ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2018.08.03 12:08

Монгол улсын “саарал жагсаалт”-нд оруулах эсэхийг шийдвэрлэх хугацааг сунгажээ


Саарал жагсаалтад орвол ямар эрсдэлтэй болох талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун “Саарал жагсаалтад орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулах, банкны гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэй байдаг.

Санхүүгийн системийн үйл ажиллагаанд доголдол үүсэхэд үр дагавар нь нийт эдийн засагт шууд мэдрэгдэж, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт олоход ч хүндрэлтэй болно. Оллоо гэхэд энэхүү хөрөнгө оруулалтынх нь зардал эрс нэмэгдэж, эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж, эцсийн хэрэглэгч болох энгийн хүмүүст дарамт болдог” гэж тайлбарлаж байв.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага /FATF/-ын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг /APG/-ийн жилийн уулзалт Балба Улсын Катманду хотод өнгөрсөн сарын 21-27 -ны өдрүүдэд болжээ.

Уулзалтад Монгол Улсаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан, Монголбанк, СЗХ, СЯ, ХЗДХЯ, УЕПГ, АТГ, ЦЕГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг оролцсон юм байна.

Тус уулзалтын үеэр Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд 2017 онд хийсэн Харилцан үнэлгээний тайлангаар өгөгдсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнасан талаар Монголбанк мэдээлжээ.

Уг тайлангаас Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, үйл ажиллагааны цаашдын чиглэлийг харгалзан үзээд Монгол Улсыг Олон Улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын “саарал жагсаалт”-нд оруулах эсэхийг шийдвэрлэх хугацааг дахин 12 сараар сунгаж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээний үр дүнг нь харахаар болсон байна.

Онцлох нийтлэлүүд