ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2018.06.13 02:06

"Монгол Улсын өр" ном хэвлэгдэн гарлаа

Эдийн засагч, судлаачид Монгол Улсын өрийн талаар судалгаа хийж “Монгол улсын өрийн саарал ном”-ыг хэвлүүлсэн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Гавьяат эдийн засагч Д.Байлийхүү, В.Осоргарав, доктор, профессор Л.Оюун, СЭЗИС-ийн багш дэд профессор Ж.Дэлгэрсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, эдийн засагч Т.Доржханд нарын эрдэмтэд хамтран энэхүү номыг бичжээ.

Монгол улсын гадаад өр 27.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйг хэрхэн хуримтлагдсан, хэзээ авсан, өрийн дарамт ямар байгаа судалж, товхимол номыг гаргасан байна. Уг ном нийт дөрвөн үндсэн бүлгээс бүрдэж байгаа аж.

Номын зохиолч, гавьяат эдийн засагч В.Осоргарав хэлэхдээ “Улсын нийт өрийг Засгийн газар болон хувийн салбарын өр хэмээн хоёр ангилдаг. Энэ номондоо засгийн газрын гадаад өрийн талаар дэлгэрэнгүй авч үзсэн. Улсын сан хөмрөгөөс их хэмжээний хөрөнгийг гаднаас авсан өр зээлийг төлөхөд зарцуулж байна. Улс орны эдийн засгийг тодорхойлдог хоёр гол бодлого болох төсвийн бодлого болон мөнгөний бодлогыг бодит байдалд зохицуулан зөв тодорхойлох, уялдаа холбоог сайжруулах, олон улсын туршлагыг судлах, улс орныхоо эдийн засгийг өөрийн орны нөхцөлд тохирсон удирдах явдал нэн чухал болж байна. Бидэнд бусад орны ч туршлага хэрэгтэй. Манайх ганцхан уул уурхай, нүүрс, зэс гэлтгүй мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалаа хөгжүүлэх, эрдэс баялгаа ашиглан баяжуулах үйлдвэр, төмөр зам барих гэх мэт төрийн бодлогоор эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй байна" гэв.

Эдийн засагчид Монгол Улсын өрийн хэмжээ санаа зовох хэмжээний түвшинд хүрсэн гэдгийг онцолж байлаа. Мөн өрийн удирдлага, стратегийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг тэд хэлэв. Манай улс өрийн удирдлагын хуультай ч хангалттай хэрэгждэггүйг СЭЗИС-ийн багш, дэд профессор Ж.Дэлгэрсайхан хэллээ.

Эдийн засагч Л.Оюун “Зээлийн эрсдэлийг тооцож байж, авч байх хэрэгтэй. Зээлийн зориулалтыг анхааръя. Зээлийг зээлээр төлдөг байж болохгүй. Өмнө нь зээлийн нөхцөлүүд тохиромжгүй, урт хугацаанд өгөөжөө өгөхгүй салбарт зээлийг оруулдаг. Өгөөжөө өгөөгүй учраас дахиад зээл авахаас өөр аргагүй байдалд хүрдэг гэв.

Эдийн засагчид Засгийн газрын өрийг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж буй юм.

Д.ХУЛАН

Онцлох нийтлэлүүд