ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2018.12.17 01:12

Монгол жороо морины судлагдсан байдал

Нийтлэлч: Өдрийн сонин

Уншигч та бүхэндээ зориулан жороо морь судлаач Д.Эрдэнэхуягийн бичсэн “Монгол жороо морь” номыг цувралаар хүргэхээр бэлдлээ. Адуу сонирхогч хэн бүхний сонирхолыг татах энэ бүтээл та бүхэнд таалагдана гэдэгт итгэж байна.


ЖОРОО СУДЛАЛЫН УУГАН ХҮҮ

“Жороо судлал” гэж дэлхий дээр хаана ч аль ч улсад, аль ч шинжлэх ухааны салбарт өнөө хэр байхгүй. Байхгүй юм гарч ирж байгаа бол тэр анхдагч мөн. Жороо судлалын ууган хүү төрсөн нь уншигч таны гар дээр очиж байна. Түүний эцэг нь толилуулан буй номыг бичсэн Д.Эрдэнэхуяг. Тэгэхээрээ монголын уламжлалт мал аж ахуй эрхлэх ухааны тайлагдаагүй танигдаагүй байгаа олоон нууцсын нэгний хаалгыг энэ хүн анх түлхүүрдэн нээлээ.

“Жороо” гэдэг морины явдал, үүнд нууцсаад байх юмгүй мэтээр хүмүүс, тэр дундаа гадаадынхан хөнгөмсгөөр бодож болох юм. Тэгвэл өрнөдөд “Пассаж”, “пиаффе” гэдэг морин спортын эрдмийн тухай хэдэн зуугаар тоолох ном, судалгаа янз бүрийн хэлээр хэвлэгдсэн нь үнэн хэрэгтээ морины явдлын тухай судлал юм. Тэгвэл “жороо” гэдэг морин эрдэм нь өнөө хүртэл өөрийн гэсэн судлагчаа хүлээж малчин монголчуудын цээжинд оршсоор ирлээ. Цээжний тэр номыг цаасан дээр буулгаж гарын ном, ширээний ном, шинжлэх ухааны ном болгох анхдугаар ботийг малчны хөвгүүн Д.Эрдэнэхуяг хоёр мянганы уулзвар дээр бүтээн гаргалаа.

Монголчууд адууг гаршуулж хүний хамгийн эрхэм туслагч болгосон анхдагч ард түмний нэг. Тийм учраас морь гэдэг үг Номхон далайгаас Балтийн далай хүртлэх өргөн уудам дайдад орших олон хэлтний үг ярианд гүнзгий нэвтрэн өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Түүгээр ч барахгүй өрнөдийн орнуудын цэргийн жанжины дээд цол болох “маршал” хэмээх үг морь гэдэг монгол үгнээс гаралтай гээд л бодоод үзэгтүн. Морь гэдэг үгийг Исланд хүмүүс “маарр”, эртний герман овогтнууд”марах” Англосаксонууд “имэрх” гэх мэтээр монголчуудаас тогтоож авчээ. Тэгээд морь адгуулдаг хүнээ “Мархскалс” гэдэг байж. Тэр л хэвээрээ эртний Франц хэлэнд нэвтрэн “маршал” болж аажимдаа цэргийн дээд цол болон хувирчээ. “Агтчин”, “адуучин” буюу “морь адгуулагч” гэдэг нь тэр дээр цагт нэн чухал хүн байсан байж таарна. Тийнхүү аажимдаа “маршал” цол буй болсон нь эргэлзээгүй нотлогдсон зүйл билээ. Тэрэн шиг “жороо морь” гэдгийг мөн л монголчуудын буй болгосон нэр томъёо хэмээн үзэхээс өөр аргагүй. Алс замын зүг Солонгосын хойгийн урд үзүүрт Чэжү арлынхан одоо болтол цөөн тооны адуу маллаж байх бөгөөд тэр дотроо жороо морийг мартаагүйгээр барахгүй уул үгийг ч “Жора мари” гэж эртний монгол аялгуугаар нь хэлдэг хэвээрээ байхад бүүр баруун хойд зүгт мөсөн далайн наахна буй Исландчууд мөн л морийг “маарр” гэж дууддаг хэвээрээ бөгөөд энэ хоорондын асар уудам зайд хоёр тив, хоёр далайг хамарсан үлэмж том газар нутагт хэдэн зуугаар яриад ч барахгүй олон сая хүн аж төрж байна.

