ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.09.02 08:09

Монгол математикчдыг дэлхийд үнэлүүлсэн АРДЫН БАГШИЙНХ

Чадраа гуай ШУА-ийн ерөнхийлөгч  байхдаа “Тасганы овооны өнөө муу арваннэг чинь сүрхий болчихож. Тэнд ер нь юу болоод байна аа” гэж гайхаж байсан гэдэг. Найман жилийн 11 дүгээр сургууль математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай болж, сурагчид нь олон улсын олимпиадад шил дараалан медаль авчихсан учраас ШУА-ийн ерөнхийлөгч тэгж гайхсан хэрэг. Энэ удаа өнжихөөр зорьсон айл маань “өнөө муу арван нэг”-ийг сүрхий болгосон Ардын багш  Маамынх.

Бэлдсэн шавь нар нь математикийн олон улсын олимпиадаас медаль шүүрээд ирдгээрээ улсдаа зартай, гоц хүүхдүүдийг анги алгасуулах шийдвэр гарахад том нөлөө үзүүлсэн, математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай тусгай сургуулийг анх удаа байгуулсан гэж ирээд яривал энэ эрхмийн боловсролын салбарт хийсэн ажил өчнөөн. “Шинэ үе” дунд сургуулийн захирал энэ эрхмийг математикийн Маам гэдгээр нь мэдэхгүй хүн үгүй. Ямар сайндаа л сургууль байгуулсан чинь шавь нар нь, шавь нарынх нь танилууд хүүхдүүдээ дагуулаад ирэхэв. Сургуулийнх нь сурагчдын жараад хувь ийм шалтгаанаар ирсэн гэсэн. Маам багшийнх сургуулийнхаа яг хажуугийн байрны дөрвөн өрөө сууцанд төвхнөөд удаж байгаа гэнэ. Зуун хорьд амьдарч байгаад ийшээ нүүж иржээ. Биднийг ороход гэрийн эзэгтэй, гэрийн эзэн хоёр “Сургууль эхлэхийн өмнөх өдрүүдэд манайх гэдэг айл бужигнана шүү дээ” гэсээр угтав.

Эзэгтэйг цай, хоол базаах зуур зочны өрөөнд тухлангаа  гэрийн эзэнтэй нутаг ус, удам судрын яриа хөөрөө үүсгэв. Маам багш Завхан аймгийн Сонгино сумын уугуул аж.  “Би уг нь Пэлжээ гэдэг хүний хүүхэд.  Үнэнбилэг гэдэг нь өргөж авсан аавын минь алдар. Нэг сонин нь надад хэн ч нэр өгөөгүй. Хүн бүр намайг  маамаа гэж өхөөрддөг байж л дээ. Тэгээд л Маамаа гэдэг нэртэй болчихсон. Сургуульд ороход хүүхдүүд шоолно гээд Маамаагаа Маам болгож өөрчилсөн” хэмээн яриагаа эхлэв. 1964 оноос хойш багшилж байгаа аж. 52, 18, 11 дүгээр сургуульд ажиллаж байсан тухайгаа баахан ярив. Тулж ажилласан сургуулиуд нь гэнэ. Зургаан жил багшлаад л хичээлийн эрхлэгч, менежер, захирал гээд явчихаж. Гэхдээ хичээлээ бол заасаар байж. “Дал гарсан хэрнээ шохой бариад хичээлээ заагаад явж байгаа Ардын багш ганцхан байгаа” гэж эзэгтэй ярианд оролцов. Гэрийн эзэгтэйг Цэрэндолгор гэдэг юм байна.  Маам багштай нэг нутгийнх, бүр нэг багийнх гэнэ. Баян Нямаа гэдэг хүний үр сад аж. Тэд гэрлээд хагас зуун өнгөрчээ.

