Нийгэм
2021.03.03 07:03

МУГЖ Т.Ариунаа нөхрийн хамт суулт зарлажээ


Хонгилын прокуроруудын талаар “Ноёд” группийн Ерөнхий захирал Г.Буяндорж, эхнэр МУГЖ Т.Ариунаа нар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Шударга шийдвэр гаргахгүй бол “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд суулт өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн.

Тус хэвлэлийн хурлын үеэр Г.Буяндорж "2011 оноос хойш БНХАУ-ын иргэн Шан Душен гэдэг хүний өргөдөл гомдлоор, намайг болон миний ах дүү нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ хүн 2014 онд Замын-үүдийн боомтоор Монголоос гарч явсан. Тэр хүнийг БНХАУ-д ажиллаж, амьдарч байхад би энд Цагдан хорих 461-р ангид 409 хоног хоригдож, 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэж, компанийнхаа 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг алдсан. Энэ асуудлаар прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү оруулсан. Давхцсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болж, хамгийн сүүлчийн шүүх хурал 2019 оны дөрөвдүгээр сард болж Дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Душен гэдэг хятад иргэн биш байна. Энэ хэргийн иргэний нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн Шүншү гэх хүн биш байна гэж дүгнэсэн.

Прокурорын байгууллагын албан бус “Хонгил”-ын прокурорууд 10 жил Хятад иргэний захиалгаар асуудлыг явуулж, бүх яллах дүгнэлт нь дээд шүүх дээр очиж хүчингүй болж унаж байна. Үүний цаана 4-5 прокурорын асуудал яригдана. Энэ үйл ажиллагаанд хяналт тавьж байсан. Тэдний буруутай үйл ажиллагаа байна гэдгийг Дээд шүүх дүгнэсэн. Тиймээс намайг болон, манай гэр бүлийг 2011 оноос хойш “Шударга бусын хонгил”-оор чирсэн энэ үйл ажиллагаануудыг залруулахаар Ёс зүйн хороонд нь өргөдөл гаргаж байна. Энэ асуудлыг нарийвчлан шалгах ёстой" гэв.

Түүний эхнэр Т.Ариунаа “Миний хань Г.Буяндорж 16 удаагийн шүүх хуралд оролцож, 5 удаа хоригдож хилсдүүлсэн. Бидний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн бүх зүйлийг шударга бус прокурорууд харлуулж байна. Мөн түүнийг хэвлэл мэдээллийнхэн улс төрийн гэмт хэрэгтэн шиг үзэж байсан.

Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын хонгилыг таслан зогсоож, шударга шинэ прокурорыг ажиллуулах хэрэгтэй. Манай гэр бүлийг монголын төр хамгаалалтандаа аваач гэж хүсье” гэлээ.

Онцлох нийтлэлүүд