Яг тэг дундаас нь Орос улсыг аваад үзэхэд л тэдний хэлэнд морь гэдэг үг “мерин” гэдэг дуудлагаар (дүрвэд аялгуу) одоо ч хэрэглэгдсээр байна. Дундад Азийнхан, өргөн Сибирийнхэн “морь”, “жороо морь” гэдэг үгийг андахгүй. Нутгийн аялгууны хувьд бага зэрэг өөрөөр дуудагдах боловч үгийн утга алдагдсангүй. Тухайлбал, Саха буюу Якут хавийнхан жороог “чороон” гэнэ. Одоо тэдэнд жороо морь ховордсон боловч “жороо хундага” нь үлджээ. Юу гэвэл Якутад ”чороон” гэдэг хусан модон сөн буюу манайхны хул аягийн нэгэн төрөл өнөө ч хэрэглэгдсээр, Якут үндэстний зочломтгойн бэлэгдэл болсоор байна. “Чороон” гэдэг сөн хундгыг атганд багтах хэмжээний бүдүүн хус модноос тайран авч голруу нь ухаж хундага хэлбэртэй болгон доод талд нь нарийссан шилбэтэй бас ширээнд тавьж болох тулгуур хөлтэйгээр уран сийлбэрээр чимэн хийдэг байна.

Түүнд дүүргэсэн гүүний айргийг нэг хүн ууж барахгүй тул тойруулан хувааж уудаг байжээ. Үүгээрээ манайхны “жороо хундага” гэдэгтэй яг ижил юм. Нэр нь ч “жороо”, “чороон” гэсэн уул дуудлагаараа үлджээ. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход “жороо”, “жороо морь” гэдэг нэр томъёо маш эртний, бас тэгээд цэвэр монгол гаралтай нь зайлбаргүй. Монголчууд морийг олон зориулалтаар өсгөн үржүүлж, цэргийн буюу баатар эрийн хүлэг, хаад ноёдын унаа, харц ардын унаа, уралдааны хурдан морь, хурим найр, баяр цэнгэлийн унаа, бүсгүй хүний морь, хүүхдийн болон хонины морь гэхчилэн олон төрлөөр ялгаруулан үржүүлж, дасгалжуулсаар иржээ. Тэр дотроос “жороо морь” ихээхэн эрхэмсэг хүлгийн тоонд орж байсан нь өнөөг хүртэл уламжлагдсаар үндэсний ухамсрын нэгэн салшгүй хэсэг болжээ.

Жороо морины тухай үлгэр туульс, ардын дуу, зүйр цэцэн үг, сургаалын баялаг өв сан гагцхүү монгол эсгий туургатанд л байгаа билээ. Ардын аман зохиолын олон төрөл зүйлд байраа эзэлж монгол үндэстний гоо сайхны үзэл баримтлалын нэгэн үзүүлэлт болж дэлгэрсний хувьд ч гэсэн жороо морины тухай ойлголт гүнзгий ардач шинжтэй юм . Жороо морины явдал нь “усан тэлмэн жороо, хонин жороо, хулан жороо тэрч байтугай сайвар жороо, салга жороо” гэх мэтээр сайн болоод саар талыг хэлсэн маш нарийн утгаар зүйлчлэгдсэн байдаг нь арга байхгүй л ардын маань “мал шинжих ухааны“ салгаж болшгүй нэгэн мөч нь мөн билээ. Харин ардын энэ хүү “морь шинжих ухааныг” орчин үеийн арга барилаар судалж, өнөө цагийн судалгааны эргэлтэд оруулах ажил дутмаг, ер нь “цагаан зай” байсныг анзаарч олон талаас нь цогцолбор аргаар судлан ном бичсэний хувьд Д.Эрдэнэхуяг мөнөөхөн зайг эзэн биетэй, эрдэс баялагтай болголоо. Дээлийн хаваас сугармаар усан тэлмэн жороо морины жигд сайхан явдал шиг жороо морь судлалын тань анхны дуулал улам улмаар хурд нэмэн жигдрэх болтугай.

