ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.06.22 10:06

Монгол орны бүх нутагт хүрч ажиллах хүсэлтэй Элчин сайд

Их Британи, Умард Ирлан­дын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Жэйн Арнолдынд өнжлөө. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

Кэтринийх Монгол дахь Элчин сайдуудын хотхонд байдаг. Харуул хамгаалалт бүхий ногоон зүлэг, модоор хүрээлүүлсэн тэр цэмцгэр хашаанд орон орны Элчин сайдууд амьдардаг юм билээ.Английн Элчин сайдын өргөө хоёр давхар цагаан өнгөтэй. Зочны, гал тогооны, ажлын, албан өрөөнөөс гадна гурван ч унтлагын өрөөтэй ажээ. Кэтрин Монголд ирээд ердөө гуравхан долоо хонож байгаа болохоор гэрээ өөрийнхөө хүссэнээр тохижуулж ам­жаа­гүй байгаагаа бидэнд учирлав. Тэрбээр уран зураг, хөгжим, ном, спорт гээд маш олон зүйл сонирхдог бөгөөд арвин цуглуулгатай аж.Тэдгээр эд хогшлоо гааль дээрээс авахаар хүлээж байгаагаа ч дуулгасан юм.

Хатагтай Кэтрин хэвлэлд нээлттэй санагдав. Хэр баргийн Элчин сайдууд түүн шиг байдаггүйг бид мэднэ. Шинээр томилогдож ирсэн эрхмүүд ойрын нэг, хоёр жил­дээ хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй шүү дээ. Тэгвэл Кэтрин Монголд ирсэн даруйд эрх ямба эдэлж хойш суулгүй эгэл ардын аж амьдрал, хотын хөгжил цэцэгжилт, түүх дурсгалын сонин хачинтай танилцаад амжжээ. Тэрбээр илүү ихийг мэдэж, ард түмнийг судалж, таньж чадвал хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд дэвшил гарна гэж байлаа.

Жил бүрийн зургадугаар сарын 14-нд Их Британичууд дэлхий даяар Хатан хаан-II Элизабетийнхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг уламж­лалтай. Монгол дахь Элчин сайдын яам ч энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Энэ удаад шинээр томилогдон ирсэн Элчин сайд Кэтрин хатан хааныхаа төрсөн өдрийг өвөрмөц хэлбэрээр зохион байгуулахыг хүсчээ. Тэрбээр уг баярыг хэрхэн тэмдэглэдэг, ямар утга учиртайг монгол­чуудад таниулахын тулд хэв­лэлийн байгууллагаас “Өдрийн сонин”-ыг урьсан юм. Урьд жилүүдэд нам гүмхэн тэмдэглэдэг байсан уламжлалыг ийнхүү эвдэж, олон нийтэд нээлттэй байд­лаар тэмдэглэж байгаа нь Элчин сайдын санал хэмээн Английн ЭСЯ-ны ажилтнууд өгүүлж байв. Их Британийн хатан хаан Элизабетын төрсөн өдрийн арга хэмжээг Кэтрин өөрийнхөө гэрт тэмдэглэв. Хүлээн авалтад Барилга хот бай­гуулалтын сайд Д.Цогт­баатар, УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал нар болон Монголд суугаа орнуудын Элчин сайдууд хүрэлцэн ирсэн байлаа. Мөн салбар салбарын төлөөллүүдийг ч урьжээ. Хатагтай Кэтрин хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Сайд, УИХ гишүүн, ноёд хатагтай нараа. Та бүхнийг Хатан хааны төрсөн өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд маш их баярлаж байна. Өнгөрсөн долоо хоногт хатан хаан өөрийн төрсөн өдрөөр уламжлалт цэргийг жагсааж албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэв. Хатан хааны гэр бүлийн хувьд энэ явдал нь маш онцгой үйл явдал байсан ба хатан хаан төрсөн өдрийн парадад 63 дахь удаагаа оролцож түүхэн амжилт тогтоож, Букингем ордны тагтан дээр хааны гурав дахь үеийн хүн болох хунтайж Жоржтой хамт гарч ард олондоо харагдсан юм. Мягмар гаригт миний амьдардаг энэхүү газраас холгүй би Монголын талаас зо­хион байгуулсан албан ёсны арга хэмжээнд оролцсондоо маш олзуурхаж байна. Монгол Улсын төрийн хүндэтгэлийн харуулуудын өмнө зогсож Монгол Улс болон Их Британийн төрийн дууллыг Чингэс хааны талбайд эгшиглүүлсэн тэрхүү мөчийг би хэзээ ч мартахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Европын парламентад хэлсэн үгэндээ “Эрхзүйд суурилсан олон улсын хэм хэмжээг сахих нь бидний хамтын үүрэг” гэдгийг онцолж, Их Британи, Монгол Улс дэлхий дахинд аюулгүй байдал, хөгжил цэцэглэлийг хангах, ардчилал болон хүний эрхийг хангах нь чухал болохыг тэмдэглэж мөн нэн тэргүүнд хуулийг дээдлэх шаардлагатайг дурдлаа. Энэ жил бид Магна Картаг баталсны 800 жилийн ойг тэм­дэглэж байна. Уг эртний баримт бичиг нь XIII зууны Английн хаан болон түүнийг эсэргүүцэж байсан баронуудын хооронд анхлан зөвшилдөж байгуулсан нь сайн засаглалын гол суурь болсон хуулийн өмнө хүн болгон тэгш эрхтэй гэсэн зарчмыг бий болгосон. Англи болон бусад оронд уг баримт бичиг нь хуулийг дээдлэх, түүнийг хэрэгжүүлэх байгууллагыг хууль ёсны дагуу байгуулах, хариуцлагатай засаглалыг бий болгож түүний үндсэн дээр аливаа нийгэм тогтвортой тууштай, баталгаатай цэцэг­лэн хөгжинө. Өнөөдөр мөн Ватерлод болсон тулааны 200 жилийн ой тохиож бай­на. Энэхүү тулаанд хэн ялсныг би мэргэжил нэгт нөхөр Францын Элчин сайд байгаа үед дурдмааргүй байна. Гол хэлэх зүйл бол Европыг хамарсан 23 жилийн мөргөлдөөнийг дуусгавар болсон өдрийн ойг тэмдэглэж байгаа юм.

