ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.09.13 09:09

Монгол Улс ноолуурын салбарт 20 сая эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолно

Энэ сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Улаанцав, Хөххот, Тунляо хотуудад Монгол-Хятадын экспо арга хэмжээ гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэх үндсэн дөрвөн хөтөлбөрөөс бүрдэж байсан юм. Өмнө нь 2015, 2017 онуудад болж байсан экспогийн арга хэмжээнд давхардсан тоогоор 700 орчим аж ахуйн нэгж байгууллага оролцож 2.28 тэрбум орчим юанийн өртөгтэй, хамтын ажиллагааны 278 бичиг баримтад гарын үсэг зурж, хамтарсан төсөл хөтөлбөрүүд одоо ч хэрэгжиж байгаа юм байна.

Энэ жилийн арга хэмжээг Монголын талаас ХХААХҮЯ, Гадаад харилцааны яам, БСШУС-ын яам, МҮХАҮТ, Мишээл экспо зэрэг газрууд хамтран зохион байгууллаа. Харин Хятадын талаас БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Худалдааны танхим, Хөгжил шинэтгэлийн хороо, Худалдааг дэмжих хороо, ӨМӨЗО-ны зах зээлийн хяналт удирдлагын газар, Соёлын танхим, Шинжлэх ухааны танхим зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ. 2015 болон 2017 оны экспогоос нийт 1.13 тэрбум юанийн орлуулалт хийжээ. Энэ жил ч мөн адил бизнес эрхлэгчид өндөр хүлээлттэй байгаа юм. Монгол Улсын гадаад худалдааны 65 орчим хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлдэг бөгөөд мөнгөн дүнгээр бодвол өнгөрсөн оны эцсийн байдлаар 8.4 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн статистик тоо байна.

Мөн энэ жилийн Монгол-Хятадын экспо арга хэмжээнд зөвхөн хоёр орон бус өөр бусад орнууд ч анхаарал хандуулан оролцлоо. ОХУ, БНСУ, Япон зэрэг улсын өндөр түвшний зочид төлөөлөгчид, Бээжин хотын удирдлагууд, Хонконг, Макао зэрэг Хятадын томоохон мужуудын төлөөллүүд болон аж ахуйн нэгжүүд гээд 7.000 хүн оролцож байгаа нь уг арга хэмжээ ихээхэн тэлж байгаагийн илрэл гэж зохион байгуулагчид дүгнэж байв.

Экспогийн үеэр болсон чухал арга хэмжээний нэг нь Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт байлаа. Ер нь анагаах ухааны технологийн судалгаа, боловсруулалт, цөлжилтийг бууруулах судалгаа, түүнчлэн үйлдвэрлэлийн инкубатор, хамтарсан лаборатори, технологи дамжуулах төвийн төслүүд идэвхтэй дэмжигддэг тухай дурдаж байлаа. Энэ үеэр ӨМОЗО-ны Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга Чен Шиао Бэй, “Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаа нь Хятад, Монголын Экспо-ийн нэг чухал хэсэг юм. Энэ удаагийн “Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ын гол сэдэв нь бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжилд чиглэсэн бодлогын орчныг сурталчлах, хөгжлийн гол чиглэлийг сурталчлах, хамтын ажиллагааны төслийг сурталчлахад оршино. Хятад, Монголын гүйцэтгэгч компаниуд ногоон орчин, орчин үеийн мал аж ахуй, орчин үеийн эрчим хүчний эдийн засаг, их өгөгдлийг ашиглах болон боомтын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн чиглэлийн гол сурталчилгааг нягт хамтран ажиллаж зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ нийт 41 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай, хамтын ажиллагааны голлох 53 гэрээ байгуулах төслийг эхлүүлэх, нийт 59.9 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай 63 хэлэлцээрийн төслийг эхлүүлнэ. Энэ удаа Хятад, Монгол, Орос, Япон зэрэг улсын 650 гаруй зочид, төлөөлөгч, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээлэл оролцож байна хэмээн онцолж байлаа.

Харин Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд “Монгол-Хятадын ЭКСПО” арга хэмжээг хоёр тал гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, худалдааны хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх, 2020 он гэхэд 10 тэрбум долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн.

Иймд дээрх зорилтод хүргэх үүднээс хоёр тал онцгой анхаарч, гурав дахь удаагийн Монгол-Хятадын Экспогийн “Хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах” хэсгийн үндсэн томоохон арга хэмжээ болох “Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”- д 600 гаруй зочид төлөөлөгчдийг оролцуулж байна. Энэхүү арга хэмжээгээр гадаад, дотоодын зочид төлөөлөгч, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтын нэн таатай орчныг сурталчилж, гол тэргүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьсон. Энэхүү хурлаар Монгол Улсаас Засгийн газрын томоохон 15 төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулахаас гадна Монгол Улсын 43 орчим байгууллагын төлөөлөл өөрийн 56 төслийг БНХАУ-ын болон бусад улсуудын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, худалдааны түншээ олох зорилгоор хүрэлцэн ирээд байна.