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч,

Хөдөлмөрийн баатар Л.Түдэв

НОМОНД БАРИХ ҮГИЙН УУРГАЧИЙН УЯЛГА

Морь, жороо морь гэхээр үлгэрийн үг хэллэг юм уу, эсвэл цэнгэл наадамд хүмүүс цугларч, бас айраг цэгээ дэлгэрч байдгаар чимэн төсөөлөвч, хүч тамир гаргаж, хүнд хүчир үйлдэл дунд эзэнтэйгээ хамт оролцон ямагт ялалтын эзэн явсан морьдыг тодруулсан номын удаахаа Д.Эрдэнэхуяг “Монгол жороо морь” гэж нэрлэлээ. “Жороо”-г дээлийн хаваас ханзлах, тэн дээсний тэшим хүчлэх ширүүхэн, бугуйл орхим, нэг нүүрийн газар хаях гэсэн үг хэллэгүүд тодчилдог аж. Тэрээр адуу адуунаас өөр явдлын үг хэллэгийг жороод хэлж, Шаргын шаргын жороо гэх юм уу “жороогийн хурдан хонгор” хэмээн үгийн жороог үүсгэж байж ярилцдаг билээ. Адуучид хоорондоо “жороо суулгах”, “нохой цогио”-г засах, гэхчилэн солгой сондгойролын мэдрэмжтэй холбогдох сулдаа ганхан явалтыг ч уяаны чимэг, шонгийн морьдын зүйл болгосоор ирсэн юм. Эдгээр нь орхиул яриа, хаямаг араншин биш явж явж жороо адууны онцлог бөгөөд суудлын засал, шившлэг домын оролцооны үр өгөөж, малчин эздийн төрхтэй бас холбогддог.

Ажнай хүлгийн “судар” ч, дүү Д.Эрдэнэхуяг ч “Монгол жороо морь”-доо түүхлэн судалж номын “галд” барьж анхны уяа сойлтыг нь аятайхан тааруулсныг “үгийн уургач”-дынхаа өмнөөс мялаалгын уялга үг бичиж өгсөн юм.

“Морины нас” гэгдэх миний бага нас өвгө аав, “туулай” хочит Данаагийн Очирын хурдан жороо бор морины нуруун дээр өссөнөө эргэн дурсахад хүргэснээр Д.Эрдэнэхуягийн “Монгол жороо морь”-дын уяа руу түүнийг хөтлөн ирэв. Жороо бор морь аймагтаа түрүүлж Их шанхын хурдан буяны дотор тоосоо гарган жолоогоо удаа дараа өргүүлсэн юм. Жороо борыг унаж шанхын хурдаар алдаршсан нутгийн уяачдын дунд ийнхүү зуншдаг байв.

Шанхын говь, Цэций нутгийнхан “зуун алаг адуу”-гаар бүтээлгэсэн адууны тэнгэрийн “Шүрэн Гомбо” бурхантай байсан юм. Түрүү морины эзэд дамжуулан хадгалж сүргийн тэнгэрийн тайлга зохион байгуулж, гүү барих, унага тамгалах, морь уралдуулах зэрэг адууны том том баярын үед “Ар цагаан овоо”, “Өгөөмөр хайрхан” зэрэг таван тахилгат газрын бэлчээрт бурхнаа залан байрлуулж баяр наадамддаг байв. Сүүлд нутгийн ард уяач Ёндон хамбын сойвон явсан С.Лхасранд морь нь түрүү магнайлсны учир шүрэн гомбо бурханаа ёс төртэйгээр олон уяач нараас шилжүүлэн барьсныг миний үеийнхэн “морины хүүхэд” насандаа унасан хүлгийнхээ өмнөөс өрсөн харж хоцорсноор зөнч бага нас минь, сургуулийн насаар солигдсон түүхтэй. Ийнхүү адуунаас холдож, харин түүний “Хийморь”-ийг хүлэглэж яваа билээ. Жороо морь ярина гэдэг ч нэг уяач, эсвэл нэг нутаг ус бус юм гэх талаас нь Д.Эрдэнэхуяг гаргаж танин мэдүүлсэн баримттайгаар номоо бичсэн байна. Азаргатай хүн гүү хардаг юм даа хэмээдэг шиг “Монгол жороо морь”-доо цуглуулсан Д.Эрдэнэхуягийн номын уурга нь урт байж аргагүй л цугларсан олонтой, “Морины их өргөө”-нд биднийг танилцуулж байна даа.