Шекспирийн 400 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Шекспирийн ихэнх жүжгийг анх удаа тоглож байсан дэлхийд алдартай “Глоб” театрынхан Монголд Гамлетийг тоглохоор энэ жил ирэх болсныг дуулгахад таатай байна.

Олон улсад Их Британи улс нь бүтээлч, шинэлэг санаа, дээд зэргийн чанараар танигдсан бөгөөд Монгол Улсад Британийн олон компаниуд үйл ажиллагаа явуулж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хоёр орны харилцааг бид тэмдэглэх зорилгоор энэ оны есдүгээр сард Их Британийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Great кампанит ажлын нэгээхэн хэсэг болох энэхүү өдөрлөгийн үеэр өнөөгийн Их Британи, Монголын хоорондын харилцаа бүхий л талаар хэрхэн амжилттай хөгжиж байгааг харуулахаас гадна Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой Английн компаниудыг танилцуулах боломжийг олгох юм.

Миний бие, хагас зууны тур­шид үргэлжилсэн энэхүү харилцааг цааш нь үргэлжлүүлэх Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаа бөгөөд Монголд байх хугацаандаа хоёр тал болон олон талт харилцаанд илүү хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал бий болгох бидний хамтын зорилгыг биелүүлэхэд хоёр орны хамтын ажиллагааг илүү өргөжүүлнэ гэж найдаж байна” гэв.

Түүнийг ийн үг хэлж дуус­­саны дараа Дуурь бүж­гийн эрдмийн театрын хөгжимчид хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлснээр үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Энэ үед Кэтринд ямар ч зав гарсангүй. Ирсэн зочидтойгоо уулзаж, найрсаг яриа өрнүүлж бай­лаа. Ингээд хүндэт зочдод СУИС-ийн оюутнууд Шекспирийн жүжгийн хэсгээс толилуулж, тэднийг хэсэгтээ л догдлуулаад авна лээ. Харин Кэтрин зочдодоо Английн уламжлалт жимсний коктейл бэлдсэн байсан нь тэдэнд маш их таалагдаж байгаа бололтой байв.

Энэхүү арга хэмжээ товлосон ёсоор 16-18 цагийн хооронд үргэлжилж, цагтаа өндөрлөв. Кэтрин ч зочдоо үдсэний дараа бид түүний бага ахуй наснаас дипломатч болсон түүхийн хуудсыг эргүүлсэн юм.

СОНИУЧ ЗАНТАЙ КЭТРИНИЙ БАГА НАС

Хатагтай Элчин сайд Кэтрин Элизабет Жэйн Арнолд одоогоор гэрлэж амжаагүй яваа гэсэн. Эхээс хоёулаа бөгөөд нэг эгчтэй аж. Кэтриний гэр бүл орон орноор аялж, ажилладаг байжээ. Аав нь далайчдын эрх ашиг, нийгмийн хамгааллыг хариуцдаг олон улсын байгууллагад ажилладаг байжээ. Энэ тухай тэрбээр ярихдаа “Далайчдын ажлын нөхцөл хэцүү. Олон сараар далайд явна. Гэртээ ганц, хоёр хоноод л буцаад явна. Ингээд хөлөг онгоц дээр байдаг хүмүүсийн ариун цэврийн хэрэглээ дутмаг, ар гэрийнхэнтэйгээ утсаар холбоо тогтооход хүндрэлтэй. Тиймээс миний аав, ээж тэр бүх нийгмийн асуудлыг нь хариуцан ажилладаг байлаа. Энэ бол тэдний маань хувийн, сайн дураараа хийдэг ажил нь. Харин олон улсын түвшинд бол далай дээр ямар нэгэн осол гарлаа гэхэд улс орнууд хил рүүгээ оруулдаггүй. “Манайх биш” гээд өөрсдөөсөө холдуулахыг хичээдэг. Мөн тухайн завийг эзэмшиж байгаа хүн мөнгө угаах зорилгоор ашиглаж байж болзошгүй зэрэг асуудлууд их гардаг. Тэр тохиолдолд нөгөө завийг ТББ нь хил рүү нэвтрүүлж, тусламж үзүүлэхийн тулд тухайн улс оронтой нь харилцан ойлголцуулдаг. Би ааваасаа дэлхийн улсууд, ард түмнийг сонирхох байдлыг нь өвлөж авсан. Ээжийн ном их уншдаг байдал надад нөлөөлсөн. Хэрэв миний юмнууд ирвэл энэ ханыг тэр чигээр нь дүүргэнэ” гэж зочныхоо өрөөний цэлгэр ханыг заав.

Кэтрин Өмнөд Солонгосын Пусан хотод төрж өссөн байна. Гурван настайгаасаа Солонгосоос гарснаас хойш да­­хин очих боломж таараагүй гэнэ. Харин энэ удаад Солонгостой ойролцоо орших манай улсад Элчин сайдаар томилогдсондоо ихэд олзуурхаж байв. Кэтрин бага насаа дурсахдаа нүдэнд нь гэрэл тодорч, тухайн үеийг түвэггүйхэн санаж байв. Тэрбээр “Солонгост байхдаа би гуравхан настай байсан. Тэр үеийн зургаа харахаар ихэд дэвшилтэт технологитой орон байсан гэж бодогддог юм. Дэд бүтэц, эмнэлэг сайн хөгжсөн байсан. Дээр үеийн Пусаныг өнөөдрийн Пусантай харьцуулахад маш өндөр хөгжсөн байгаа. Эцэг, эх маань тэр үед их таатай нөхцөлд амьдардаг байлаа. Манай гэр бүл тэндээс Дубай, Шри-Ланкад шилжиж амьдарсан. Би их азтай хүн шүү. Багадаа олон орноор аялж, тухайн улсуудын соёл иргэншилд суралцсан. Спортоор их хичээллэдэг хүүхэд байлаа. Ялангуяа хөлбөмбөг, сагсан бөмбөгт хорхойтой. Бас мөсөн гулгуурт нугасгүй” гэв. Тэрбээр хүйтний улирал ирэхээр гол хөлдөнгүүт гулгана гэдгээ ч нуусангүй. Кэтрин Шри-Ланкад байхдаа төгөлдөр хуур, бишгүүр, лимбэ тоглодог байжээ. Хөгжим бол түүний сэтгэлд оршдог чухал зүйл гэсэн. Тиймдээ ч сонгодог урлаг тэр дундаа дуурийн тоглолтуудыг алгасахгүй үзэх бололтой. Тэрбээр манай дуурийн дуучин Э.Амартүвшингийн чадварыг ихэд үнэлж, хурдан түүний тоглолтыг үзэх юм сан гэж байсан шүү. “Амартүвшин Кардипийн олон улсын дууны уралдаанд шилдэгт үлдсэн байсан. Энэ тухай сонсоход таатай байна. Алдарт дуучин маань эх орондоо ирээд театрт тоглолт хийвэл би хамгийн түрүүнд очиж үзнэ” гэж Кэтрин өгүүлэв. Ер нь Кэтрин Англид байхдаа долоо хоногтоо хоёр удаа заавал дуурийн тоглолтүздэг байжээ.

