ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.06 12:05

Монгол судлалын олон улсын бага хурал болов

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, АНУ дахь Монголын соёлын төвөөс хамтран зохиодог Монгол судлалын олон улсын 8 дугаар бага хурал энэ сарын 2-4-нд Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралд Монгол Улс, АНУ, ОХУ, БНСУ-ын 20 шахам эрдэмтэн, судлаачид уригдан оролцож, Монголын түүх, уран зохиол, өнөөгийн Монголын нийгэм дэх тулгамдсан асуудлууд, боловсрол гэсэн 4 салбар хуралдаанд илтгэл тавьж, мэдээлэл хийв.

Элчин сайд Б.Алтангэрэл бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газраас гадаад дахь монгол судлалыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, үүнд шинээр байгуулагдсан “Монгол судлалыг дэмжих сан” дорвитой дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол судлалын бага хуралд оролцож буй эрдмийн цол зэрэгтэй хүмүүс олон болж, тавьж буй илтгэлийн чанар сайжирч байгааг олзуурхан тэмдэглэж, цаашид олон улсын Монгол судлалд хувь нэмрээ оруулахуйц арга хэмжээ болгон хөгжүүлэхийн төлөө ажиллахын чухлыг тэмдэглэв.

Өмнөх жилүүдийн Монгол судлалын бага хурал манай улсын түүх археологи, утга зохиол, хэл шинжлэлийн асуудлаар зохиогддог байсан бол энэ удаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүд, тэдгээрийн нийгэмд үзүүлэх нөлөө, ололт амжилт, алдааг үнэлж цэгнэх, шинжлэн дүгнэх зэргээр шинэ сэдвүүдийг хөндөж ярилцав.

Бага хурлын нэг салбар хуралдааныг нэрт эрдэмтэн Хангины Гомбожавын дурсгалд зориулсан бөгөөд түүний амьдрал, уран бүтээлийн талаар Монгол-Америкийн соёлын нийгэмлэгийн тэргүүн Санжийн Алтан илтгэл тавьж, Х.Гомбожавийн шавь, Монголч эрдэмтэн А.Кэмпи, яруу найрагч Ч.Дагвадорж нарын хүмүүс дурсамжаасаа хуваалцлаа.

Х.Гомбожав бол АНУ-д монгол судлалын үндсийг тавьж бэхжүүлсэн, Монгол Улсыг НҮБ-д элсэх, Монгол-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох зэрэг түүхэн үйл явдалд гар бие оролцсон гавьяатай нэгэн билээ.

Хурал зохион байгуулагчдын зүгээс төлөөлөгчдийг АНУ-ын Конгрессын номын санд зочлуулж, Монголын судар бичгийн өв соёлтой танилцуулав. Мөн Монголын соёлын төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ  өөрийн цуглуулгаасаа 1920-иод оны Монголын хууль цаазын эх бичвэрүүдийг эх хувиар нь дэлгэн үзүүлж сонирхууллаа. АНУ дахь Монгол Улсын ЭСЯ дээр зохион байгуулагдсан энэ удаагийн бага хуралд нийт 50 гаруй төлөөлөгч оролцов.

Онцлох нийтлэлүүд