ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2016.12.16 07:12

Монгол ба америк тамирчны ялгаа

Америк олон муж улстай. Энэ мужаасаа шалгарч гарахын тулд ямар ч тамирчин өөрийнхөө хүч хөлсийг шавхаж, хөрөнгө мөнгөө зарцуулдаг. Тэгж байж нэгдсэн улсынхаа шигшээ багт багтвал сая нэг хангалт эдэлнэ. Бас болоогүй ээ, тогтсон норм стандартыг заавал хангах гээд шалгуур өндөр. Мөн тодорхой хугацаатай. Ер нь спортын төрөлд амжилт гаргах нь хувь хүний амжилт бөгөөд хэдий чинээ амжилт гаргана төдий чинээ алдаршихын зэрэгцээ хөрөнгө бэлтэй болж байдаг. Хөрөнгө мөнгө нь элдэв зар сурталчилгааны гэрээ сэлтээс хуримтлагдаж байдаг болохоос төрөөс тэтгэж дэмжээд байдаггүй юм билээ.

Амжилт гаргаж алдар нэртэй болоход хүч хөдөлмөрөө зарцуулах ёстой гэдгийг манай захын тамирчин мэднэ, тэгэх ёстой. Харин үүндээ хувийн хөрөнгө мөнгөө зарцуулдаг гэхээр бидэнд арай л хол хөндий сонсогддог. Зарцуулах хөрөнгө мөнгө ч байхгүй, үгүй ер нь яагаад улсын өмнөөс бид мөнгө гаргах ёстой юм гэж эгдүүцдэг. Арга ч үгүй юм, манайд тамирчин болбол насаараа төрөөс тэтгэмж авч, мөнгө төгрөг гаргуулдаг тогтолцоотой болохоор гайхах нь зүйн хэрэг. Сум, аймгаас эхлээд улсын аварга шалгаруулах тэмцээнүүд гээд тамирчид хар багаасаа л улсын зардлаар уралдаан тэмцээнд ордог. Дараа нь тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд болон олимпод оролцоно гээд өчнөөн төчнөөнөөр нь төсвөөс мөнгө гаргадаг. Онгоц унааны зардал, зочид буудал, дагаж явах дасгалжуулагч, сэтгэл санааг нь тогтвортой байлгах найз залууг нь, илээч бариач, хоол хийх тогоочийг нь хүртэл хамт явуулна. Олимпоос алтан медаль авчихвал нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг өгдөг. Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшууллыг тус тус олгодог. Дээр нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат цол өгч алдаршуулна. Монгол Улсын нэрийг дэлхийд гаргасан юм гээд алдар хүнд, мөнгө төгрөгөө харамгүй өгдөг. Ийм болохоор залуус яаж ийж байгаад тамирчин болчих юмсан гэсэн мөрөөдөлтэй болж, энэ салбар руу хошуурч байна.

Харин өндөр хөгжилтэй орнууд ингэдэггүй юм билээ. Тэд хувь хэсэгхэн тамирчинг эх орныхоо нэрийг дэлхийд гарга гэж торддоггүй. Бүх хүмүүсээ нийтээр нь баян чинээлэг амьдралтай болгохын төлөө зүтгэж, тэгж амьдруулж чадаж байна. Жишээ нь, Америкт л гэхэд манайх шиг спорт хариуцсан яам гэж байхгүй. Тэдний олимпод үзүүлэх амжилтыг олимпийн хороо нь л хариуцдаг. Гэхдээ Үндэсний олимпийн хороо нь улсаас нэг ч цент авдаггүй бөгөөд олимпийн наадмын зардлаа ивээн тэтгэгчид, телевизээр дамжуулах эрх зэргээс бүрдүүлдэг гэнэ. Тэд энэ зардлаасаа зөвхөн медаль авах өндөр боломжтой нөхдүүдэд бага зэргийг өгнө. Тамирчдын ихэнх нь өөрсдийнхөө зардлаар олимпийн наадамд бэлддэг сурагтай. Бэлтгэл хийх заал, багш дасгалжуулагч, эмч гээд бүгдийг нь өөрөө хариуцах жишээтэй. Сонирхуулахад, скелетоны (чарга) олимпийн аварга Кэти Уландер “Ral­lyMe” буюу “Надтай нэг баг болооч” сайтаар дамжуулан өөртөө туслахыг хүсч зургаан мянган ам. доллар цуглуулан аваргалж байжээ. Ийм л ерөнхий зарчимтай.