Кэтрин тун сониуч зантай. Ямарваа нэгэн ажил хэргийг явуулахдаа, хүнтэй харилцахдаа байнга өөртөө асуулт тавина. Түүний багын сониуч хэрсүү зан нь олон зүйлд хөтөлсөн байна. Тухайлбал, улс орныг, хүнийг их судалдаг гэв. “Хүн сониуч байхын хэрээр юмыг илүү ойлгодог. Тэгж байж амжилтад хүрнэ” гэж хатагтай Элчин сайд хэлж байв. Тиймээс Монголын бүх нутагт очиж ажиллахыг хүсдэг байна. Тэгж байж ард түмнийг сайн ойлгож, илүү сайн Элчин сайд болно гэсэн бодолтой байгаагаа хуваалцав. Кэтриний багын эрч хүчтэй, цовоо сэргэлэн зан нь одоо түүний ажил руу нь шингэжээ.

ОНГОЦНЫ НИСГЭГЧ, СЭТГҮҮЛЧ, АКАДЕМЧИАС ДИПЛОМАТЧИЙГ СОНГОСОН ЗАМНАЛ

Кэтрин Кэмбрижийн Их сургуульд математикийн чиглэлээр суралцаж байжээ. Гэвч ганц мэргэжилд баригдаж ча­даагүй байна. Иймд фили­софи, шашин судлалаар бас суралцжээ. Их сургуулийн оюутан байхдаа гурван чиглэлээр дугуйланд давхар суралцаж байсан гэнэ. Тэр нь хоккей, теннис, сонгодог найрал дууны анги ажээ. Ер нь урлагт бол авьяастай, олон улсын жишигт нийцсэн хуурцаг хүртэл хэвлүүлж гаргасан байна. Сонирхуулахад, Кэтрин онгоцны нисгэгч байсан гэнэ. Их сургуулийнхаа нисэх хүчний салбарт цэргийн зориулалттай “Бульдог” загварын сургалтын онгоц жолооддог байжээ.Уг онгоц нь овор багатай болохоор ганцаараа агаарт янз бүрийн үзүүлбэрүүдийг үзүүлдэг байсан гэнэ.

Кэтрин Кэмбрижийн их сургуульд мастер хамгаалаад “City of London”-д санхүүгийн хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн байна. Их Британи улс бол санхүүгийн чиглэлээр дэлхийд мундаг. Тиймээс Элчин сайд Кэтрин Англи, Монголын худалдааны харилцааг илүү хөгжүүлэх тал дээр ажиллах бодолтой байгаа гэлээ. Английн турш­лагыг суугаа орныхоо хөрсөнд нутагшуулахад нэлээд анхаар­лаа хандуулах юм байна.

