ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2019.01.08 01:01

Монгол жороо морины явдал, түүнийг ангилах нь

Нийтлэлч: Өдрийн сонин

Адуу нь нэг алхамдаа зүүн талын урд хойд хөлөө зэрэг, нөгөө алхамдаа баруун талын урд хойд хөлөө зэрэг гишгэж сайвраас хурдан явах явдлыг жороо гэнэ. Адуу болгонд байдаггүй жороолох энэ өвөрмөц явдал нь эрт үеэс морьтон монголчуудын ажигч гярхай нүдэнд өртөж улмаар дээдлэн хайрлан, найр наадам, баяр ёслол, гоёлд унадаг унаа нь болон уламжлагдаж ирсэн өнө эртний баялаг түүхтэй. Адууны сайварлах, жороолох явдлыг нүүдэлчин ахуй амьдралын ухаан туршлагаараа ялган ангилан, байгалийн үзэгдэл, амьтны хөдөлгөөнтэй зүйрлэн усан тэлмэн жороо, хонин жороо, тэмээн жороо зэргээр онцгойлон нэрлэж ирсэн нь өнөө хэр нь хэрэглэгдсээр байна.


УНАГАН ЖОРОО

Хүний сургалт оролдлого үгүйгээр эхээс төрсөн цагаас жороолж, даага үрээ насандаа ч уг явдлаа алдахүй сулдаа жороолохыг унаган жороо гэнэ. Унаган жороог сайн сургаж чадваас тухайн морины хэвшил, галбир байдлаас хамааран хурдан жороо, тэмээн жороо, бүр усан тэлмэн жороо ч гарч болно.

ДЭЭГҮҮР ЖОРОО

Хөлөө зөөх зай нь илүүтэй /суга цавь нь сайн тэнийх/ тавигдаж жороолохыг дээрээс авч байна гэх буюу дээгүүр жороо гэнэ. Урд хөлийн самралт, хойд хөлийн цацалтаар шороог ихээр босгодог, их бярдан зүтгэж байгааг дээрээс авч байна сайн жороогийн шинж гэнэ.

ДООГУУР ЖОРОО

Ергөх буюу жирийн хатираас хэтрэхгүй хурдтай жороолохыг доогуур жороо гэх ба зарим нутагт сайвар явдал ч гэж хэлдэг байна. Голдуу явдал зөөлөн байх нь элбэг.

УСАН ТЭЛМЭН ЖОРОО

Дөрвөн хөлийн тавилт тэгш нэгэн хэмээр эрч хурдтай, усны урсгалыг санагдуулам алдахгүй жороолохыг хэлнэ. Ийм жороо морь ховор бөгөөд үнэ ханш нь өндөр байдаг.


ХОНИН ЖОРОО

Хонины явдалтай адил зөөлөн жороолох ба тэгш хэмтэй хурд таарууг хэлнэ.


ТЭМЭЭН ЖОРОО

Тэмээ тэших лугаа адил сэгсчээ ихтэй, хурдан жороо морийг ийнхүү хэлдэг. Жороолох үед хүзүү толгой дээр гэдгэр харагддагаар нь ялгаж болно.


ТӨРӨЛХИЙН ЖОРОО АМЬТАН

Хуурай газрын хамгийн том амьтан болох заан нь төрөлхийн жороо явдалтай байдаг. Аюул тулгарсан үед 48 км/цаг-н хурдтай “жороолдог”. Жороолон гүйхдээ сүүлээ өргөж бусаддаа дохио өгдөг байна. Түүнчлэн манай Богд гэгээнтэнд бэлгэнд ирсэн заан байжээ. Түүний тухай Богд “өндгөн цагаан” жороо адуун сүрэгтэй мөн жороо явдалт заантай гэж ярьдаг байжээ. Зааны өмсгөл чимэглэл нь өдгөө Богд хааны ордон музейд хадгалагддаг ажээ.


МОРИНД ЖОРОО СУРГАХ УЛАМЖЛАЛТ АРГА

Сайвар, хатиргаа дээшлүүлж

Хурдан, жороо болгодог

Сааль татуугаа дээшлүүлж

Хувин бялхам сүүтэй болгодог...

“Монгол жангар” туулиас


Удамшиж чадсан унаган жороо морины явдлыг нь ахиулан тогтоож, гүйн хар алхаатай болон сайвар явдалтай бага залуу адуунд жороо явдал оруулж сайхан унаж эдлэх мэдлэг авъяасаараа олондоо хүндлэгдэж ирсэн нутаг нутгийн олон буурлуудын арга ухаанаас тэмдэглэж байсан маань сургалт судалгаанд хамгийн үнэтэй гарын авлага байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Манай ард түмэн моринд жороо сургаж буй хүнийг хүндлэх үг сургаал ёсыг үр ачдаа уламжлуулан ирсэн байдаг.