 

АМЕРИК ЦЭРГИЙН ДЕСАНТ БУУЛГАСАН ЗАХИРАЛ

Арваннэгдүгээр сургуулийн захирал болсон түүх нь сонирхол татав. Яармагийн 34 дүгээр сургуулийн захирлаар гурван жил ажиллачихаад Хотын боловсролын газарт математикийн сургалттай тусгай сургууль байгуулах хүсэлтээ уламжилсан гэнэ. Өнөөдүүл нь ч дэмжиж 11 дүгээр сургуулийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгожээ. Ойр хавийнхаа сургуулиас тоондоо сайн  хүүхдүүдийг сонгон авч хичээллээд хоёрхон жилийн дотор улс даяар нэртэй сургууль болсон гэнэ.  Хүүхдүүд нь олон улсын математикийн олимпиадаас медаль авч тухайн үедээ шуугиан дуулиан болж байж. Хүүхдүүдийнх нь мундгийг гайхсан АНУ-ын Элчин сайд Жонсон Америкийн цэргийн тусгай десант буулгаж сургуулийнх нь заалыг барьж өгсөн гэж байгаа. “Их л сонин явдал болсон гэж дуулддаг. Америк цэргүүдээр спорт заалаа бариулсан тэр үйл явдлаа нэг сайхан яриад өгөөч” гэтэл “Тэр үед гадаадаас мөнгө орж ирэх төвөгтэй байсан. АНУ ганцхан батлан хамгаалахын шугамаар харилцаатай. Жонсон сайдыг ирдгийн хавар сургуулийн заал барьж өгнө гээд баахан цэргийн дарга нар ирдэг юм. Америкаас мөнгө орж ирсэн тул заал барьж өгнө гэнэ. Элчингээсээ асуутал Америкийн Ази Номхон далайн цэргийн флотоос Батлан хамгаалах яам руу мөнгө шилжүүлсэн гэж байна. Яамныхан  хариуцаж бариулсан ч цонх нь цантаад болдоггүй. Элчингээ ахиад дуудлаа. Үнэхээр тааруу болж гэж толгой сэгсэрч байгаад явлаа. За тэгээд нэг их удалгүй Америкийн цэргийн десант буудаг юм. Нэг их том онгоцтой. Монголд тийм том онгоц анх удаа л буусан нь тэр болов уу. Өнөө онгоцондоо барилгын бүх багаж, материалаа хийчихсэн. Эндээс тоос, шавар, элс энэ тэрээ л авсан байх. Цэргүүд нь гэж хачин гоё ногоон эрээн хувцастай. Урт түрийтэй үддэг гуталтай. За тэгээд өнөө цэргүүд чинь манай сургуулийн спорт заалыг барьж эхэлсэн дээ.  Би өнөөдүүлээ манаж хянадаг ажилтай” гэж байна. Америк цэргийн гоё хувцас, гутлыг нь манай залуус сонирхоод байж л дээ. Гадаадаас ирсэн цэргүүдийг харах гэж тэр хавиар эргэлдэх болсон охид ч цөөнгүй байж. Ингээд л захирал манаанд гарсан хэрэг. Арваннэгдүгээр сургуулийг хоёр жилийн өмнө нураахад өөрийнх нь бариулсан улаан тоосгон суурьтай төмөр хашаа, Америк цэргүүдээр бариулсан спорт заал нь хэвээр үлдсэнийг бэлгэшээж байгаа гэнэ. “Цаашид ашиглах юм байна гэсэн бодолтой байгаа шүү” гэж байна.