Үгийн “уургачид”-ын ур ухаан жороо морьдын соёлыг үүсгэсэн нь эртнээс юм. Жороолох явдлыг урлагт “Доголон жонон”-гоор эхэлдэг гэдэг. Цэрэг цургын эрхтэн дархтаны унааг “жонон хар”-аар зүсэлнэ. “Монголын нууц товчоонд” дүрслэгдсэн ганц хар морь үүрэгтэй. Ард иргэд түүнийг “ногоон” болгож зүсэлсэн байдаг. Морин хуур хөгжмийн толгойг ч ногооноор өнгөлж хар хоргүй байх энх амьдралын бэлгэдэл болгоно. Аман дүрслэлд үргэлж гардаг “жонон” гэсэн үг бол Жонон гүнгийн холбогдолгүй. Харин жороо гүүний холбогдолтой угшил гарвалын үг шүү дээ. Дуунд гарах “Хэрлэнгийн барияа”-г хэн тайлж гаргав. Яг үүнтэй адил хангал битүүгээрээ л үлдээд адуун сүргийн бэлчээрт жороолох аялгуу эгшгийг гайхалтайгаар хөглөн чимэх нь үүрсэх хүлгийн усан тэлмүүн явдлыг санагдуулна. Харин Д.Эрдэнэхуяг нутаг нутгийн жороо морьдыг уяачдын гал галаас нь сонгон барьж монгол жороо морьдын түүхээр сайхан ном хийжээ. Харин би адуун соёлын бүтээлд орж мөнхөрсөн жороо морьдтой энэ номыг холбосон уялга үгээр гараа болгож уншигч таныг тоосрон ирэх морьдын барианд урья. Түрүү магнайг хүлээн догдлох уяачийн адил, сэтгэлийн хүлэг хурдлах болтугай.

Профессор Д.Хүү

/МЗЭ-ийн шагналт, утга зохиолын шүүмжлэгч/

МОНГОЛ ЖОРОО МОРИНЫ СУДЛАГДСАН БАЙДАЛ


Уг төрөгсөн ургаа жороо

Улам хойноо сунам жороо

Ураа газар урсам жороо

Усан тэлмэн уран жороо

\Жороо морины магтаалаас\

МОРИНЫ ЯВДЛЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

Газрын гадаргуу дээгүүр адууны өөрийгөө удирдан хөдөлгөх явцыг морины явдал гэж нэрлэх бөгөөд адууны бүх явдлыг төрөлхийн ба сурсан гэж хоёр үндсэн хэсэг болгон хуваана. Адуунд эхээс төрөхдөө л байсан бөгөөд хүмүүсийн оролцоогүйгээр адуу өөрийгөө удирдан хөдөлгөх явцыг төрөлхийн гэнэ. Адууны төрөлхийн явдалд гэлдэргээ, хатиргаа, цогио, давхиа, унаган жороо зэрэг орно. Харин хүний оролцоотойгоор зориуд сургаж бий болгосон явдлыг сурсан явдал гэнэ. Сурсан явдалд спортын болон уран хэмнэлт явдал болох пассаж, пиаффе, ормол жороо зэрэг багтдаг.

ТӨРӨЛХИЙН ŸВДАЛ


Гэлдэргээ

Адууны гэлдэргэх үедээ буруу талын урд хөлөө урагш зөөхийн хамт даруй зөв талын хойд хөлөө зөөж тавиад дараа нь зөв талын урд хөлөө урагшнь зөөхийн хамт буруу талын хойд хөлөө урагш нь тавьдаг байна. Адууг гэлдэрч явах үед дөрвөн хөлөөрөө газар цохих чимээ нь дараалан сонсогдоно.


Хатир

Энэ нь буруу талын урд хөл ба зөв талын хойд хөлийг зөв талын урд хөл ба буруу талын хойд хөлтэй ээлжлүүлэн зөөж тавих явдал юм. Адуу хатирах үед дөрвөн хөлний нь газар буух чимээ тус тусдаа сонсогддог ба хөлөө диагональ маягаар ээлжлүүлэн зөөж газар тулахынхаа хооронд хөндийрдөг байна. Адуу газраас хөндийрөхгүйгээр ойрхон гишгэж аажуухан хатирахыг шогших гэнэ. Харин хатирахын дээд хурдыг монголчууд удган хатир, шаглах мэт өвөрмэц явдлыг арилжаа хэмээн нэрлэж дээдлэн эдэлж иржээ. Морины арилжаа явдлыг жороотой эндүүрэх нь байдаг.


Цогио

Энэ явдал нь буруу талын хойд хөл дээр тулж, дараа нь баруун талын диагональ, өөрөөр хэлбэл буруу талын урд хөл ба зөв талын хойд хөл дээр тулах, дараа нь зөв талын урд хөл дээр тулах бөгөөд түлхэлт хийж үсэрч газраас хөндийрөөд буухдаа эхлээд буруу талын хойд хөл дээрээ тулж дараална. Адуу цогих уед туурай нь газарт бууж байгаа дараалсан гурван чимээ сонсогдоно. Мөн цогихын дээд хурдыг давхих гэнэ.