Кэтриний сониуч зан түүнийг сэтгүүлч болгоход нөлөөлсөн тухай тэрбээр бидэнд хуучилсан юм. “City of London”-д ажилласныхаа дараа тэрбээр эцэг, эхийнхээ амьдарч байсан газрын сонин, телевизэд сэтгүүлчээр ажиллаж байжээ. Английн урд зүгт байдаг Isle of Wight гэдэг газрын “Country Press” хэвлэлийн газарт сэтгүүлч болжээ. Тэнд ажлын туршлагатай болсныхоо дараа Иракт ажиллах томилолт өвөр­төлжээ. Тус улсад Анг­лийн анхны сэтгүүл гаргах ажилд туслахаар ийн зорьсон гэнэ. Иракт байсан хугацаа нь түүний амьдралын гайхалтай мөчүүд байсныг дур­­сав. Тэнд хувиараа “Bloomberg”, “BBC”, “Guardian” зэрэг дэлхийн томоохон агентлагуудад ажиллажээ. “Багдадад зориулсан аяллын хөтөч” ном хэвлүүлснээс гадна сонинд аяллын талаар хэд хэдэн нийтлэл бичиж байжээ. Тэрбээр Ойрхи Дорнодод ажилласныхаа дараа Англид буцаж очоод Ноттингамын их сургуульд дахиад мастерт суралцжээ. Ингээд Гадаад хэргийн яаманд ажиллахаар болсон байна. Улс орнуудыг илүү их таньж мэдэхийг хүссэн учраас ийнхүү Гадаад хэргийн яаманд ажилд орсон гэж Кэтрин тайлбарлаж байлаа. Түүнд хоёр сонголт тулгарчээ. Докторын зэрэг хамгаалах боломж байсан хэдий ч улс орнуудын талаар дэлгэрэнгүй мэдэж байж суралцах ёстой гэж үзжээ. Тэгээд сэтгүүлч, академич байх хоёрын дундаас дипломатчийг сонгосон байна. Энэ тухайгаа “Дипломатч байх нь сэтгүүлчийн талаас хүмүүсийг ойлгоно. Академич бол онолын төвшин дэх зүйлүүдийг ухамсарлана. Энэ хоёрыг нэгтгэхэд дэлхийн улс орнуудыг илүү сайн сайхан байлгахад анхаарлаа хандуулан ажиллаж болно гэж харсан. Хувь хүн болон улс оронд болохоор аюулгүй байдал, эдийн засгийн хувьд ашигтай зүйлийг бий болгоход туслах юм байна гэж ойлгосон” гэж ярив. Кэтрин Гадаад хэргийн яаманд ажиллаад хэд хэдэн газар томилогджээ. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржид итгэмжлэх жуухаа барихдаа энгэртээ хоёр одон зүүсэн байв. Энэ нь түүнийг аюултай бүсэд ажиллаж байсныг нотлох иргэний хүндэт медаль юм байна. Тэрбээр сонирхолтой орнуудад ажиллах тун дуртай гэж инээмсэглэн ярилаа. Ингэхдээ “Афганистан бол маш гайхалтай орон. Олон жилийн дайны дараа хөгжиж байгаа. Бидний хамаалалт сайн байсан. Тиймээс би аюулгүй орчинд байв. Харин Афганистанд аялах боломж байгаагүй. Нэг удаа Файзабад гэдэг газар руу явж аялсан. Тэр үед Монголын энхийг сахиулагчид нисэх онгоцны буудал орчмыг хамгаалж байлаа. Тэнд бид долоо хоног байрлаж байхад Монголын энхийг сахиулагчид тун чадварлаг хамгаалж байсан шүү. Монгол орон бол маш гайхалтай. Хаашаа ч очоод аялах боломжтой байна. Би ууланд авирах дуртай. Иранд байхдаа хамгийн өндөр буюу 600 метрийн өндөр галт ууланд авирч байсан. Тиймээс Монголын Алтай таван богд руу авирна гэж бодож байгаа” гэв.

“АНГЛИ МОНГОЛЫН ХАРИЛЦААГ ХЭД ХЭДЭН ШАТАНД ХӨГЖҮҮЛНЭ”

Хатагтай Кэтрин Монголд Элчин сайдаар томилогдож ирсэн ач холбогдлоо ихэд өндрөөр үнэлж байсан шүү. Учир нь ардчилал хөгжөөд 25 жилийн ой тохиож байгаа энэ үед Монгол Улс хөгжлийнхөө чухал шатанд ирж буй хэмээн онцолж байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Европын парламентад хэлсэн үг нь Европын холбоо, Английн зорилготой нийцэж байгааг Элчин сайд Кэтрин дурдав. Түүнээс 52 жилийн түүхтэй хоёр улсын дипломат харил­цаа цаашид салбар, салбарт хэрхэн өргөн тэлэхийг төсөөлж бай­гааг нь тодруулахад “Мон­гол, Англи хоёр улс олон сал­барт хамтран ажил­­лаж байгаа. Английн өндөр технологийг Монголд нутагшуулна. Би Монголд ирсэн даруйдаа “English of school”-д очиж ажилласан. Кэмбрижийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Монголын Засгийн газар, БСШУЯ-тай хамтран энэ программыг цааш нь явуулах сонирхолтой байгаа. Боловсрол бол ямар ч орныг амжилтад хүргэх гайхалтай түлхүүр. Мөн хоёр улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана. Английн шилмэл үүлдрийн, махны ашиг шим, ноосны чанар сайтай хонийг Говьсүмбэр аймагт нутагшуулна. Дээрхээс гадна Их Британийн амьтны нийгэмлэг Монголын Засгийн газар хоёрын хооронд нягт хамтран ажиллаж байгаа. Энэ нийгэмлэгийн маань гол зорилго бол хууль бусаар амьтан агнах, хил гаргахыг хориглодог. Их Британийн Хавтгай хамгаалах нийгэмлэг болон Мазаалай хамгаалах нийгэмлэг Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Амьтан хамгаалах нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал хэсэг. Учир нь амьтан бол тухайн орны соёлын нэг хэсэг байдаг” гэлээ. Тэрбээр амьтанд тун хайртай юм билээ. Одоогоор Монголд бүрэн төвхнөж амжаагүй болохоор хараахан амьтан тэжээгээгүй байгаа аж. Тун удахгүй сонирхлынхоо дагуу олон төрлийн амьтан тэжээнэ гэв.

