ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2017.11.19 12:11

Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний есөн сард 5.8 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний арван сарын үзүүлэлтийг танилцууллаа. Улс орны амьжиргааны түвшинг тодорхойлдог үндсэн үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний есөн сард 12.1 их наяд төгрөгт хүрсэн байв. Энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 5.8 хувиар өссөн үзүүлэлт болохыг статистикчид онцолж байлаа. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 338 тэрбум, бүтээгдэхүүний цэвэр татвар 217 тэрбум, бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл 216 тэрбум, нэмүү өртгийн албан татвар 378 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН НИЙТ ТЭНЦЛИЙН АЛДАГДАЛ 1.7 ИХНАЯД ТӨГРӨГӨӨР БУУРЛАА

Мөн энэ оны эхний арван сард улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 669 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь өнгөрөгч оны мөн үеэс 1.7 их наядаар буурсан үзүүлэлт аж. Үүнд орлого, тусламжийн хэмжээ 5.8 их наядаар өсч, зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 310 тэрбумаар буурч, татварын орлого 1.1 их наядаар өссөн нь голлон нөлөөлсөн гэв.

ЭКСПОРТ 39 ХУВИАР, ИМПОРТ27 ХУВИАРӨСЧЭЭ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.7 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.2 тэрбум ам.доллар, импорт 3.5 тэрбум ам долларт хүрч тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Экспорт эхний арван сард 1.5 ам.доллараар өсөхөд нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин импорт өмнөх оны мөн үеэс 761 сая ам.доллараар өссөн бөгөөд дизель түлш, автобензин, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийг голлон оруулж ирсэн байх юм.

ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ ӨМНӨХ САРААС 17 ХУВИАР ӨССӨН БАЙЛАА

Мөнгөний нийлүүлэлт аравдугаар сарын эцэст 14.5 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрөгч оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 13 их наяд төгрөгт хүрсэн нь урьд жилийн мөн үеэс 6.5 хувиар өссөн байлаа. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл есдүгээр сараас 17 хувь, жилийн өмнөхөөс 8.8 хувиар өссөн гэв.

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 6.9 ХУВИАР ӨСӨВ

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ урьд жилийн мөн үеэс 6.9 хувиар өсчээ. Үүнд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10 хувь, хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн дүн есөн хувь, орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнийн дүн 9.2 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ таван хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх дөрвөн хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ 2.9 ИХНАЯД ТӨГРӨГӨӨР ӨССӨН БАЙНА

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эхний арван сард урьдчилсан гүйцэтгэлээр арван их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 2.9 их наядаар өссөн үзүүлэлт гэв. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 42 хувь, боловсруулах аж үйлдвэр 33 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж 6.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн түүнчлэн уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт алт, молибдений баяжмал, буталмал чулуу, нүүрс, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт долоогоос 60 хувь хүртэл, боловсруулах аж үйлдвэрийн салбарт архи, шар айраг, зүсмэл материал, ноолууран сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, банш, бууз, малын тэжээл, адууны мах зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоёроос гурав дахин өссөн байлаа.

АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН 0.3 ПУНКТЭЭР БУУРЧЭЭ

Үндэсний статистикийн хорооноос явуулдаг ажиллах хүчний судалгааны дүнгээр ажилгүй иргэд 118 мянга, үүний 58 хувь нь эрэгтэйчүүд, 42 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 9.1 хувь болсон нь өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр, хоёрдугаар улирлаас 0.5 пунктээр тус тус буурсан үзүүлэлт гэв. Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд аравдугаар сарын эцсээр 33 мянгад хүрсэн байна. Үүний 72 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд бол 27 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байв.

ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ БОДИТ МӨНГӨН ОРЛОГО 76 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ

Өрхийн нийгэм, эдийн засгийн гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн дундаж мөнгөн орлого 929 мянгад хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 76 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт байв. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 45 мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 12 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага гуравдугаар улиралд сая төгрөг болсон нь жилийн өмнөхөөс 93 мянган төгрөгөөр өссөн байлаа. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 69 мянган төгрөгөөр өссөнөөс үүдэлтэй гэв.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО 16 ХУВИАР ӨССӨН ГЭВ

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого эхний арван сард 1.7 их наяд төгрөгт хүрсэн нь урьд жилийн мөн үеэс 246 тэрбум төгрөгөөр өссөн байлаа. Харин зарлага 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 119 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байв.

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас эхний арван сард 234 мянган хүнд 118 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмж авагчид 23 мянгаар, олгосон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 6.8 тэрбум төгрөгөөр буурсан гэлээ.

ХУРААСАН УРГАЦ, БЭЛТГЭСЭН ХАДЛАН, ТЭЖЭЭЛИЙН ХЭМЖЭЭ БУУРЧЭЭ

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын нэгний байдлаар 231 мянган тонн үр тариа, 121 мянган тонн төмс, 80 мянган тонн хүнсний ногоо хурааж, 911 мянган тонн өвс хадлан, 46 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс үр тариа 52 хувь, төмс 21 хувь, хүнсний ногоо 11 хувь, өвс хадлан 21 хувь, гар тэжээл 39 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан гэв.

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС НАС БАРСАН ХҮНИЙ ТОО 40 ХУВИАР НЭМЭГДСЭН БАЙВ

Улсын хэмжээнд эхний арван сарын байдлаар 26657 гэмт хэрэг бүртгэгдсэн нь жилийн өмнөхөөс 3577-оор өссөн үзүүлэлт байв. Гэмт хэргийн гаралт өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 28 хувь, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9.4 хувь, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 60 хувь тохиолдсон нь голлон нөлөөлжээ. Мөн гэмт хэргийн улмаас эхний арван сард 8528 хүн гэмтэж, 1091 хүн нас барсан бөгөөд гэмтсэн хүний тоо 10 хувь, нас барсан хүний тоо 40 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байлаа.

АГААРЫН ДУНДАЖ ХЭМ АРАВДУГААР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 0.5 ХЭМЭЭР ХҮЙТЭН БАЙЖЭЭ

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр аравдугаар сард хамгийн их хур тунадас Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 27.4 милиметрт хүрсэн байна. Агаарын үнэмлэхүй их температур Өмнөговь аймгийн Манлай сум болон Баянхонгор аймгийн Жинст сумын нутгаар 27 хэм, үнэмлэхүй бага температур Завхан аймгийн Отгон болон Цэцэн-Уул сумын нутгаар хасах 24 хэмд хүрчээ. Салхины үнэмлэхүй их хурд Ховд аймгийн Зэрэг суманд түр зуур 29м/с хүрсэн гэлээ.


Онцлох нийтлэлүүд