ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.11.28 09:11

МОНГОЛ: 11 ҮГЭЭР (III)

Түрүүч нь №233(6334), 238(6339) дугаарт


Ийм учраас амиа аврах нь, гэр бүл, овог аймгаа аврах нь нэр хүндээ хамгаалахаас давсан үйл хэрэг байсан гэсэн үг.

Хүн төрөлхтөн иргэншин суурьшиж, амь насаа аврах, гэр бүл үндэстнээ хамгаалахаас давсан үзэл санааны эрх ашиг бий болсоор байлаа. Тэр ч байтугай нэр төр, ёс суртахууны үнэт зүйлсээ хамгаалан амиа өргөх, тэр ч байтугай өөрийн үндэстэнтэйгээ байлдан тулдаг цаг үе ч бий боллоо.

Энэ зуур монголчууд нүүдэлчин хэвээрээ л байв. Харин олон жилийн дотоодын самуун, хагарлаа эцэслээд, Манж Чингийн ивээл, хараан дор буддистууд болон суув. Өөрөөр хэлбэл, “шар малгай асааж, аранзал орхимжинд хоргодон туулдаг нэгэн тийм улирал иржээ” гэж ойлгосон бололтой.

ХОЁР ДАХЬ ҮЗЭЛ САНАА

Хамаг амьтныг буян хийх замаар жаргаах суртлын улирал дуусав. Оронд нь даян дэлхийн пролетари нарыг хувьсгалт хүчирхийллийн аргаар албадан жаргаах суртлын улирал ирлээ.

ХIX зууны сүүлчээр Өрнөдөд коммунист үзэл санаа гарчээ. Үүнийг аж үйлдвэрийн хувьсгалын үрээр бий болсон ухамсартай ажилчин ангийн үзэл санаа гэж Зөвлөлтийн үед ухуулж байсан нь буруу юм. Харин, хүн төрөлхтөн боловсрон гэгээрч сэхээтэнтэй болсны үр дүн байлаа. Тэд баян хоосны ялгаа, нийгмийн тэгш бус байдлыг анзааран эмзэглэх болов. Улмаар, хүн бүр тэгш жаргалтай, баян хоосны ялгаагүй амьдарч болох арга замыг хэрэндээ л эрэлхийлжээ. Яг энэ хүсэл эрмэлзэл дээр хүч хэрэглэн байж нийгмийг тэгшитгэх Марксизмын үзэл санаа амилан боссон юм.

Өөрснөө санаачлан жаргаж, жаргааж өгөхгүй дүлий дүмбэ оргиод байгаа хорвоог хүч хэрэглээд албадан жаргаах энэ үзэл санаа хэдэн зуун сая хүний амийг залгиад “Аз жаргал өөрөө үүдэх ёстой. Хэнийг ч хөндлөнгөөс нь оролцон байж жаргаах ёсгүй” гэсэн ухаарал үлдээжээ.

XX зууны эхэн үеийн Марксист, коммунистууд үзэл санааныхаа төлөө амь амьдралаа золиосолсон хүмүүс байлаа. Тэд шорон гяндан, цөллөг, цаазын ялаас айдаггүй, үзэл санааныхаа төлөө тэмцэж явж.

Энэ зуур “үзэл санаа”-тай болж амжаагүй монголчууд малаа маллан, жилийн дөрвөн улиралтайгаа үзэж тарсаар л ажгуу.

1921 онд Хүрээг эзэлсэн Хятадын гамин цэргээс чөлөөлж өгөөч гэж Зөвлөлтөөс тусламж хүсэхээр шийдсэн хэдэн Монголыг улаантнууд дор нь өөрчлөн зохиомжлов. Яг л Сорхон шарын гэрийн функцийг Таргудай Хирилтуг өөрчлөн шоронд хөрвүүлж байсан шиг. Ингээд Богд хаанаа чөлөөлөхөөр мордсон ардын намынхан Богд хаанаас Монголоо чөлөөлөгчид болон буцаж иржээ.

Цаашдаа, монголчууд хэрхэн социализм байгуулсан нь энэ номын сэдэв биш учраас орхиё. Гол нь социализм байгуулсан далаад жилд Монголд нэг ч үзэл санааны марксист, амь амьдралаа түүнд зориулсан хувьсгалч төрсөнгүй гэхэд болно. Харин түүний оронд социализмыг зүгээр л нэг улирал хэмээн хүлээн авчээ.

Социализм нь монголчуудыг харах өнгөнөөс нь хотшуулан, суурьшуулсан боловч өөрөө нэгдсэн дэглэмтэй том хуаран байсан юм. Өнөөдөр, Норвеги, Швед эднүүсийг Скандиновын, Персийн булангийн орнуудыг “Булангийн орон” хэмээн товчилдог шиг Социалист системийг нийтэд нь “Социалист лагерь” хэмээн зүгээр ч нэг нэрлэдэггүй.

Бас л “Яг түүн шиг” гэлээ гэгчээр социализм байгуулагч монголчууд иргэншлийн нийтлэг ёс суртахуунд суралцахаасаа илүүтэйгээр, лагерийн дэглэмдээ зохицон, түүнийг даван туулахаар тэвчиж байсан ажгуу.

Дэглэм, хуаран хоёроос чөлөөлөгдөж эхлэв

Харин 1990 онд дэлхийн социалист систем задарсны дараа цогцолсон монголчууд хүн төрөлхтний суурин амьдрал ба хотшин хөгжих замнал руу сая орсон юм. Өнгөрч байгаа гучаад жил бол бидний хувьд амь наснаас илүү үзэл санаа, хувийн амьдралаас давсан ёс суртал, амь наснаас дээгүүр тавигдах нэр төртэй болох учиртай тийм зам бөлгөө.

