ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.12.07 01:12

"Монгол дахь буддын судлал ба нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Буддын шашин нь монголчуудын ахуй амьдралд бүрнээ нийцсэнээс гадна буддизм нь онол, арга зүйн хувьд төрийн хэргийг эрхлэн явуулахад эерэг нөлөө үзүүлснийг өнөөдөр болсон "Монгол дахь буддын судлал ба нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үеэр судлаачид онцлов. Тус хурлыг доктор, профессор Г.Лхагвасүрэнгийн мэндэлсний 60 жилийн ойд зориулсан “ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Удирдлагын академи, “Гүржавын Лхагвасүрэн” сан хамтран зохион байгууллаа. Доктор, профессор Г.Лхагвасүрэн нь буддын йогачара философи, Ноён хутагт Данзанравжаагийн гүн ухааны үзлийг системтэй судалж, эрдэм шинжилгээний олон бүтээл туурвисан нь өнөө хэр судлаач, суралцагчдын ширээний ном, гол эх сурвалж болсоор байна. Хурлыг ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, МУИС-ийн ШУС-ийн захирал доктор (Ph.D.), профессор Г.Эрдэнэбаяр, Удирдлагын академийн захирал доктор (Ph.D.), профессор С.Зүльфикар нар нээж үг хэлэв. Уг хурлыг “Монголын буддын судлалд”, “Монголчуудын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх судлалд”, “Ноён хутагт Данзанравжаа судлалд”, “Сэтгэлийн тухай буддын сургаалын судлалд” гэсэн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулж, салбарын нэр хүндтэй эрдэмтэд илтгэлээ танилцуулж бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тухайлбал, доктор (Sc.D.), профессор, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Л.Тэрбиш “Жанжаа хутагт Ролбийдорж төгс зохионгуйн товч”, доктор профессор С.Янжинсүрэн, доктор профессор Б.Дагзмаа нар “Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх интердисциплинар сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага”, доктор профессор Б.Тунгалаг “Г.Лхагвасүрэнгийн “Ноён хутагт Данзанравжаа” бүтээл дэх нийгэм-зан суртахууны орчин үеийн ач холбогдол”, доктор профессор Т.Булган “Буддын Йогачара философийн зарим категориудыг авч үзэх нь”, доктор профессор М.Гантуяа “Сэтгэлийн чанар ба гүн ухааны мэтгэлцээн” сэдэвт илтгэлээ танилцуулав. Нийт 17 эрдэмтэн, судлаач илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Онцлох нийтлэлүүд