ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2017.04.07 04:04

МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ЭНХТӨГСИЙН ОЮУНБОЛД: ЖИГЖИДИЙН МӨНХБАТ АВАРГЫН АМЖИЛТЫГ ДАВТАЖ, 22 НАСАНДАА ТӨРИЙН НААДАМД ТҮРҮҮЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА

Нийтлэлч: Бямбажавын Цэнддоо

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын арслан Энхтөгсийн Оюунболдтой ярилцсанаа хүргэе.

-Төрийн наадамд ес давж бахтайхан түрүүллээ. Бөхөд хайртай монгол түмэн баярлаж байна. Ижий аав хоёр тань ихэд баярлаж байгаа харагдлаа. Өнөө жилийн наадамд түрүүлнэ гэж бодогдож байв уу?

-Хүний амьдралд дахин давтагдашгүй агшин хором гэж байдаг бол миний хувьд монгол төрийнхөө наадамд түрүүлсэн энэ цаг мөчөө хэлнэ. Дөрвөн уулынхаа дунд багтаж ядталаа баярлаж байна даа. Ижий аав, багш нар минь надаас дутуугүй баярлаж байна. Төрийн наадамд зодоглох хүүгээ нутгийн уулс нь түшдэг юм гэдэг. Хан Хэнтийн минь их уулс түшлээ. Есийн даваанд П.Бүрэнтөгс арсланг давчихаад тугийн мандал руу алга хавсран гүйхдээ “Ингээд би төрийн наадмын түрүү бөх болчихлоо гэж үү” хэмээн бодоод хоёр нүдний нулимс гарсан. Энэ жилийн наадмын бэлтгэлээ Сүүж уулын өвөрт Бүдээбазарын Адъяахүү багшийнхаа удирдлага дор базаасан. Манай нутгийн хүчит бөх дархан аварга, хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ Сүүж уулын өврөөс наадмын бүх түрүүгээ хүртсэн байдаг. Бөхөд ийм л ээлтэй сайхан дэвжээнээс наадмын түрүү хүртэж, улсын арслан хэмээх эрхэм цолонд хүрсэндээ баяртай байна. Төрийн наадмын түрүү бөхөөр тодрон төв цэнгэлдэхийн индэрт гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс арслан цолны үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардчихаад нутгийн ах Бат-Эрдэнэ аваргад үнсүүлэхэд “Улсын арслан сайхан цол шүү. Хэн хүний хүртээд байдаг цол биш ээ. Хүндэтгэж яваарай” гэж чихэнд минь хэлсэн. Тэр үгний үнэ цэнийг мэдэрч байна.

-Мөөеө аварга 1963 онд хорин хоёр насандаа төрийн наадамд түрүүлж арслан цол хүртэж байжээ. Халхын их аваргын амжилтыг өөрөө 52 жилийн дараа давтлаа?

-Ес даван түрүүлж есөн хөлт цагаан тугаа баяр бахдал дүүрэн тойрч байхад бөхийн тайлбарлагч төв цэнгэлдэхэд “Мөнхбат аваргын амжилтыг 52 жилийн дараа Оюунболд маань давтаж байна” гэж хэлэхэд цэнгэлдэх дүүрэн наадамчид уухайн түрлэг хадаасан. Миний бие 2008 онд 15 настайдаа улсын наадмын өсвөрийн бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдээд унасан. Дараа жил нь түрүүлнэ гэсэн бодолтой очоод шөвгийн дөрөвт үлдсэн. Ингээд 19 насандаа Хэнтий аймгийнхаа наадамд зодоглон Б.Хадбаатар арслантай үлдэж түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн юм. Тэр жилийнхээ улсын наадамд зодоглоод хоёрын даваанд Ховдын Ц.Мягмарсүрэн зааныг өвдөглүүлж, гурвын даваанд Давааням зааны хүү улсын начин Лхагвадоржид тахимаа өгсөн дөө. 2013 онд хорин насандаа төрийн наадамд хоёр дахиа зодоглож До.Ганхуяг арслангаар дөрөв, И.Доржсамбуу гарьдаар тав давж начин болоод зургаагийн даваанд Т.Санчир заанд амлуулан барилдаад түүнийг хамж дайрах мэхээр давж улсын харцага цолонд хүрсэн. Харин түрүү жилийн наадмаар Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат аймгийн заан Б.Болдбаатараар гурав давж дөрвийн даваанд Сэлэнгийн өндөр Ч.Баянмөнх начинд өвдөг шороодсон юм. Тэгвэл өнөө жил 22 насандаа төрийн наадамд ес даван түрүүлж улсын арслан цол хүртэн Жигжидийн Мөнхбат аваргын монгол бөхийн дэвжээнд дархлан үлдээсэн түүхэн амжилтыг давтлаа. Үүнд маш их баяртай байна.