АДУУНЫ СУРСАН ЯВДАЛ

Уран хэмнэлт явдлын тэмцээнээс...

Ормол жороо

Монголчууд эртнээс моринд жороо явдал сургаж баяр наадам, гоёлын унаанд эдэлж хэрэглэж ирсэн уламжлалтай бөгөөд ийнхүү адуунд жороо явдал сургасныг ормол жороо гэдэг. Адууны жороолох явдлын хамгийн бага эхэн аажим хэмнэлийг сайвар гэж ялгадаг. Морины сайвар явдал нь маш зөөлөн, эвтэйхэн тул ихэс дээдэс болон бүсгүйчүүд унах нь элбэг. Монголчууд адуунд жороо сайвар явдлыг зориуд сургахаас гадна уналга эдэлгээ уяа сойлгын аясаар сайвар явдал орох нь бий. Жишээ нь Ардын хувьсгалын 35 жилийн ойн улсын наадмын их насны 800 орчим морьдоос шалгаран айргын тавд давхисан. Архангай аймгийн Хотонт сумын Ванчинравдангийн хар морь уяа нь эвлэхээрээ их сайвар явдал орж, ийм үедээ түүний давхилт нь илүү байсан гэдэг. Мөн наяад оны эхээр Төв аймгийн Алтанбулаг сумын Цэдэнсамбуугийн хул алаг уягдаж байгаад явдал орж, улмаар жороо болсон зэргийг дурдаж болох ажээ.

Пассаж

Энэ үг Францын нэвтрэх гарах гэсэн үгнээс гаралтай. Морин спортын дээд зэргийн уран хэмнэлтэт явдлыг пассаж гэдэг байна. Олон улсын уралдаан тэмцээний уран явдлын нэг гол үзүүлэлт нь пассаж юм.

Пино алхаа

Жагсаалт цуглаан нийтийн өмнө алхах цоглог хэмнэлтэй алхааг хэлнэ.

ДЭЛХИЙН ЖОРОО АДУУНЫ ТОЙМ


Америкийн жороо морины уралдаан

XIX зууны дундуур Америкийн хамгийн шилдэг үүлдрийн нэгболох “Стандарбред” стандартын морь үүссэн юм. Одоо энэ үүлдэр нь хөллөгөөт морины уралдаанд хамгийн сайн тохирох нь бөгөөд хурдан нь хэмээн үнэлэгддэг. Уг үүлдрийг үүсгэхэд их тус дэм болсон морь бол “Мессэнжир“ Thoroughbred азарга бөгөөд 1788 онд АНУ-д авчирчээ. Тухайн үедээ хөллөгөөт морины уралдаан ихэд дэлгэрээд байсан ч сонирхогчдын хэмжээнд байсан учир уг уралдаанд тохирох хатирч морийг үүсгэх бодол хэнд ч төрөөгүй ажээ. Гэвч Мессэнжирийг хөллөгөөт уралдааны шилдэг хурдуудтай эвцэлдүүлснээр онцгой хурдтай хатирч морьд үүсчээ. XIX зуунд дээрх уралдаан улам ихээр олны сонирхлыг татах болсноор хурдан хатирч морийг сонгон үржүүлэх болсон байна. Thoroughbred адууг Морган, Араб болон Барб үүлдрийн адуу, эсвэл Наррагансеттийн жороо, Хэкнэй, Канадын хатирч зэрэг илүү чийрэг угшилтай нийлүүлжээ.

Америкийн хөллөгөөт жороо морьдын уралдаан

Мессэнжирийн хамгийн алдартай үр удам нь 1849 онд төрсөн Хэмблетонниан-10 бөгөөд 1300 төдийгүй үр төлийг төрүүлсэн энэ азаргыг орчин үеийн стандарт адууны эцэг гэж үздэг. Хөллөгөөт морины уралдааныг хатирч ба жороо морьдынх гэж ангилдаг.

Исландын “НИСДЭГ” жороо сургалт

Исландын “НИСДЭГ” жороо

Исландын “нисдэг” жороо сургалт Исландчуудын морин спортод жижиг бахим адууны “flying pace” буюу эх хэлнээ орчуулбал нисдэг жороо хэмээх Скандиновын орнууд бүр Америк, Англи зэрэг орнуудад хүрээгээ тэлсэн уралдаан байдаг. Уралдаанд оролцох морьд нь жороо явдлаа алдахгүйгээр явах үүрэгтэй. Исландчууд энэ адуугаа биднийг судлаж амжаагүй байхад МЭ 800-аад оны үеийн Монгол адуунаас үүсэлтэй гэдгийг нотлон интернэтийн сүлжээгээр цацсан. Энэ нь Умард Хүннүгийн Атилла хааны цэргийн нөөц сүргээс яван явсаар тэнд хүрсэн байх үндэслэлтэй.

Алтаргана

Эрхүү, Улаан-Үүд орчмын Буриадад уламжлалт Алтаргана наадмаа тэмдэглэхдээ морин спорт, уралдааныг зохион байгуулдаг байна. Цэвэр цусны даага, шүдлэн, их морины уралдаан тойргоор 1600,1800метрт явагдана. Мөн жороо удмын дааганы уралдаан 1600 метрт, мөн жороо удмын 3 настай шүдлэн адууны уралдаан 1600 метрт, жороо морины уралдаан 2400м, 1600метрт гэхчилэн зохиогдоно. Буриад бөх, Буриад сур, морин уралдаанаас гадна урлагийн арга хэмжээ зохиогддог.


Хоккайдогийн уугуул жороо “ВАШЮ” адуу

Японы уугуул адууны 8 төрлийн нэг нь “вашю” адуу бөгөөд 2003 оны хөдөө аж ахуй, мод усны яамны статистик судалгаагаар 722 тооны адуу тоологдсон бол 2005 оны вашю морийг хамгаалах нийгэмлэгийн тооллогоор нийт тоо 300 толгой байсан нь барагцаагаар 75%-ийг эзэлж байна. Бусад төрөл болох кисо ума, токара адуу, мисаки адуу нь нийлээд ердөө 100 гаруй толгой байна.


Хоккайдогийн морины соёл түүхийн эхлэл нь Копуний үе буюу манай эриний 3-7 зууны хүртэл үе болно. Хоккайдогоос энэ үетэй холбогдох морь болон эрт үеийн нүүдэлчин ард түмний онцлогийг харуулсан хувцас өмд өмссөн хүний хөшөө гарч ирсэн байна. Уугуул энэ адууг нийтэд нь “Досанка” адуу гэж тэмдэглэжээ. Харин нутгийн иргэд загас агнуурын улиралд унаж эдэлж бусад улиралд ойд амьдарч байсан адууг газар тариалан бусад уналгад хэрэглэж маллах болсноор вашю, кисо, ума, токара мисаки гэж ангилах болжээ. Уугуул вашю адуу хүйтэнд тэсвэртэй өвөлдөө -30 хэм хүйтэрч байхад цас малтаж “bamboo grass” буюу “са-са” гэх навчийг идэж амьдарсаар ирсэн. Вашю адууны биеийн өндөр нь 130см орчим жин нь 300-400кг орчим байна. Вашю адууг монгол морьтой тун адил байгааг Хятадын баруун хойд Шинжан Уйгурын адуу, Казак жороо адуутай харьцуулан тодорхойлж, мөн Монгол адуу солонгосоор дамжин Японд ирсэн байж болох юм гэж үздэг. Хоккайдо вашю адуу нь жороо явдалтай нь тогтоогдсон. Жороог нь жимич бас айби гэж нэрлэдэг байна. Фермд сургагчийн гол үүрэг нь жороо явдлыг тогтоож, тайлбарлаж өгөх зэрэг болно.


Хоккайдогийн уугуул “Досанка” адууны төрлүүд

Сүүлийн үед Хоккайдо вашю морийг тулгуурлан амжилтанд хүрээд байгаа асуудал бол нийгмийн халамжийн мэргэжилтэн, морь унуулах төвтэй хамтран саажилттай 7 настай эмэгтэй хүүхдийг 9 удаагийн морь унуулах эмчилгээгээр тэнцвэрээ барьж, морь унаж чаддаг болсон жишээ баталж чадсан. Цаашид зөвхөн морь унах биш тэжээл бэлтгэх, моринд тэжээл өгөх зэрэг нь адил сайн нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон. Нагано мужийн тусгай сургуулийн сурагчид ээж аавтайгаа кисо морин дээр дадлага хийсний үр дүнд зөвхөн бие махбодь төдийгүй сэтгэл санааны тайван байдлыг мэдрэх болсон байна. Амралтын өдрүүдэд морь унуулах хөдөлгөөнийг дэмжиж байгаа тухай “horse mate” сэтгүүлийн 2007 оны 3 сарын дугаарт бичсэн байна.


Тайван орчин