Дани, Швейцарь, Австри зэрэг манайх шиг 3-5 сая орчим хүн амтай өндөр хөгжилтэй орнуудын жишээ ч адилхан. Баян тарган энэ улсууд тамирчдадаа төсвөөс мөнгө тусгайлан гаргаж тэтгэж дэмждэггүй бөгөөд тийм байдлаар улсынхаа нэрийг олон улсад сурталчлах шаардлага ч байхгүй. Амар амгалан, баян сайхан амьдарч байгаа ард олноо улам л сайхан байлгах талаар бодож, төлөвлөж байдаг. Тийм ч болохоор дэлхийн хамгийн жаргалтай улс орноор байнга тодорч байдаг.

Монголчууд бид спортоор дамжуулж дэлхийд эх орныхоо нэрийг гаргана гэдэг дэмий ойлголт, буруу бодлогоо одоо болих цаг нь болжээ. Түүний оронд яаж энэ ард олноо бусдын дор оруулахгүй амьдруулах вэ, улс орноо хэрхэн улсын дайтай хөгжүүлэх вэ гэдэгтээ л илүү анхаармаар байна. Спортод одоо зарцуулж байгаа тэр их мөнгийг нийтийн биеийн тамирт зориулбал олон хүний эрүүл мэндэд нэмэр тус болно. Нийтээрээ урт наслах, эрүүл амьдрах дадал зуршилтай болж хэвшвэл нийгэм тэр чигээрээ л эрүүл саруул болно гэсэн үг. Түүнээс биш спортын нэг хэсэг хүмүүсийг төрөөс ингэж тэтгэж тэжээгээд байвал Монголын залуу үе энэ салбар руу л хошуурах болно. Хэн сурч боловсорч, хийж бүтээж, улс эх орноо хөгжүүлэх билээ. Бэлэн сайхан мөнгө аваад, магтаал сайшаалд умбаж хэвтэхийг хүсэх нь мэдээж шүү дээ.

Монгол мал аж ахуйн орон. Малынхаа ширээр дэлхийд гайхагдсан ганц брэнд түрийвч хийдэг болъё л доо тэгвэл. Зөвхөн тийм түрийвч авах гэж Монголд жуулчилдаг, дэлхийн хаана ч үнэ цэнэтэй ганц брэнд гаргая. Австрали хонины нэхийгээрээ UGG гээд дулаахан гутал хийгээд дэлхий даяар хичнээн үнэтэй зарж байна. Бид хонины нэхийгээрээ тийм гутал хийгээд заръя. Ингэж сэтгэж, ажиллаж, үйлдвэрлэж байж л бид хөгжинө. Дэлхийн энтэй авьяастан, дэлхийн бөх энэ тэрээ гээд хөөрцөглөдгөө одоо больё. Мянган сайн бөх байлаа гээд Монголд мөнгө орж ирэх үү. Мянган авьяастай дуучин байлаа гээд дэлхий тоох уу. Тамирчны гаргасан спортын амжилт тухайн хүнийхээ л амьдралд хэрэгтэй. Түүнээс биш нийт ард олонд нэг их хүртээлтэй юм биш. Яахав, медаль авлаа гэж Монголын маань нэрийг дуудаж, төрийн далбааг мандуулна. Тэглээ гээд жүдогийнхон шуудай медаль авчирсан ч бидний амьдрал сайжраад байдаггүй л биз дээ. Харин УИХ-ын гишүүн, тамирчин нэгээр нэмэгдэх нь нэмэгдэх байх.

Морио портерт ачаад наадам хэсээд давхиад байдаг харчууд байдаг даа. Очсон наадам болгондоо морь нь дажгүй сайн давхиж, мань хүн ч нулимсаа ханцуйгаараа шударчихаад, амьтан хүнтэй ах дүү болоод хүндлэгдээд явдаг. Харин ар гэрийнх нь ажил ундуй сундуй, хэдэн хүүхэд нь хөл нүцгэн, ядруухан. Хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороогоо янзлах ажил нь таг хоцорчихсон байдаг. Монгол Улс яг л ийм, хамаг ажлаа хаяад найрлаж наадамлаад явдаг цөлх эр шиг байх юм. Улаанбаатар утаан дундаасаа харагдахгүй, хүмүүс нь ядуу, компаниуд нь дампуурлаа зарлаад эхэлчихсэн. Ийм үед илүү дутуу нэр хичээж явдаг дэмий зангаа гээе. Монголын нэрийг дэлхийд гарга гэж хэдэн тамирчин, дуучинд даатгах биш, улсаа хөгжүүлж, ард түмнээ сайхан амьдруулахын төлөө л зүтгэх хэрэгтэй. Элдэв асуудлаа шийдчихсэн өндөр хөгжилтэй улсуудад бусдын өмнө хоёрын хооронд зүйлээр нэр хичээх ямар ч шаардлага байдаггүй.

Онцлох нийтлэлүүд