ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.29 07:05

Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг өргөн барив

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр /2014.05.29 / УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг дахин боловсруулан өргөн барилаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5,880.6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөний биелэлт 92.1 хувь буюу 503.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин 2013 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 1,017.5 тэрбум төгрөгөөр буюу 20.9 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарсан байна.
Татварын орлогын төлөвлөгөөний биелэлт 89.1 хувийн биелэлттэй буюу 621.2 тэрбум төгрөгөөр буурсан нь өнгөрсөн онд нэгдсэн төсвийн орлого буурахад гол нөлөөг үзүүлсэн бол татварын бус орлого 118.6 тэрбум төгрөгөөр давж, 116.9 хувийн биелэлттэй гарчээ.
Орлогын албан татвар 194.5 тэрбум төгрөг, дотоодын бараа үйлчилгээний татвар 337.2 тэрбум төгрөг, гадаад худалдааны орлого 135.2 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөсөн хэмжээнээс дутуу төвлөрсөн нь нийт татварын орлогын төлөвлөгөөний биелэлтэд нөлөөлсөн байна.
Харин хүү торгуулийн орлого 69.7 тэрбум төгрөг, газрын тосны орлого 25.9 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн нь татварын бус орлогын төлөвлөгөө давж биелэхэд гол нөлөөг үзүүлжээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл Улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 87.6 хувь, Орон нутгийн төсвийн орлогын биелэлт 100.4 хувь, Хүний хөгжил сангийн орлогын биелэлт 98.8 хувь, Нийгмийн даатгалын сангийн орлого 102.5 хувь байлаа. Дээрх мэдээллээс харахад улсын төсвөөс бусад төсвийн орлогын гүйцэтгэл батлагдсан хэмжээнд төвлөрсөн байна.
Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг дахин хэлэлцэн боловсруулаад, Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцээд явна гэдгийг хууль санаачлагч дуулгалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд