ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.11.04 02:11

Монгол эмэгтэй бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг удирдах бүрэлдэхүүнд сонгогдлоо

НҮБ-ын Ази, номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос 2015 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны дөрөвдүгээр хуралдааныг зохион байгуулсан. Тус хуралдаанд БНХАУ, ОХУ, Тайландын Вант Улс, Монгол Улс, БНКазахстан Улс, БНКиргизстан Улс, БННепал Улс, Афганистан, Бангладеш, Бутан, БНАрмен Улс, Филиппин Улс, БНЭнэтхэг Улс, БНИндонез, Шри Ланка Улс, Фижи, Самоа, Палау зэрэг Ази, номхон далайн бүсийн улс орнуудын өндөр дээд хэмжээний болон дунд түвшний төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ч.Ариунаа, мөн газрын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Э.Алтанхишиг болон Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн төлөөлөгч оролцсон.

НҮБ-ын Ази, номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын салбар болох Гамшгийн эрсдэлийг бууруулах хороо нь гамшгийн эрсдэлийг бууруулах засгийн газар хоорондын хуульчлан батлагдсан албан ёсны форум бөгөөд дараах асуудлыг хариуцаж ажилладаг. Үүнд:
1\ Хавсарсан гамшгийн эрсдэл болон аюулыг бууруулах бодлого, стратеги,
2\ Сансрын болон бусад техник, технологийн дэмжлэг, тусламжийн тогтолцоог багтаасан гамшгийн эрсдэлийн удирдлагын бүс нутгийн хамтын ажиллагааны механизм,
3\ Хавсарсан аюулт үзэгдлийн үнэлгээ, бэлэн байдал, эрт зарлан мэдээлэл болон гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ зэрэг болно.

Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны дөрөвдүгээр хуралдаанаар 2015 оноос хойшхи хөгжлийн төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах бүс нутгийн механизм, хавсарсан аюулын үе дэх эрт зарлан мэдээллийн бүс нутгийн тогтолцоо болон Ази, номхон далайн бүс нутаг дахь эрсдэлийн мэдрэмжтэй хөгжил зэрэг сэдвээр дээд хэмжээний хэлэлцүүлгүүдийг тус тус зохион байгуулсан.
Энэ удаагийн хуралдаанаар 2015-2017 онд ажиллах Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны дарга болон орлогч нарыг томилох асуудлыг хэлэлцэж, Хорооны даргаар Фижи Улсын Хөдөө аж ахуй, орон нутаг, далайн хөгжил, үндэсний гамшгийн удирдлагын сайд, Орлогч даргаар БНКиргистан Улсын Онцгой байдлын дэд сайд, Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын үндэсний албаны дарга болон Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ч.Ариунаа нар тус тус томилогдсон.
Хорооны удирдлагууд Ази, номхон далайн бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах механизмыг удирдан зохицуулах үүрэгтэйгээр ажиллана.

Онцлох нийтлэлүүд