Хэрвээ та, зохиогчийн бичсэн “Монголын соёлын альманах. Иргэншлийн замд” гэдэг номын уншсан бол “Монголчууд төрт ёсны хоёр мянганаар ярих түүхтэй ч, хотшил иргэншлийн утгаараа орь залуу үндэстэн юм” гэсэн өгүүлбэрээр эхэлснийг санаж байгаа болов уу?

Энэ хугацаанд бид хэр төлөвшин хөгжиж, орчин үеийн үндэстэн болон төлөвшихөд зайлшгүй хэрэгтэй ёс суртахуун, үнэт зүйлсийн нийтлэгтэй болж чадсан бол гэдэг хариугаа эрж буй асуулт.

Харвардын диплом өвөртөлж, нэрийн оёдолчны хослолоор гангарч, гурван хэлээр ус цас мэт ярьж, дэлхийн шилдэг эдийн засагчдаас эшлэсэн монголчуудад барууныхан эхэндээ маш итгэж, эзгүй хээрээс ижлээ олсон мэт найрсаг ханддаг байсан нь өчигдрийн явдал.

Бас тэдний гараас гарч буй нүүдэлчний шийдэл, увайгүй алхам, “ёс суртахуунтай байсанд орвол мөнгөтэй байсан дээр” гэдгийг илт тунхагласан байдалд нь хорвоо ертөнц ой гутаж эхэлсэн нь өнөөдрийн нүүр царай.

Харин Токиод Япон, Солонгост хангүүг, туркт түрэг шиг байж чадах мөртлөө, тал нутагтаа ирэхээр алийгаа алдан монголчлогддогийн нэгэн нууцын хураангуй эл бөлгөө.

Хүн төрөлхтөн хотшин суурьшиж, нэг нэгнээсээ бүрэн хамааралтай болсны дараа нийтлэг үнэт зүйлсийн цогц бий болжээ. Нийтээрээ (дотор нь өөрийгөө оруулаад) зөв шударга амьдрах хэрэгцээ гарсан учраас л ёс суртахууны үнэт зүйлс нь нийтээрээ дагадаг номлол болжээ. Үзэл санааны “Үхүүт зангилаа” ч гэмээр юм уу?

Гэхдээ энэ цогц үзэл санаа, үнэт зүйлсийн нийтлэг нь хуарангийн дэглэмд бүрдэггүй аж. Тодорхой утгаар сургууль, шорон хоёр хүнийг хүмүүжүүлдэг боловч мааш ялгаатай. Сургууль соёлын газар хүнийг үүрд дагаж явах дадалд сургадаг. Харин шорон, хуаран бол түр зуур тэвчин дагаж яваад орхих дэг ёсыг мөрдүүлдэг. Монголчуудын дамжин гарсан Социалист лагерь бол яг л амь насаа, гэр бүлээ, ажил төрлөө аварч үлдэхийн тулд түр зуур дагах дэглэм, тэвчин өнгөрөөх хугацаа байлаа. Нүүдэлчид ийм юманд дадамгайг хэлэх үү!

Ганцхан социализм ч монголчуудын хувьд түр зуурын дэглэм байсан юм биш. Тал нутгийн цаг уур, ээлжлэх дөрвөн улирал ч монголчуудын хувьд дөрвөн янзын дэглэм байсан хэрэг.

Жинхэнэ утгаараа, 1990 оны социализмын задралаар л монголчууд Социалист лагериас төдийгүй, “дөрвөн улирлын дэглэм”-ээсээ жинхэнэ утгаараа чөлөөлөгдөж эхэлсэн билээ. Чөлөөлөгдөж эхэлсэн болохоос биш, чөлөөлөгдсөн юм биш гэдгийг давхар саначихаарай. Монголчууд бол хотшил, иргэншлийн утгаараа орь залуу үндэстэн гэж энийг л хэлээд байгаа юм аа. Бас сайн муу нь хамаагүй туйлбартай нэг ёс суртлын нийтлэгтэй болж чадахгүй, хадны үенгийн зүс мэт хувирамтгай өнгөтэй яваагийн нууцыг эндээс хайгууштай санагддаг аа.

Хүмүүжүүлэх лагерь, шоронгоос суллагдсан хүмүүст эрх чөлөөнд дасан зохицох нь маш хэцүү. Учир нь хорих лагерь тэдний эрх чөлөөг хасдаг ч амьд байлгах үүргийг өөртөө авдаг. Суллагдагсад, амьдралаа өөрөө хариуцах, хоол хүнсээ олж, амьдрах орон байраа бий болгох үүрэг хүлээнэ. Энэ хариуцлагыг үүрч дийлээгүй олон хүн шорон руу буцах сонголт хийдэг.

Харин хуарангийн тогтцоос, бас улирлын дэглэмээс чөлөөлөгдсөн боловч өөрийгөө авч явах хариуцлагын өмнө мятарсан үндэстэн яадаг вэ? Эрх чөлөөг нь хураан аваад, өөрийг нь ажил хөдөлмөрийн нэгжийн хувьд тэжээж байсан тогтоцоо сэргээхийг мөрөөддөг үү?

Яадаг ч байсан эрх чөлөөнөөс уйдагчдыг хүлээн авах бэлэн зэхээний лагерийн дэглэм байхгүй юм...

Онцлох нийтлэлүүд