Английн виз бол амаргүй гардаг. Монголчууд визний мэдүүлэгт орохын тулд Бээжинг зорьдог. Визний чирэгд­­лийг хөнгөвчлөхийн тулд шинээр томилогдсон Элчин сайд ямар ажил хийхийг лавлатал “Визний асуудлын тухайд зөвхөн Монголд биш, дэлхий даяар баримталж байгаа Их Британийн бод­лого юм. Миний ажиллаж байсан бусад орнуудад ч ийм нөхцөлтэй байсан. Ганц Монгол орныг ингээд байгаа юм биш. Визний хувьд Азийн нэг бүсэд төвлөрч буй. Энэ нь бидний харж байгаагаас илүү үр дүнтэй үйл ажиллагаа юм. Визний мэдүүлэг нэг оронд төвлөрсөн нь илүү хямд тусна. Афганистан, Иран, Ирак гээд миний ажиллаж байсан бүх оронд ийм байдлаар ажиллаж байгаа. Монголд байгаа визний материал хүлээн авах төв гэж бий. Тэднийг илүү шуурхай ажиллахад анхаарч байна. Бизнесийн болон аяллаар явах хүмүүст визэнд орох алхмууд нь энгийн байгаа. Энэ үйлчилгээг авсан хүмүүсээс сонсоход таатай байсан” гэлээ.

Элчин сайд Кэтрин Мон­голд ирсэн анхны сэтгэгдлээ маш гайхалтай байсан гэдэг үгээр илэрхийлнэ лээ. Тэр­бээр эрс тэс уур амьсгалтай манай орны цаг агаарт дасан зохицохдоо огтхон ч санаа зовохгүй байгаа аж. Учир нь түүний амьдарч байсан орнуудын ихэнх нь жилийн дөрвөн улиралтай байсан аж. Кэтрин Монголд ирээд удаагүй байгаа ч амралтын өдрүүдийг үр дүнтэй өнгөрүү­лэхийг хичээж байгаа гэсэн. Цонжинболдог руу очиж, музей үзсэн аялал ихэд таалагдсан тухайгаа сонирхуулав. Мөн хотын төвтэй танилцаж, Зайсан руу алхжээ. Тэрбээр амралтын өдөр, чөлөөт цаг гар­вал Монгол оронтой бүхэлд нь танилцаж, аймаг, сум болгонд хүрч ажиллах хүсэлтэй байгаагаа дахин дахин хэлж байсан юм. Түүний хувьд хоёр бөхтэй тэмээ унаж үзэх нь мөрөөдлийнх нь нэг бололтой. Энэ тухай их л сонирхож байгаа янзтай ярьж байв.

Кэтрин олон орноор аялж байсан болохоор үндэснийх нь хоолуудыг ихэж сонирхон зооглодог байна. Монголын хувьд бууз хуушуурт дуртай гэнэ. Тэрбээр гал тогоондоо маш сайн тогооч. Төрөл бүрийн амтыг шинээр гаргах дуртай аж. Тиймээс дэлгүүр хэсэхдээ Монголын цай, бяслаг зэргийг худалдан авсан гэж инээм­сэглэн өгүүлэв. Тэрбээр монгол хэл бага сага мэднэ. Энд ирэхээсээ гурван сарын өмнө монгол хэлийг судалжээ. Гэвч түүний байсан орчинд монгол хүн байгаагүй болохоор бидний хэлийг хэрэглэхэд амаргүй байсан бололтой. ”Сурахад нэлээд хүндрэлтэй санагдсан. Гэхдээ эх оронд нь эрчимтэй сурна аа” гэж байсан шүү.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд