ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.07.04 11:07

Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнгийн өнөөдрийн үнэ цэн

.

Монгол Улсын баатар, Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд, Хурандаа Пунцагийн Шагдарсүрэн 101 насандаа таалал төгсжээ. Тэрээр 1959-1963 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд, 1963-1972 онд МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, Энэтхэг, БНАСАУ, Унгар, Польш, ХБНГУ, Афганистан, Ардчилсан Герман, БНХАУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Манай сонины нийтлэлч П.Хашчулууны 2014 онд бичиж байсан "Улсын баатар П.Шагдарсүрэнгийн өнөөдрийн үнэ цэн" нэртэй нийтлэлийг түүнийг дурсан санаж уншигчдадаа хүргэж байна.


Монгол Улсын баатар, хурандаа П.Шагдарсүрэн таалал төгсчээХалхголын байлдаанд Монголын цэргийн удирдах бүрэлдэхүүнд тулалдсан Пунцагийн Шагдарсүрэнд Монголын төр Улсын баатар цолоо олголоо. Үнэхээр дайн байлдаанд оролцсон, дайснаа дарж явсан хүмүүст Баатар цол олгодог ёстой юм бол П.Шагдарсүрэн гуай гарцаагүй баатар хүн мөн юм. Өнөөдрийн хүмүүст үргэж цочихоор үнэнийг хэлэхэд энэ өвгөн 21 настайдаа 17-р морьт хорооны штабын даргын албан тушаалтай байлдаанд орж Монгол Улсын дархан хил, бүрэн бүтэн байдалд халдан түрэмгийлсэн япончуудтай цусаа урсган тулалдсан, амийг амиар сольж явсан, үүнийхээ төлөө амь насаа бууны исгэрэх суман дунд өнгөрөөсөн хүн юм. Тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо “Манай хороон дарга Дандар зоригтойгоо харуулах гэж байгаа нь тэр юм уу, дайралтанд орохдоо хуягт тэргэн дээр сандайлж суугаад автоматаар шүршээд явчихдаг байсан...” гэж ярьсан. Л.Дандарыг тэгж япончуудыг автоматаар шүршиж явсныг харсан хүн дэргэд нь бас япончуудыг шүршиж явсан байж таарна биз дээ. “Байлдааны эхэн үед хоёр япон баривчлаад сүүлд нь өнөө хоёрыг чинь хааш нь хийхээ мэддэггүй, жалганд аваачаад буудчихаж билээ” гэхэд нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүй “Яанаа...” хэмээн нүдээ бүлтийлгэн амаа дарж, үнэн ярьж байна уу гэсэн итгэлгүй харцаар харж байсныг үзэгчид харсан байх. Тэгж буудах нь наад захын хэрэг явдал байсан он жилүүд шүү дээ. Тэд эх орныхоо төлөө энэ бүхнийг хийж байсан юм. Ийм үнэнийг ярих хүн үлдээгүй болохоор, энэ цаг үед ингэж ярих амьд домог өмнө нь сууж байсан болохоор тэр нэвтрүүлэг үнэхээр гайхамшигтай байсан. Б.Лхагвасүрэнгээс нэгэнтээ таны нэвтрүүлгийн оролцогчдоос хамгийн содон онцгой хүн хэн байсан бэ гэж асуухад “Шагдарсүрэн гуай байсан” гэж түвэггүй хариулсан юм. Магадгүй монголын сэтгүүлчдийн өмнө ийм аймаар үнэн түүхийг ярьж суух амьд гэрч тийм ч олон тохиохгүй байх. Үүгээрээ П.Шагдарсүрэн гуай үнэ цэнтэй билээ. Түүний амнаас гарсан үг бүхэн түүхэн баримт. Амнаас гарсан үг бүр нь алтаар үнэлэгдэх цаг үе урсан өнгөрч байна. “Дивизийн дарга Шаарийбуугийнхаа шарилыг олохын тулд Олзвой бид хэд Хайлааст манханд хайж явахад...” гэж ярих нь улсын баатар П.Шагдарсүрэн гуай шүү дээ. 1940 онд Олзвой баатрыг нас барахад Чойбалсан оршуулганд нь оролцсон юм. Өнөөгийн бидэнд Хүннү Сүннүгийн үед гэдэгтэй бараг адил алсад сонсогдох ийм л түүхэн домогт хүмүүстэй мөр зэрэгцэж явсан хүн өнөөдөр бидний дунд байна гэхээр үнэмшимээргүй санагдах. П.Шагдарсүрэн баатар “100 эрхэмд” өгсөн яриа, бусад сонин хэвлэлд өгсөн яриануудаас гадна сонин содныг ярьсан нь цөөнгүй. Япончууд манай хайчин галд орж хүнд байдалд орохоороо хөшгөн утаа татчихна, нэл утаа болоод юу ч харагдахгүй болохоор дэмий буудах хэрэг гарна, төдөлгүй өнөө утаа замхарсны дараа харахад бидний суманд өртөж үхсэн, шархдсан цэргүүдээ орхиод ухарчихсан байдагсан, шөнө нь буцаж ирж цэргүүдийнхээ хүүрийг авах гэж заавал оролддог нь япончуудын зан байлаа, зэвсгийн хувьд бидний хэрэглэж байсан орос буунууд хамаагүй хол тусгалтай байсан л даа. Япончуудын бууны тусгал тийм ч хол биш гэж ярих нь яах аргагүй амь өрсөн тулалдаж явсан цэргийн яриа биздээ. Энэ мэт энгийн тулаанаас эхлээд цааш ихийг ярьсан байдаг. Цааш ярьсанууд нь ямар гайхамшигтай, ямарч хүн шүлсээ гоожуулан сонсохоор тийм түүхүүд. Бид дайны баатруудаа нэг талаар огтхон ч тоодоггүй байж. Үнэхээр Халхголын дайны баатар байсан Жамбаа гуай, чөлөөлөх дайнаас төрсөн улсын баатар Дүүдэй гуай нар саяханыг болтол амьд байж, сүүлд буцацгаасан. Сэтгүүл зүйн зах зух руу орж явсан надад тэдэнтэй хальтхан уулзах аз тохиох үед яг л П.Шагдарсүрэн баатрын ярьж байгаатай нэгэн адил “аймаар”-ыг ярьсан нь ой тойнд үлгэр домог шиг сонсогддог байсан санагдана. Өнөөдөр тэгж тулалдаж явсан хүн байгаа гэх нь бүү хэл таван жилийн өмнө Халхголын ялалтын 70 жилийн ойгоор тэгж япончуудыг хядаж явсан хүн олдохгүй болчихсон байж билээ. Гэтэл үлдсэн байжээ, өнөөдөр бид Баатар цолоо авахыг нь хараад сууж байна. Түүний залуу нас дайны жилийн цэрэг явсан. Түүний залуу нас дайсан, үхэл хоёрын дунд өнгөрсөн. Түүний залуу нас маршал, хэлмэгдэл хоёрын дунд манаргасан. Үүгээрээ П.Шагдарсүрэн гуай үнэ цэнтэй байна

Таны үеийн цэргийн дарга нарын дийлэнх нь хэлмэгдэлд өртөж нас барцгаасан. Та хаагуур нь үлдсэн юм бэ гэхэд “Азаар маршалтай ойр, нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан болохоор оролдоогүй байх” гэж хэлсэн юм. Тэр үеийн тэмтэрч мэдрэгдэх нь хэцүү болсон ороо бусгаа цаг үеэс үлдсэн үнэн үг гэвэл энэ л байх. Тэр яг үнэнийг хэлсэн. Маршал Х.Чойбалсангийн дэргэд 9 жил яс тас байсандаа тэр хэлмэгдлийн хар шуурганд өртөөгүй юм. Тийм болохоор тэр маршалдаа хайртай. Түүний тухай түүхийн үнэнийг хэлэхэд хэл нь ээдэрдэг байхыг зөвтгөх учиртай. Улсын баатар П.Шагдарсүрэн гуай ихийг мэдэж байгаа. Гэхдээ өөртэй нь хамт дуусах үнэн гэж хүнд байдаг. Энэ хуучны хүмүүст байдаг зан чанар. Тийм цөөхөн хүний нэг бол П.Шагдарсүрэн. Х.Чойбалсан нас барахынхаа өмнөх агшинд ямархан байдалтай байгаад амьсгал хураасныг өнөөдөр амьд байгаагаас ганц энэ хүн л мэднэ. Маршалыг нас барах тэр агшинд дэргэд нь байсан гурван монгол хүний нэг нь. Өнөөдрийн монголчууд юу мэдэхийг хүсч байна гэвэл нэгэн үеийн Монголын удирдагч Х.Чойбалсангийн сүүлчийн үг, үйлдэл юу байсныг. Барин тавин баримтаар бол Х.Чойбалсан нас барахынхаа өмнөх агшинд Сталиныг зургийг авчруулан мөргөсөн байдаг. Үүнийг өнөө хоёр монголын нэг нь баталсан, нөгөөх нь үгүйсгээгүй, тэгэхдээ “тийм” гэж хэлээгүй. Харин П.Шагдарсүрэн гуай “Москвад сурч байсан над руу Маршалын комиссар Бат-Очир утасдаж яаралтай ир хэмээн машин явуулсан. Намайг ороход маршал...” гээд үгээ залгичихаад байгаа юм. БавуугийнЛхагвасүрэн хэлүүлэх гэж их хичээсэн. Саяхан Б.Лхагвасүрэн гуайгаас миний бие хэрэг болгож асуусан. 100 эрхэм нэвтрүүлэгч тэгээд өнгөрсөн. Хоёулахнаа байхдаа үнэнийг хэлсэн үү гэж. Б.Лхагвасүрэн гуай “Хуучны хүмүүс гэдэг өөр байдаг бололтой. Надад үнэнийг хэлбэл хэлэх л хүн. Бид хоёр нэг нутаг, эртний танилууд, юу ч дуугараагүй шүү” гэсэн билээ. Зарим түүхийн содон үнэнийг өөртэйгээ үлдээгээд дуусах хүмүүсийн нэг нь П.Шагдарсүрэн юм байна. Баабарын гаргалгаагаар бол Х.Чойбалсангийн тэр үйлдэл нь Сталинаас амь гуйсан сүүлчийн арга байсан гэж хэлдэг. Энэ мэт ээдрээт олон түүхийн учгийг тайлж хэлэх ганц хүн нь хэдий ч хэлэхгүй гүрийсээр байгаагаараа П.Шагдарсүрэн үнэ цэнтэй байна.

