ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2018.09.06 02:09

Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хѳрѳнгѳ оруулалтын таатай боломж нээгдэж байна

Уул уурхайн боловсруулах салбарын дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг өнөөдөр эхэлсэн эрдэс баялаг, уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2018” чуулга уулзалт дээр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар тодотголоо.

Нүүрсний салбарын “Coal Mongolia-2018” чуулган өндөрлөхтэй залгуулаад өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн эрдэс баялаг, уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia: Minerals and Mining Business Summit” чуулганыг УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нээж хэлсэн үгийнхээ эхэнд, “Хѳрѳнгѳ оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүй, зохицуулалтын орчинг бий болгох, хөрөнгө оруулалтыг татах талаар манай Засгийн газар тэргүүн зорилтоо болгон ажиллаж байна. Монгол Улсын уул уурхай, хайгуулын салбарт хѳрѳнгѳ оруулалт татах чиглэлээр дэлхийн зарим орны санхүүгийн тѳвүүдэд биечлэн ажиллаж, цаашид ч та бүхэнтэй мѳр зэрэгцэн Их Британи, Австрали, Канад болон бусад оронд болох олон улсын томоохон арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн идэвхтэй ажиллах болно” гэдгээ илэрхийлээд геологи, хайгуулын талаар хийж буй ажлуудыг танилцуулав.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хайгуулын 1537 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Өнгөрсөн сард Засгийн газрын 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг баталж, нийт 8.5 сая гектар талбайд сонгон шалгаруулалт зарлаад байгааг дуулгалаа. Тэрээр, “Цаашид бид геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, геологийн нөөц, бололцоогоо бүрэн танин мэдэх чиглэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулах, мэдээллийг ил тод, нээлттэй болгох чиглэлээр тодорхой ажлуудыг хийнэ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хүнд үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж, Энэтхэг улсаас олгосон хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг өнгөрсөн зургадугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ сумд тавилаа. Уг үйлдвэр байгуулагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах боломж бүрдэх юм. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр, нүүрснээс нийлэг байгалийн хий гаргах, төмрийн хүдрийг боловсруулж дотооддоо ган үйлдвэрлэх чиглэлийн төслүүд хэрэгжиж, төлөвлөгөөний дагуу ажлуудыг хийж байна.

Мөн Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс угаах, нүүрс-химийн үйлдвэрүүд баригдаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно. Уул уурхайн салбараас олж буй орлогын менежментийг сайжруулах, өнөө болон хойч үедээ шударгаар хуваарилах, оролцоог хангасан өсөлтийг бий болгох, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүднээс Үндэсний Баялгийн сан байгуулах, хууль эрх зүйн орчныг бий болгох бэлтгэл ажлыг хангаж байна. Манай улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүний зах зээл эерэг, хөрш орнуудын хамтын ажиллагаа шинэ шатанд өргөжиж, томоохон ордын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх ажлуудыг хийж, бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн интеграци улам бүр гүнзгийрэх хандлагатай байгаа үед бид бүхэн чуулж байна. Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хѳрѳнгѳ оруулалтын тун таатай боломж нээгдэж байна. Уул уурхайн хайгуул, олборлолт, нэмүү өртөг шингэсэн боловсруулах салбар, шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо байна. Энэхүү өндөр хөрөнгө оруулалтын хэрэгцээг хангахад та бидний бүтээлч хамтын ажиллагаа шаардлагатай байна” гээд дараахь чиглэлээр хамтарч ажиллахыг санал болгон уриалсан юм. Үүнд:

  • Шууд хөрөнгө оруулалт (FDI);
  • Шинэ техник технологи нэвтрүүлэх;
  • Уул уурхайн шинэ чадавхи, мэдлэг, ноу хау;
  • Хөрөнгө босгох, хөрөнгийн санхүүгийн менежмент;
  • Төр болон хувийн хэвшлийн түншлэл (PPP) зэрэг болно


Онцлох нийтлэлүүд