Үүнээс ХАА, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн 24, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн гурав, барилгын материал үйлдвэрлэлийн тав, аялал жуулчлалын гурав, хөнгөн үйлдвэрийн ес, уул уурхайн нэг, мэдээллийн технологийн хоёр, усан цахилгаан станцын нэг, нийгмийн үйлчилгээний салбарын зургаа, стратегийн хөгжиж буй салбарын хоёр төсөл байгаа. Цаашид БНХАУ-ын аж ахуйн нэгж, байгууллагууд манай төсөл танилцуулах байгууллагуудтай холбогдож, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ хэмээн найдаж байна” гэсэн юм. Ямартаа ч эдгээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд эхэлбэл Монголд чамлахааргүй хөрөнгө оруулалт орж ирэх нь. Хөрөнгө оруулалт бол эдийн засаг, ажлын байр, тэр хэрээр иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөөлдөг бодит хүчин зүйл билээ. Тун саяхныг болтол Монголын дотоодын үйлдвэрлэгчдийг эсгий таавчиг, түлхүүрийн эсгий оосроос өөр дориухан юм хийж чадахгүй гэсэн шүүмжлэл их байсан. Тэгвэл энэ жилийн экспо арга хэмжээ уг шүүмжлэлийг бүрэн үгүйсгэсэн гэхэд болно. Монголын үйлдвэрлэгчид инноваци шингэсэн, хийц загвар сайтай, чанартай сайн бүтээгдэхүүнийг үнэхээр хийж чаддаг болжээ. Үүний нэг жишээ нь ноолууран бүтээгдэхүүн. Монгол ноолуурын ширхэг харьцангуй урт байдаг учраас боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргасны дараа бөөсөрч элдэв болох нь хамаагүй бага байдаг аж. Ноолуурын салбарынхан тун ойрын ирээдүйд 20 сая эцсийн бүтээгдэхүүн экспортолно гэсэн зорилго тавиад байна. Монгол, Хятад улсууд нийлээд дэлхийн ноолуурын 90 хувийг дангаар хангадаг. Ноолуурыг “Зөөлөн алт” хэмээн нэрийдэж, гадны орнууд зөвхөн тансаг хэрэглээндээ хэрэглэдэг нь тухайн бүтээгдэхүүний чансааг илэрхийлнэ. Түүнчлэн бид ноолуурыг өргөн хэрэглээнд төдийлөн ач холбогдол өгдөггүй л болохоос дэлхий дахинд энэ бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өндөр байна. Тэр битгий хэл бидний “аймаар халуун” гэж боддог Вьетнамд хүртэл ноолууран бүтээгдэхүүний эрэлт ихээхэн нэмэгдэж байгаа гэх. Харин зарим нэгэн даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зүгээс “Ноолуур бол тийм аятай эд биш. Ямааг тамлаж байж ноолуурыг нь салгаж авдаг” гэх зэрэг сөрөг сурталчилгааг ихээр тараах болсон аж. Тиймээс дэлхийн ноолуурын 90-ээд хувийн хангаж байгаа Монгол болон Хятад улсууд хамтран ноолуурын зах зээлээ хамгаалах бодлогоо нэгтгэх шаардлага тулаад байгаа юм байна. Мөн ноолуурын чиглэлээр судалгаа явуулдаг эрдэмтэд уг бүтээгдэхүүнээ хэрхэн сайн боловсруулах, илүү үр дүнд яаж хүргэх вэ гэдэг талаар ч хэрхэн хамтран ажиллах талаараа экспогийн үеэр ярилцсан.

Юутай ч ноолуурын болон бусад салбарт өмнө ярьсан ажлуудаа хэрэгжүүлээд явж байна. Ойрын ирээдүйд төлөвлөөд байгаа ярианууд ажил хэрэг болоод явбал Монголын эдийн засагт чамгүй нөлөө үзүүлэх олон төсөл хөтөлбөрүүд байгаа нь сайшаалтай. Экспо зохион байгуулагдсан өдрүүдэд Монгол-Хятадын стандартчилал, технологи дамжуулалт болон инновацийн хамтын ажиллагаа гэх мэт олон салбар хуралдаан, яриа хэлэлцээр болсон юм.


Онцлох нийтлэлүүд