Монгол Улс дайн байлдаантай, хэлмэгдүүлэлтэй, тусгаар тогтнолоо олж ядаж байсан он жилүүдэд түүхэн үйл явдлуудын дунд, түүхэн үүрэг гүйцэтгэж явсан хүмүүсийн дэргэд гэрэл зургийн аппараттай ганцхан хүн байсан нь П.Шагдарсүрэн гуай юм шүү дээ. Үүнийг хүмүүс төдийлөн анзаарахгүй байгаа юм. Өнөөдөр бидэнд үлдсэн түүхэн гэрэл зургуудийн ихэнхийг П.Шагдарсүрэн гуай авчээ. Халхголын дайны үеийн Х.Чойбалсан, Г.К.Жуков нарын зургууд, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал болон бусад нам төр, цэргийн удирдагчдын гэрэл зургууд, Маршалын амьдралын сүүлийн үеийн зургууд, тэрбүү хэл хүн бүрийн мэдэх тухайн үеийн үндэсний бөхийн аваргууд болох Их монгол Шаравжамц, Буянтоо аварга, “молиг бүргэд” хэмээх Бат-Очир, “буур” хэмээх Жамьян аварга нарын маршал Х.Чойбалсантай авахуулсан гэрэл зураг хүртэл П.Шагдарсүрэнгийн дарсан зураг юм. Түүний авдарт олонд дэлгээгүй үүнээс ч гайхамшигтай гэрэл зургийн хальснууд байж магад. Энэ мөн л түүнд байгаа үнэ цэн.

Нэгэн үед нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явсан Япон улсдаа Гадаад харилцааны сайд болчихсон ажлын айлчлал хийж явсан хувь зохиол хүн бүрт тохиох уу. Буудалцаж явсан дайсантайгаа гар барин дипломат харилцаа тогтоосон түүх монголын дипломатчдын хэдийнх нь амьдралын замналд байгаа бол. Түүний улсынхаа гадаад харилцааны салбарт гүйцэтгэсэн үүрэг роль нь тусдаа сэдэв болно.

Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн эр хүний л амьдралаар амьдарч ирсэн эр хүн. Сүхбаатар жанжны хоёр гэргийтэй суусан хүн шүү дээ. “Сүхбаатар” киноны Сүхбаатар жанжны гэргийд тоглосон Ө.Рэнцэнноров хатагтай, “Өглөө”, “Тэмцэл” киноны Сүхбаатар жанжны гэргийд тоглосон Д.Нямаа хатагтай нарыг гэргийгээ болгож явсан үнэн түүх түүнд бий. Тэр үеийн сайхан хүүхнүүд гэвэл тэд нар. Маршалын нарийн бичиг гэсэн мандат байсан л биз, Халхголын дайнд оролцсон цэргийн даргын сүр хүч байсан л биз. Цэргийн амьдралын төлөвшил, биеэ авч явах чадвар, мэдлэг боловсрол... юм юм нь түүнийг дутуу юмгүй сайхан амьдруулж явна. Өнөөдөр П.Шагдарсүрэн гуай 97 настай. Ярьж хөөрч, явж гишгэж байгаагаараа бол 70 настай хүн шиг харагдана. Ингэж наслана гэдэг эрүүл саруул явахын том дэг сургууль, амьдралын зөв хэмнэл, сайхан үлгэр дууриал, бас л үнэ цэн.

Гайхамшигтай үйл явдлын дунд байж, гайхалтай түүхэн хүмүүстэй хамт ажиллаж, гайхамшигтай монгол эрчүүд-тэй мөр зэрэгцэн тулалдаж, гайхамшигтай сайхан хүүхнүүдийг эхнэрээ болгож, гайхалтай сайхан үр хүүхэд, ач зээсээ тойруулан, урт наслан, удаан жаргаж суугаа Улсын баатар П.Шагдарсүрэнд хүргэх урилга байна. Халхголын ялалтын 80 жилийн ойн баярын парад дээр уулзацгаая.


Онцлох нийтлэлүүд