 

ГОЦ АВЬЯАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ АНГИ АЛГАСУУЛДАГ

БОЛГОСОН НЬ

“Шинэ үе” сургуулиа байгуулсан түүх нь ч санамсаргүй гэмээр тохиолдол болж. 2002 онд амралтаа авчихаад хотын захиргааны хажуугаар өнгөрч явахдаа гэнэт л сургуулийн газар хүсч ормоор санагдсан гэнэ. 52 дугаар сургуульд хүүхдүүдээ олимпиадад бэлддэг байхад нь тухайн үеийн хотын дарга  М.Энхболд нэгдүгээр сургуулийн сурагч байсан аж. Сайн багш гэдгийг нь мэддэг хотын мэр сургууль барих газар гуйхад нь уриалгахан тусалжээ. Сургуулиа хүн гуйж бариулсан  үеийн түүхээ ярьж байтал эхнэр нь гал тогооны өрөөнөөс “Амжилтаа ярихгүй юм уу. Нөгөө Алтанцог, Энхболдыг...” гэж байна. Маам багш нүүрэндээ инээмсэглэл тодруулснаа “Чи ярьж өг тэгвэл” гэж цаашлуулж инээдэм болов. Эзэгтэйг өнөөхөө хэл гэж сануулах бүрд л гэрийн эзэн иймэрхүү хошин үг унагах юм.  Тэрээр “Би ингэсэн тэгсэн гэж ярих ч халуун шүү” гэсээр  яриагаа үргэлжлүүлэв.  Маам багш 52 дугаар сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулах гээд хүчрээгүй учраас дугуйлан ажиллуулж байж. Нэг талаас олон улсын тэмцээнд хүүхдүүдээ сойё, нөгөө талаас математиктаа сайн хүүхдүүдийг сонгож нэг дор хичээллүүлбэл илүү үр дүнтэй гэж бодож хийсэн ажил аж. Ингэж зүтгэсний хэрэг ч гарч олон улсын олимпиадаас анхны медалиудаа аваад эхэлсэн гэнэ. Шавь нараасаа Энхболдыг онцолж байна. Математикт авьяастай хүү 32 дугаар сургуульд наймаа төгсөөд есдүгээр ангидаа 52-т шилжиж ирсэн аж.  Маам багш хайртай шавийнхаа талаар “Энхболдод ес, арвынх нь хичээлийг заагаад аравдугаар ангийн олимпиадад оруулсан чинь хотын аварга болчихлоо. Анги ахиулсан гээд хэл ам болсон л доо. Дараа нь олон улсын олимиадаас медаль аваад ирэхээр аргагүй хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэр үед би хичээлийн эрхлэгч. Тийм сайн хүүхдээ аравт нь суулгаад дахиад уралдаан тэмцээнд оруулж сургуулийнхаа нэрийг гаргаж болох байсан л даа. Гэхдээ тэгээгүй. Ээжтэйгээ амьдардаг хүүд нэг жил ч гэсэн хэрэгтэй. Тэгээд их сургуулийн Содном багш дээр очлоо. Гэрчилгээгүй гээд авдаггүй. Боловсролын сайд дээр яваад орлоо. Тэр үед Дашцэрэн гэж  математикийн хүн сайд байсан болохоор төгсөлтийн гэрчилгээ асуудалгүй шийдэгдэж Энхболдыгоо их сургуульд оруулсан түүхтэй. Дээд сургуулиа хугацаанаас нь өмнө төгсөх гэтэл Төв хорооноос бусад хичээлээ судал гээд зөвшөөрдөггүй. Энхболд маань сүүлдээ төгсөх курстээ багшилж байлаа. Төгсөнгүүт нь Москвагийн аспирантурт явуулах гэтэл хоёр жил ажиллаж байж бол гээд мөн л халгаасангүй. Ажиллаж байгаад хойшоо явлаа. Тэнд очоод бүр гялалзсан. Москвагийн их сургуулийн багш нар тавьсан илтгэлийг нь  нээлт хийсэн илтгэл болж байна гээд алга ташаад  сүйд байсан. Даанч нэг их урт наслаагүй дээ” хэмээн дурсамж сөхөв.

Сонирхуулж хэлэхэд Маам багш Энхболдоос үүдэж боловсролын салбарт нэг шинэчлэлийг анх удаа хийсэн юм билээ. Гоц сайн хүүхдийг анги алгасуулах шийдвэр гаргуулах гэж нэлээд зүтгэжээ. Ерээд оноос анги алгасч болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэнэ. Боловсролын салбарт хийсэн бас нэг шинэчлэлээ анхны тусгай сургууль байгуулсан явдал гэж тайлбарлав. 11 дүгээр сургуулийг хэлсэн хэрэг.

