ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.17 02:05

Монгол банхрын гөлөг шалгаруулна

Гүнтийн зусланд монгол банхар нохойн 3-6 сартай гөлөгний “Ирээдүйн аварга 2014” тэмцээн эхлэх гэж байна. “Арслан” клубээс зохион байгуулж буй уг тэмцээний үеэр үр төл сайтай, уугуул хэв шинжийг бүрэн агуулсан хөгшин банхруудыг алдаршуулах үйл ажиллагаа болох бөгөөд Монголын нохой судлалын холбооноос удмын бичиг олгох, чип хийх, мал эмнэлгийн үзлэг зэрэг үйл ажиллагаа явагдах аж. Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд оролцох бүх гөлөгний бүртгэлийн хураамжийг “Содон” үржлийн газар даахаар боллоо. Тэмцээнд 3-6 сартай цэвэр цусны монгол банхрын гөлөг оролцох бөгөөд эр, эм хоёр ангиллаар эхний таван байрыг тус тус шалгаруулах юм. Уралдаан зохион байгуулагчид энэ талаар “Монголын нүүдэлчин ардын уламжлалт их өв соёлын салшгүй хэсэг болсон монгол банхар нохой сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг бататган, ирээдүйн аварга болох чанартай, чансаатай гөлгөн нохдыг тодруулах, монгол банхар өсгөн үржүүлэгчдэд урам зориг өгөх зорилгоор тэмцээнийг зохион байгуулж байгаа” хэмээн онцолсон байна.

Онцлох нийтлэлүүд