ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.05.23 01:05

Монгол Улсын Шүүх засаглалын талаарх УИХ-ын шийдвэр нь олон улсын хүний эрхийн хуулийг зөрчсөн гэж НҮБ-ын хүний эрхийн зөвлөл дүгнэжээ


НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн шинжээчид тавдугаар сарын 14-нд Монгол Улсын Засгийн газарт ил захидал илгээжээ. Түүндээ шүүх засаглалын талаарх УИХ-ын шийдвэр нь Монгол Улсад хүлээн зөвшөөрсөн Олон улсын Хүний эрхийн хуулийг зөрчсөн гэж дүгнэжээ. Мөн захидалд зөрчилтэй холбоотой зөвлөмжүүдийг дурдсан байна. Урьд нь НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлын тусгай илтгэгч ноён Форст дөрөвдүгээр сарын сарын 30-наас тавдугаар сарын 13-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийх тухай мэдээлж байж. Тэрээр энэхүү айлчлалынхаа хүрээнд манай Засгийн газрын төлөөлөл, орон нутгийн засаг захиргаа, хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгмийн төлөөлөл болон бусад талуудтай уулзаж, Монгол дахь хүний эрхийн хамгаалагчдын хуримтлуулсан сайн туршлага болон тэдэнд тулгардаг сорилт, бэрхшээлүүдийн тухай ярилцах талаар мэдээлж байв. Тусгай илтгэгч нь Монгол Улсад хийсэн айлчлалын тайлангаа 2020 оны гуравдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд олон нийтэд нээлттэйгээр танилцуулах аж. Ингээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс манай Засгийн газарт илгээсэн 10 хуудас бүхий ил захидлыг хөрвүүлэн хүргэж байна.


Үндэстний ордон, Женев, Швейцарь

Эрхэмсэг ноён/хатагтай/

НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 34/5 ба 35/11 тоот тогтоолын дагуу Хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлын тухай асуудлаарх тусгай илтгэгч, Шүүх засаглалын хараат бус байдлын асуудлаарх тусгай илтгэгч, мөн өмгөөлөгчийн хувиар Та бүхэнд хандахад таатай байна.

Монгол Улсын “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль” ба “Прокурорын эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотой бидний олж авсан мэдээллийг танай Засгийн газарт хүргэж, анхаарал хандуулахыг хүсч байна.

Монголын Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийн дагуу Прокурорын газрын удирдлага ба шүүгчдийг чөлөөлдөг болох тухай хууль тогтоомжтой холбоотой зарим зөрчлийн талаар санал бодлоо илэрхийлэх гэсэн юм. Шүүгч, прокурор, шүүхийн ерөнхий зөвлөл болон ёс зүйн хорооны гишүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх, томилох тухай заалтын дагуу одоогийн хэрэгжүүлж буй үйл явц нь шүүх байгууллагын хараат бус байдал, прокурорын байгууллагын бие даасан байдал, төр засаг хуваагдахтай холбоотой олон улсын стандартыг зөрчиж буй.

Бидний олж авсан мэдээллээр,

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Зөвлөлийн тэргүүн, Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга, зөвлөх, илтгэгч, шинжээчийн хэсгээс бүрдэнэ.

2019 оны гуравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга нь Ерөнхийлөгчийнхөө хүсэлтийн дагуу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, прокурорын тухай хууль, авлигатай тэмцэх газрын тухай болон бусад хуулийн төслийг ээлжит бус чуулган хийж хэлэлцүүлэх захирамж гаргасан.

УИХ-ын дарга мэдэгдэхдээ “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гуравдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан” гэжээ.

Гуравдугаар сарын 27-ны өдөр яаралтай чуулж, эрх баригч Монгол Ардын намын гишүүдийн дийлэнхийн саналаар хуулийг баталсан юм. Парламентын 76 гишүүний 65 –ынх нь дэмжлэгтэйгээр баталж, “Хүүхэд үрчлэх өдөр” буюу мөн өдрөөс хуулийг мөрдөж эхэлжээ.

Дараа өдөр нь буюу гуравдугаар сарын 28-нд Дээд шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, прокурорын орлогчийг Ерөнхийлөгчийнхөө тушаалаар халсан гэх мэдээлэл цацагдсан. Уг тушаалыг Үндэсний аюулгүйн зөвлөлийн хурлаар гаргажээ.

Дээрх хуультай холбоотой тайлбар хийхээс өмнө бид Эрхэмсэг ноён/хатагтай танд хандан Засгийн газар нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан 14 дүгээр зүйлийг дурдах гэсэн юм. Монгол Улс 1974 оны арваннэгдүгээр сарын 18-нд соёрхон баталсан билээ. Түүнд дурдсанаар, шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.

Хүний эрхийн хорооноос 2007 онд баталсан ерөнхий журмын 32-т заасны дагуу шүүхийн хараат бус байдлыг шаардах эрхтэй гэсэн заалт зөрчигдсөнийг дээрх үйл явдал харуулж байна гэжээ. Учир нь хараат бус байдлыг шаардах гэдэг нь зөвхөн шүүгчдийг ангилах бус мөн тэдний аюулгүй байдлын баталгаа болж байдагтай холбоотой. Энэхүү дархан эрх нь тухайн шүүгч ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төдийгүй, албан тушаалаа өгөх, огцрох, тэтгэвэрт гарах, мөн дараа тодорхой хугацааны хүрээнд хадгалан үлдэх ёстой хэмээн заасан байдаг талаар онцолжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Үргэлжлэл бий8

Онцлох нийтлэлүүд