Шавь нарынх нь тоог сонирхтол цаасан дээр тоо бодож сууснаа “Лав 4000 гарчээ” гэж байна. Эрдэмтэн шавь нарынхаа тоог алджээ.  “Монос”-ын Хүрэлбаатар, академич Бэгзээс эхлээд жагсаавал барагдахгүй шинжтэй. Аль нэгийг нь хаячихаар “Багш миний нэрийг хэлсэнгүй” гээд сүйд болдог гэнэ. Улстөрчдөөс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Бурмаа, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ, Боловсролын сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаярыг онцолж байна.  Урлагийнхнаас хамгийн мундаг яваа нь дуучин Ариунаа гэнэ. За тэгээд хөдөлмөрийн баатар шавь гэвэл Цэнд-Аюуш, Бямбажав, Ганчимэг гээд өчнөөн нэр жагсаахаар юм билээ. Дэлхийд гэж яригдах хүн ч шавь нар дунд нь байгаа гэж бахархав. Америк, Азийн их сургуулиудад хичээл зааж байсан, одоо Европт багшилж байгаа  Отгонбаярыгаа нэрлэв. УИХ-ын гишүүн, Хотын дарга байсан Ц.Баасанжав багшдаа ойр шавь нарын нэг. Дотно холбоотой, байнга л тусалж дэмжиж явдаг аж.

 

СУРАГЧДАА ГЭРТЭЭ ЦУГЛУУЛЖ ШӨНӨЖИН ТОО БОДДОГ БАГШ

Хоол бэлэн болжээ. Гуляш идэх зуур гэрийн эзэгтэй дуугүй суусангүй.  “Манай хүний шавь нар салбар бүрт л амжилттай яваа. Маам багшийн чинь нэг онцлог ёстой хүний төлөө шүү дээ. Тэр үед конкурст бэлдэнэ гэж том ажил болдог байлаа. Манайх 120-д. Маам багшаар бэлдүүлнэ гээд дарга нар хүртэл хүүхдээ дагуулаад ирнэ. Хүүхдүүдээ сургуульд оруулна гээд шөнө унтахгүй бэлдэнэ. Би том өрөөнд хүүхдүүдтэйгээ унтаад өгнө. Өнөө хэд гал тогооны өрөөнд шөнөжин суугаад бодлого бодчихно. Конкурс эхэлдэг өдөр Маам хүүхдүүддээ анхаарал тавина гэж жигтэйхэн. За тэр маань гараад ирлээ яасан, ямар бодлого ирсэн гээд гүйчихнэ. Чехэд элчингийн тэрэг барьж байсан Сэнгээгийн эхнэр бүр сүүлд “Маам багшийг бодохоор санаа зовоод байдаг юм. Хүүхдээ тэгж бэлдүүлж өчнөөн гоё сургуульд оруулчихаад баярлалаа гээд хэдэн төгрөг өгөхөө ч мэдэхгүй. Албатай юм шиг л явдаг байж” гэж билээ. Манай Маам ийм л хүн” хэмээн ярихад гэрийн эзэн дуугүйхэн инээмсэглэнэ.

