш олон шалтгааны улмаас ажлаас гарч болно. Гэвч ажилчин тухайн мэргэжил эзэмшсэн болохоор тухайн ажлаа хийхгүй өөр ямар ажил хийх вэ? Энэ бол ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн асуудал. Герман улсад ийм хууль байдаг ч ажлаас гараад өрсөлдөгч компанид ажиллахгүй 2 жилийн хугацаанд цалингийн 50 хувийг нөхөн төлбөр болгож өгдөг. Гэтэл манай улсад ямар ч нөхөн төлбөр өгөх заалт оруулаагүй юм.

“Энэ мэт иргэдийн эрх ашгийг боогдуулсан хууль батлагдвал МҮЭХ-ноос бүх нийтийг хамарсан ажил хаялт зохион байгуулж цаашлаад ОУХБ-д хандах хүртэл хатуу тэмцэнэ гэв.

Б.САРУУЛ

Онцлох нийтлэлүүд