-Улаан хүрэн дээлтэй, бөхийн малгайтай хүн уйлаад л, ийш тийшээ гүйгээд л их баярлаж байсан. Тэр хүнд хүмүүс баяр хүргээд байсан нь танай аав юм билээ. Залуу арслангийн маань аав бөх хүн байдаг гэсэн. Тэр тухай сонирхуулахгүй?

-Ижий аав хоёр маань Өмнөдэлгэрээс манайд ирчихээд байж байгаа. Хотод наадам үзсэн. Хүүгийнхээ барилдааныг үзнэ гээд хүрээд ирсэн. Ерөөлөөр болсон юм шиг миний бие сайхан барилдаан үзүүлж ижий аав хоёроо, ус нутгийн олон түмнээ баярлуулж чадлаа. Наадмын өглөө аав “За миний хүү сайхан барилдаарай. Өөрийнхөө санаснаар л барилдаарай” гэж хэлсэн. Төрийн наадмын даваа бүхэн амаргүй байдаг. Энэ жил ч ялгаагүй, хэцүүхэн учраануудтай таарлаа. Тэр бүгдэд аавынхаа захиснаар өөрийнхөөрөө л барилдсан. Ээж маань сүүгээ өргөөд, тэнгэр бурхан, уул усандаа залбираад байсан гэсэн. Ээжид нь хамгийн хэцүү нь дөрвийн даваа байлаа гэж хэлж байв. Ш.Мөнгөнбаатар арслантай оноолт таарсан барилдааныг хэлж байгаа хэрэг. Мөнгөнбаатар арслан бид хоёр өмнө нь олон барилдаж байсан. Давж унаж явсан бөхчүүд. Адъяахүү багшийн шавь, “Аварга” сургуулийн бөхчүүд юм. Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдааны наймын даваанд Мөнгөнбаатар арслантай тунаж барилдаад би давсан. Өнгөрөгч жил Өндөрхаан хайрханы тахилгад түрүү үзүүрт шалгарч миний бие түрүүлж байсан удаатай. Харин монгол бөхийг Гиннест бүртгүүлсэн барилдаанд би Мөнгөнбаатар арсланд тавын даваанд унаж байсан юм. Манай аав Дашдоржийн Энхтөгс аймгийн начин цолтой. Өмнөдэлгэр сумын уугуул. Аавын маань аав, манай өвөө Өмнөдэлгэр сумандаа нэгдлийн адуу малладаг, морь сайхан уядаг, нутаг усандаа зартай уургач, уяач хүн байсан. Гоё халиун гэж хурдан хүлэг байсан. Манай удмынхны унаган адуу даа. Ээж Алимаасүрэн Цэнхэрмандал суманд төрсөн. Ээжийн аав болохоор Хэнтийн Дадал сумын уугуул, малын их эмч.

-Өнөө жилийн наадмын учраа бөхчүүдийн талаар асууя. Дөрвийн даваанд хурц арслан Шарын Мөнгөнбаатартай оноолт таарч давсан. Түүнтэй өмнө нь барилдаж байснаа ярилаа. Тавын даваанд аймгийн арслан М.Бадарчийг, зургаад шинээр начин цолны болзол хангасан Дашийг, долоод Ц.Содномдорж харцагыг тунаж давсан. За тэгээд наймын даваа буюу их шөвөгт Б.Гончигдамба гарьдыг тунаж, есийн даваанд П.Бүрэнтөгс арсланг давж түрүүлсэн. Даваа бүхэн амаргүй байсан нь мэдээж?

-Гурвын даваанд Өвөрхангайн П.Ганхүү начинг амлаж давсан. Энэ тухай хүмүүс асууж байна лээ. Улсын цолгүй олон бөх байхад яагаад Ганхүү начинг амласан бэ гэж. Тэр бол миний сонголт байсан. Монгол бөхөд цолныхоо эрэмбээр ам авдаг сайхан уламжлал бий. Тэр дагуу л ам авч барилдсан. Мөнгөнбаатар арсланг хагалж татаад давсан юм. Хурц арслантай наадмын бэлтгэлд хамт гарсан. Хэн хэнийхээ барилдааныг мэднэ. Тавын даваанд ам авах үнэндээ амаргүй байлаа. Ч.Ганзориг, О.Хангай, Э.Даш гээд улсын цолонд зүтгэж байгаа олон сайхан бөхчүүд байсан. Мөн Булганы Э.Энхбат начин, Говь-Алтайн Л.Цэрэнтогтох, Увсын Т.Баасанхүү гээд хүчтэй уран барилдаантай начингууд байсан. Тэр дундаас Архангай аймгийн арслан М.Бадарчийг амласан юм. Барилдаан таарах болов уу гээд амласан л даа. Бадарчийн хувьд өнгөрсөн жил төрийн наадамд дөрөв давчихсан бас л барилдаанч, сайхан арслан шүү дээ. Барилдаан багагүй удааширч би барьц сонгооноос давсан. Зургаад Б.Одгэрэл, Ч.Ганзориг, Э.Даш гэсэн улсын цолны босго дөнгөж алхаад байгаа бөхчүүдээс Дашийг амлаж барилдсан. Тахимдах мэхээр түүнийг давсан. Долоогийн даваанд Ч.Санжаадамба заан, Ц.Содномдорж харцага нарын аль нэгтэй нь тунах байх гэсэн таамаг байсан. Тэгтэл таамагласан ёсоор Содномдорж харцагатай тунасан. Тийм ийм барилдаан гаргана гэсэн төлөвлөгөө байгаагүй. Өөрийнхөөрөө барилдъя л гэж бодсон. Тэгээд хүч үзсэн дээ. Гончигдамба гарьд, Бүрэнтөгс арслан хоёр бол төрийн наадмын өндөр даваанд барилдаад үзчихсэн, түрүү үзүүрлэж байсан энэ цаг үеийн хүчтэй бөхчүүд. Миний хувьд шийдэмгий барилдаанууд гаргасан. Дээлийн маань захыг мушгиад зогсож байсан ээжийн маань нутаг Цэнхэрмандалын Бадарчийн Батбаяр начин гээд ус нутгийн ах нар зааж зөвлөж байсан. Адъяахүү багш маань барилдааны дундуур зааж зөвлөж байсан. Бүх даваануудад санасандаа хүртэл сайхан барилдлаа. Монгол бөхийн энэ сайхан цолыг хүндэтгэж явна. Нутгийнхаа уул усанд сүсэж монгол бөхийн дэвжээнд илүү их амжилт гаргахын төлөө зүтгэнэ дээ.

-“Тоёота” корпорацийн хамт олон “Ланд крузер-200” маркийн авто машины түлхүүр гардууллаа. Энэхүү ёслол Чингэсийн талбайд болсон. Тэр үеэр та Адъяахүү багш, Ц.Хосбаяр багш нартаа баярлалаа гэдгээ дахин дахин хэлж байсан. Ингэхэд Адъяахүү багш дээрээ арван хэдэн настай хүүхэд ирж байсан гэдэг. Тэр тухайгаа МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийг арав давж магнайлаад манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байсан даа?

-2007 онд арван дөрвөн настай хүүхэд Б.Адъяахүү багш дээр очсон. Надад бөхийн эрдэм анх заасан хүн Адъяа багш маань юм. Уран барилдаанч мундаг багш. Улсын харцага Пүрэвсайхан, улсын начин Э.Энхбатаас аваад олон хүнийг бөхийн эрдэмд сургасныг манайхан мэдэх байх. Бөхийн бэлтгэл гэдэг ийм нарийн дэг жаягтай, утга агуулгатай, тийм амар хялбар биш гэдгийг сургасан. Их спортоор хичээллэх хэрэгтэйг хэлж байлаа. Их спортоор, чөлөөт бөхөөр хичээллэсэн маань үндэсний бөхөд амжилт үзүүлэх нэг том бааз суурь болсон. 2010 онд чөлөөтийн улсын өсвөрийн аваргад түрүүллээ. Дараа нь Ташкент хотноо болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүүхдийн олимпод оролцох эрхээ авсан. Олон улсын олимпийн хорооноос хүүхдийн анхдугаар олимпийг Сингапурт 2010 оны наймдугаар сард зохион явуулсан юм.

Уг наадамд Монгол Улсынхаа төрийн далбааг өргөж явах хүндтэй, хариуцлагатай үүргийг Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн гуайгаас хүлээн авсандаа маш их баярлаж билээ. Чөлөөт бөхийн 100 килограммын жинд хүч үзэж тавдугаар байрын шагнал хүртсэн. Мөн уг наадмын элсний чөлөөт бөхийн барилдаанд оролцож хүрэл медалийн эзэн болсон. Ингэж л их спортоор хичээллэж, хүүхдийн олимпийн наадамд төрийнхөө далбааг өргөж явах алдрыг “Аварга” сургууль, Адъяахүү багш маань өгсөн түүхтэй. Наймдугаар ангиасаа хойш бараг л хичээлд яваагүй хүн чинь “Аварга” сургуулийн лицей сургуульд суралцаж, улмаар “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн оюутан болсон доо.