ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.09.03 01:09

Монгол Улс, БНХАУ-ын боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ


Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боомтын алба хоорондын уулзалт 2018 оны наймдугаар сарын 31-нд Сангийн яамны уулзалтын танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт болон бусад албаны хүмүүс, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга, боомтын албаны дарга Си Чинь тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтаар хоёр тал Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны газар нутгаар хиллэдэг боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор боомтуудыг ижил түвшинд хөгжүүлэх, хил гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчилж адил түвшинд хүргэх, хоёр орны гаалийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлаар санал солилцсон юм. Тухайлбал Монгол Улс, БНХАУ-ын хил дээр шинээр байгуулах Цагаандэл уул-Өлзий боомтын бүтээн байгуулалт, "Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т нэмэлт оруулах тухай, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул-Өлзий хилийн боомтын чиглэлийн тусгай зориулалтын авто замыг бүтээн байгуулах асуудлын талаар харилцан мэдээлэл солилцжээ.

IMG3


Уулзалтын төгсгөлд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга, боомтын албаны дарга Си Чинь нар Монгол Улс, БНХАУ-ын хил дээр шинээр байгуулах Цагаандэл уул-Өлзий боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын асуудлыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, үзэглэлээ.

Онцлох нийтлэлүүд