Сургуулиа байгуулах үед хэдэн шавь нь  “Маам багшаа, бид танд өртэй шүү. Тусламж хэрэгтэй бол та бусад шавь нартаа дуулгаарай” гэхэд “Би ямар мөнгө гуйх гэж шавь нараа сургасан уу. Бүтвэл бүтэг байвал байг” гээд халгаагаагүй гэнэ. Зэрэг цолтой өчнөөн сайн багштай, улс, нийслэлийн шилдэг сургууль хэр нь төлбөрөө нэмье гэж огт дуугардаггүй гэнэ. Гэрийн эзэгтэй сургуулийнхаа санхүүг хариуцдаг учраас хааяа төлбөрөө нэмэх санал тавихаар “Би төлбөрөө нэмэхгүй. Энэ хэдэн сэхээтний хүүхдүүдийг хэн сургах вэ. Эрдэм шинжилгээний ажилчид, их сургуулийн багш, төрийн албан хаагчид байна. Эдэнд тийм өм цөм мөнгө хаана байхав” гээд халгаадаггүй аж. Эзэгтэй сургуулийнхаа санхүүг барихаас гадна сурагчдын автобус, дүрэмт хувцас, цайны газрын эрүүл ахуй, сургуулийн доторх соёл гээд хариуцдаггүй ажил үгүй бололтой. Маам багш “Манай сургуулийн соёл сайн шүү. Арваад жил болсон гэхэд хана нь тэр хэвээрээ. Өнөөг хүртэл ямар ч будаг хүргээгүй.  Хулгай гэж огт байхгүй” гэснээ  “Манай сургуулийн удирдлагууд их сайн. Заавал бичээд өгөөрэй, манай дэд захирал О.Идэрсайхан гэж мундаг залуу бий. Ур чадварын уралдааны гурван удаагийн аварга, улсын хоёр удаагийн аварга” гэж ярив.

Гэрийн эзний ажлын өрөөг сонирхлоо. Нэг ханандаа битүү ном өрчихөж. Дан тооны чигийн ном харагдав. Шавь нар нь гадагшаа яваад ирэхээрээ л нэг ном авчирч өгдөг гэнэ.  Компьютер тавьсан ажлын ширээгээ “Гаднаас мэдээлэл авах, мэдээлэл дамжуулах үүрэгтэй газар” гэж байна. Бичгийн ширээний эсрэг талын  ханын шүүгээнд бурхан тахилаа залжээ. Далай багштай авахуулсан зургаа их л нандигнан залжээ. Бурхан тахил залсан шүүгээний доод талын тавиурт хүндэтгэн байрлуулсан  цагаан зааныг Энхболдын ах Алтанцог дурсгажээ. Хайртай шавийнхаа дурсгасан зүйлийг нандигнаж явдаг гэнэ.  Ном өрсөн шүүгээний дээд талд өчнөөн шагнал өржээ. Энд  Ж.Батмөнх гэсэн гарын үсэгтэй Засгийн газрын хүндэт жуух ч байна. Ардын боловсролын тэргүүний ажилтан шагнал авснаа их л онцгойлж байна. Тэргүүний ажилтны улаан хавтастай үнэмлэх дээр  “Ардын боловсролын яамны үзлэгээр амжилттай дүн үзүүлж ажилласан явдалд...” гэсэн өгүүлбэрийг зүгээр ч нэг бичээгүй гэнэ. 52 дугаар сургуульд очсон жил нь яамнаас үзлэг иржээ. Хажуу хавийн сургуулиуд нь үзлэгт уналаа гэсэн түгшмээр мэдээ ирээд байж. Үзлэгийнхэн ч ирж гэнэ. Шалгуулсан сурагчид нь бүгдээрээ зуу авчихаж. Маам багшийн амжилт нь 100, чанар нь 90 хувь гэж гарчээ.  Үзлэг ахалсан дарга  “Ийм юм гэж хаана байдаг юм. Тест задарсан юм биш үү” гээд дахиад шалгасан чинь мөн л 100 гэсэн үнэлгээтэй гараад ирж. Шалгалтын дараа өнөө хардсан дарга дээр очоод “Хүүхдүүдийг маань ахиад шалгах уу” гэж асуутал “Битгий донгос, явж үз” гэж бухимдан хэлж байжээ. 1972 онд авсан тэргүүний ажилтны тэмдэг нь Хятадад хийлгэсэн  эд гэнэ. Уртаа гэгчийн шруптэй, төрийн далбааны цэнхэр улаан хосолсон ромбо хэлбэрийн тэмдэг харагдав.

Зочны өрөөний ханын шүү­гээний дээд тавиурт дурс­галын үгтэй мөнгөн аяганууд өржээ. Ардын багш авдаг жил нь салбарынхаа яамнаас дурсгасан мөнгөн аягыг зааснаа “Эдэлж хэрэглэхдээ дургүй, харж байх хүсэлтэй” гэж байна. Зочны өрөөний ханандаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас гавьяат багш цол хүртэж байгаа үеийн зургаа өлгөжээ. Хажууд нь Н.Багабанди Ерөн­хий­лөгчөөс Ардын багш цол авч байх үеийнх нь зураг  харагдана.

 

ГУЧ НАРАА “МОНГОЛ ХҮН БОЛГОХООР” АМЕРИКААС АВЧИРЧЭЭ

Маам багшийнх хоёр охин­­той юм байна. Том нь Ленинградад суралцаж ирснээсээ хойш  Хавдар суд­ла­лын үндэсний төвд ажилласан гэнэ. Ээж нь “Инженер эмч хийдэг” гэж тодруулав. Элэг бөглөхөөс эхлээд  энэ эмнэлэгт ашигладаг бүх л чухал аппаратуудыг мэддэг хүн бололтой. Хүргэн нь мөн л эмч. Одоо хувиараа бизнестэй аж. Аав нь ууган охиноо “Миний охин нэг газ­раа удаан ажилласан болохоор ажилдаа гаршсан, шагнал урамшуулал сайн авдаг” гэж магтав. Бага охин нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөөд Татварын газарт өнөөдрийг хүртэл  ажиллаж байгаа юм байна. Том охиных нь хүү Америкт гэр бүлтэйгээ амьдардаг гэнэ. Зээ хүүгийнхээ гурван хүүхдийг “монгол хүн болгох” гэж саяхнаас авчирчээ. Гуч нар нь хагас бүтэн сайнаар ээжийнхээ аавынх руу явчихдаг гэнэ. Бусад өдөрт нь Маам багшийнд бужигнадаг аж. Том нь Чингүүн,  хоёрдугаар анги. Харин  дундах нь Нинжин, нэгдүгээр анги. Өвөөгийнхөө “Шинэ үе” сургуулийн сурагчид гэнэ.  Маам багшийг “Манай хэд анх ирээд хэлгүй хэцүүдсэн. Дунд охин яриа ойлгохгүй болохоороо уйлаад унана. Том нь их сэргэлээн. Чалчаа талдаа болохоор монгол хэлээ их түргэн сурсан. Саяхан өө, “энэ тэнэг” гэж байна лээ. Тэгэхээр монгол хэлийг муу, сайнгүй сурсан болж таараад байгаа юм. Эхлээд дүүдээ орчуулах маягийн юм болно. Хоёулаа бол англиар шулганаж өгнө. Одоо бол холиод л давхиад байна” гэж хэлээд инээхэд  эхнэр нь “Саяхан би Чингүүнд, сайн сурч өвөө шигээ мундаг хүн болоод сургуулийнхаа захирал болоорой гэсэн чинь, “Тэгнээ, би захирал болно харин Нинжин таны өрөөнд суух уу” гэж байгаа юм даа. Дүүгээ бас дарга болгох нь” гээд хөгжилтэй инээв. Эзэгтэйг “Манай хүүхдүүд ер нь банк, санхүү чигийн улс болж байна. Нэг нь ч багшийн мэргэжил сонгоогүй. Чингүүн маань харин яах бол” гэхэд Маам багш “Би хашраачихсан шиг байгаа юм. Хүүхдэд конкурсын  давтлага өгөхөөр шөнө их богино. Хэдхэн тоо бодоод сууж байхад л нар манхайчихна. Шөнөжингөө тоо боддог муу ажил байна гэж бодоод л халгасан байх”  гээд хүд хүд инээв. Энэ хооронд зэгтэй яаралтай ажилтай гээд гарч одов. Том охинтойгоо багш нарынхаа өрөөг гоёх шкаф сонгох гэж байгаа аж.