Жороо сургаж буй тохиолдолд замд нь байгаа адуу малыг холдуулж замыг нь саадгүй болгох, нохойгоо гүйлгэж морийг нь үргээхгүй байх зэргээр аль болох саад болохгүйг хичээн аль хир жороо морь болохыг нь дүгнэн магтан ярилцдаг байна. Мэдээж хэрэг саадгүй тал хөндий, орчинд жороо явдал сургаж байгаа морь явдалдаа дуртай дасч байж унаачийн аясаар явах нь ойлгомжтой. Хуучнаар Цэнхэр мандал уул аймгийн Хотонт уул хошууны /Архангайн хотонт сум/ Мэндбаяр тайж моринд жороо сурган зөв сайхан эдэлдэг байсныг өдгөө нутгийн өвгөд ам дамжин дурсан ярьж байсан.


Хавар цаг. Үрээ моринд жороо тулгаж байгаа нь. 1999 он

Баруун хязгаар нутгийн Ховдын Булган сумын Булган гуай моринд жороо явдал сургахдаа өдөр нь уяж өнгөрүүлээд үдшийн бүрий цагаар адуу залсан зүг рүү нь бартаа бага тэгш замаар хол саахалт орчим явж аажмаар зайг нь уртасгаж жороо оруулах нь эртнээс уламжилж ирсэн түгээмэл арга юм. Тэгвэл өвөрлөгч нутагт сартай шөнө их нуурын хөвөөгөөр моринд өөрийн нь дүрсийг нь усанд харуулан жороо явдлыг нь ахиулдаг байжээ. Ийнхүү чимээ аниргүй орчинд нуурын усанд дүрсээ харсан морь их урамшин явдал нь ахидаг гэдэг байна. Харин одоо үед бол зарим төвлөрсөн суурин газарт овъёос тэжээл өгч дасгасан цэг, адууны жүчээ уруу нь жороолуулж сургах нь бий.

Ер нь морь жороолохдоо уг явдалдаа дуртай байх, дургүй буюу зүрхшээж алдаа хийж байгаа нь илт мэдрэгддэг. Тэжээл, орчны таагүй нөхцөлөөс хамаарч морь нэг л хулгаж аль болох өөр явдлаар явах гээд байдаг. Цаашид ийм морийг сайн амрааж тусгайлан тайван орчинд албадалгүйгээр цагийн хуваарийн дагуу сургуулилахад тодорхой үр дүнд хүрнэ. Жороо сургагч буюу унаач нь жин ихтэй байвал тохиромжтой гэдэг яриа байдаг. Мөн Өвөр Монголд жороо сургах, явдлыг ахиулахдаа хоёр талдаа ижил хэмжээний шуудайтай элс мэтийг ганзгалж аажимдаа жинг нь нэмэх зэргээр дасгадаг байна. Энэ хоёр аргыг жороо морин дээр туршиж судласны хувьд дүгнэхэд жин ихтэй хүн, хүнд ачаа зэрэг нь жороо явдлаар ядраатал нь хол явуулахгүйгээр хүчийг нь гаргана. Учир нь моринд бяд суулгах ёстой юм. Бяд гаргаж тэнхээгээрээ жороолж байгаа морь андашгүй явдал их үнэнч харагдаж байдгийг сургалтанд анхаарууштай.

Ахмад уяачид, адуучид ярихдаа жороо морь явдалдаа бусад морийг бодвол хүч их зарцуулаад байх шиг байдаг гэсэн нь тэнхээгээрээ жигд жороолж байгааг хэлсэн болов уу. Жороо морийг аянд унах нь бараг үгүй гол төлөв баяр наадам, гоёлд чамирхан унаж эдлэх харьцангуй ойр зайд уралдуулж сорьж байсан нь дээрх яриануудтай холбоотой. Үүнээс гадна жороо явдал оруулах үед анхаарууштай зүйл бий.

“Хан Тайшир трайвл” ХХК-ийн захирал Ч.Бат-Өлзий жороо бор морио хөдөлгөж байгаа нь. 2015 он


ЖОРОО СУРГАХ СУРГАЛТАНД АНХААРАХ ЗҮЙЛ

Морины амаар хэт оролдон агсруулах болон эргээ хургадаг зан суулгах нь буруу. Мөн хөлд нь хол зайтай өрөөл хийж унах, тэр байтугай хавсанд нь шагай хийн эмээллэж мордоод явдлаа өөрчлөн эрэгцэх үед нь жороо тулгах, жолоог нь дугтчин албаддаг зохисгүй үзэгдлүүдийг сонсож байсан. Ийм тохиолдолд морио ч гэмтээж, согог суулгах муу талтай юм.

Бага үрээ насанд нь уяж сойж уралдуулах үед жороо явдал орох тохиолдол байдаг. Ийм үрээний хувьд давхил үзэж амьсгаа нь задарсан тууш явдалд ахицтай, суга нь тэнийсэн зэрэг сайн талтай ч цаашид давхил хийлгээд байх нь жороо сургалтанд тийм ч сайн биш ээ. Учир нь жороолох явцад алдаа гаргах нь олон давтагддаг байна. Ер нь адуу сулдаа жороолох, унаад жороолуулсан хоёрын ялгаа жороо сургалтанд асар мэдрэгддэг.

Өвлийн улиралд: Уран сайн дархны хийсэн тулгатай нимгэн тахаар морио тахална. Тахны тулга буюу хумсыг ган суулгаж хийдэг байж. Хөх өвс овъёосоор тэжээж омогшуулсан ийм тахтай мориор гол нуурын толь шиг тунгалаг мөсөн дээгүүр хурдаар нь явж шалгадаг байсан гэнэ. Үүний тулд хуурай газраас хурдыг нь авахуулж ирээд тунгалаг гялгар мөс рүү ороход чигээрээ онги татаад л гарах ёстой.

Урин дулааны улиралд: Хөлөг морины хөлийн тээш тавилт жигд явалтыг шалгах бас нэг арга нь намагтай нугын дов дэгнүүлийн толгойг алдалгүй жороолуулах явдал юм. Дээрх хоёр аргын аль аль нь нэг л хөл алдах юм бол хүн, морь хоёулаа эрсдэж болох аюултай.

Бидний өвөг дээдэс таван насныхаа хурдан морийг уралдуулахаас гадна хонин жороо, тэлмэн жороо, удган арилжаа, суман арилжаа, задгай хатиртай морьдын уралдааныг төрөлжүүлэн явуулдаг байсан бөгөөд моринд янз бүрийн явдал оруулах , мэрэгжлийн хүмүүс бэлтгэх сургууль Завхан, Булган, Архангай, Хэнтий аймгуудад байсан гэдэг домог яриа байсан тухай С.Дэжидбал “Адуун сүрэг эрдэнэ” 1969 он номондоо онцгойлон бичсэн нь зохиогчийн өвгөд буурлуудаас тэмдэглэж авсан аман яриатай нийцэж байна. Тэрээр жороо сургах тусгай сургалт байсан.Бүр сайн жороо явдал оруулах, сургах шан хөлс нь нэг адуу хүрч байсан. Тусгай гэрт зоог барин жороо морь сонирхогч эрх мэдэл бүхий хүмүүс цуглан өдөржин алдартай жороод, сайн морьдын тухай ярилцан хөөрөлддөг, наймаа ч яригддаг, гадаа уяан дээр нь сайхан эмээл хазаартай, сайхан жороо сайвар морьд байдаг байсан тухай сонсож байлаа.

Жороо морины мөр ширээний сайр шиг дөрвөлжин гардаг юм. Нас бие гүйцээд ирэх үед хөлөө 60-80 см хүртэл сунгаж тавьдаг. Жороо явдал нь бага байхад алга болж болно. Жороо морийг соёолонд нь сургаж жороо явдлыг нь оруулахаар сайн байдаг юм.

Ховд аймгийн Булган сумын уугуул Монгол улсын алдарт уяач Ч.Булган


ТАХ

Жороо морийг мөсөн дээр тавьж явуулахад гурван тулгууртай тахыг хэрэглэнэ. Жороо морь явуулах мөсийг урьдчилан үзэж найдвартай эсэхийг шалгах хэрэгтэй. Мөс тэгш бөгөөд гялгар байх нь сайн. Цаг агаарын байдлаас харгалзан сарын 12-18-ны үед сартай шөнө жороо морийг сүүдрээр нь уралдуулан явуулах нь тун сайхан байдаг.


Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын төмрийн дархан Тлейханы цохисон тах

Хатуу, чулуу хайргатай газарт морь унахад хэрэглэх тах.


Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул төмрийн дархан 70 настай Хайярамын цохисон тах

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын аймгийн алдарт уяач К.Тлейгены 20 настай жороо хээр морины тах.


Морийг тахлахад хадаасны үзүүрийг тун сайн тэгшлэх хэрэгтэй байдаг. Ялангуяа дотор талын хадаасны үзүүрийг анхаарах хэрэгтэй.