Маам багшаас гэр бүлийнх нь нандигнаж явдаг зүйлийг сонирхоход “Хоёр юм бий. Гэртээ номтой байхсан гэж боддог. Харин манай гэрийн хүн цэвэр байхсан гэж хичээдэг” гэж байна.  “Үр хүүхэд, ач зээ, гуч нар гэрт байхад их сайхан. Хоёулаа байхад бол ер нь хэцүү шүү дээ. Зун амрахдаа  би тийм тааламжтай байдаггүй. Хүүхдүүдийнхээ дунд орчихоор бие хөнгөрөөд, энд тэнд юм өвдөхөө болиод ирнэ шүү дээ” гэж яриагаа үргэлжлүүллээ.

Эзэгтэйг гарсны дараа хагас цаг орчим яриа хөөрөө өрнүүлсний эцэст гэрийн эзэн ажлынхаа өрөөний Очирваань хайрханы зургийг үзүүлэх юм болов. Гэрээс нь дөнгөж гараад л ажил нь. ”Шинэ үе” сургууль хичээлийн шинэ жилдээ ид бэлдэж байв. Хоёр давхар, дотоод зохион байгуулалт сайтай юм. Тасалгааны цэцэг хаа сайгүй. Зарим цэцгээ хүүхдүүдээрээ арчлуулахаар гэр рүү нь өгөөд явуулсан гэхээр битүү цэцгэн дунд л өнждөг бололтой.

Найман зуу гаруй сурагч энд бужигнадаг юм байна. Үүнээс ч илүүг авах боломжтой ч ийм хязгаар тавьдаг гэнэ. Маам багш ”Олон байх чинь хоёр  талтай. Нэгдүгээрт сургалтын чанар муудна. Хоёрдугаарт, энэ хөгшин чинь ямар шуналтай хүн бэ гэж ярина. Багш нь ийм ярианаас жаахан айдаг” хэмээв. 

Багш нарынхаа зургийг зэрэг цолтой нь бичээд ханан­даа өлгөх гээд бэлдчихэж. “Гадаадад явж байхад багш, эмч нарын зургийг зэрэг цолтой нь бичээд өлгөсөн байдаг юм билээ. Хүмүүс зурагнаас нь харж байгаад эмч, багшаа сонгодог. Тэр жишгийг нэвтрүүлж байгаа юм” гэж тайлбарлав. Зурагнуудыг нь сонирхоход зэрэг, цолгүй багш гэж алга. Сайн багш нарыг цуглуулж чаддаг турш­ла­га­тай нь ярианаас нь илт. Маам багш дээхэн үед яаманд байцаагч хийх үедээ аймгуудын аль сайн гэсэн багш нарыг хот руу татаад бангадуулсан удаатай  гэж байгаа.

Бага охин нь сургууль дээр ирчихсэн засварын ажилд туслаад завгүй харагдана. “Захирал Монгол Улсын Ардын багш Ү.Маам” гэсэн хаягтай өрөөнд орлоо. Хоймор хэсэгт нь Отгонтэнгэрийн фото зургийг хүндэтгэн залжээ. “Хайрханы орой ингэж бүрэн харагдах нь ховор шүү. Голдуу дээгүүр нь үүл манан бүрхэж бай­даг. Номтой лам нар ирээд ном уншихаар дорхноо цэлмээд, алга болчихно. Би бас том лам аваачиж үзсэн. Тэр үед хайрханы  дээр их том үүл байсан ч өнөө ламыг ном  уншингуут алга болсон. Хайрхан сайн үйлстэй, сайн энергитэй хүнийг андахгүй” гэж байна. Шүтэж явдаг хайрханых нь зургийг сонирхоод Маам багшийн сургуулиас гарахад нар жаргаж байлаа. 

 Ц.БААСАНСҮРЭН

О.АНХЗАЯА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд