ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Шинжлэх ухаан, технологи

Хүн амьдралын буруу хэв маягаас шалтгаалж биеийн үйл ажиллагаагаа доголдсоныг мэдэлгүй явснаас эрүүл мэндээрээ хохирдог. Сүүлийн үед өдөр тутамдаа биеийн үйл ажиллагаагаа дор бүр нь хянаад явах боломжтой болсон. Ухаалаг бугуйн цаг, ухаалаг гар утсанд зориулсан эрүүл мэндийн аппликейшн, ухаалаг толь зэргийг ашиглаж эрүүл мэндээ хянаад явах боломж бүрдээд байгаа юм.

Монголд Fitbit ухаалаг бугуйн цаг хэрэглээнд нэвтрээд байна. Fitbit төхөөрөмжийг гар утасны аппликейшнтэй хослуулан хэрэглэснээр та эрүүл мэндийнхээ бүрэн зураглалыг өдрийн турш харж, түүхэн дата үүсгэх боломжтой юм. Мөн Fitbitийн төхөөрөмжийг ашиглалгүй зөвхөн аппликейшнийг нь гар утсандаа суулгаснаар алхалтын тоо, алхсан зай, шатаасан калори зэрэг үзүүлэлтийг хянаж болно. Fitbit таны тухайн өдөр алхсан тоо болон замын урт, зүрхний цохилт, шатаасан калори, идэвхтэй хөдөлгөөн хийсэн хугацаа, дээш шатаар гарсан тоо, унтсан цагийг харуулна. Эдгээр үзүүлэлтийг төхөөрөмж нь автоматаар хэмжих бол уусан шингэн, идсэн хоолныхоо хэмжээ, калорийг аппликейшнд оруулж хоол хүнсээ хянах боломжтой юм.

Fitbit Aria гэх ухаалаг жинг ашигласнаар биеийн жингээ хялбар байдлаар хянах нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.

Энэ нь фитнесс бол эрүүл мэндийнхээ төлөө зөвхөн зааланд дасгал хийх тухай ойлголт бус, тухайн хүн өдрийг хэрхэн өнгөрүүлж байгаа нь эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөтэйг үндэслэн байгуулсан нь олон үйлдэлт ухаалаг цагуудаас ялгаруулж өгчээ.

Дээр дурдсан үзүүлэлтүүдээс гадна Fitbitд гүйх, ууланд авирах, дугуй унах, төмөр өргөх гэх мэт үйлдлүүдэд зориулсан хэмжилтүүдийг суулгажээ. Тухайн үйлдлийг хийж эхлэхээс өмнө идэвхжүүлээд, дасгал хэр болсныг дараа нь туулсан хэмжээ, шатаасан калори, зүрхний цохилт зэрэг цогц үзүүлэлтээр харах боломжтой гэнэ.

Мөн нэг сонирхолтой зүйл нь таныг амраах, амьсгалын дасгалыг хийлгэх товч юм. Үүнийг идэвхжүүлснээр хэрхэн амьсгалах, амрах зааврыг дэлгэцээр хүлээж авах боломжтой аж. Үүнээс гадна утасныхаа GPS -ийг идэвхжүүлэн, алхсан маршрутаа гаргах зэрэг нэмэлт боломжуудтай гэнэ.

Үзүүлэлтүүдээ өдрөөр болон долоо долоо хоногоор дундажлаад харах боломжтой өөр нэг давуу тал болдог байна. Энэхүү төхөөрөмж болон аппликейшнийг интернэтгүй орчинд Bluetooth-ээр холбогдож тохиргоо хийснээр, тухайн өдрийн датагаа тэр дор нь шилжүүлж болдог байна. Харин интернэтэд холбогдож байж өмнөх өдрүүдийн үзүүлэлтээ харах боломжтой.

Мөн энгийн үед утасныхаа bluetoothийг асааснаар гар утсанд ирж буй дуудлага, мессэж төхөөрөмжийн дэлгэц дээр харж болдог нь давуу тал юм. Энэ нь утсаа халааснаасаа гаргах юмуу, авч харах үйлдлийг хөнгөвчилж байгаа хэрэг юм. Fitbitийн хэрэглэгч хөдөлгөөн хийхгүй удаан суух үед "Хөдөлгөөн хийсэн нь дээргүй юу" гэх сануулга өгдөг нь бусад аппликейшнуудаас ялгарах онцлог юм.

Fitbitийг нэг удаа бүрэн цэнэглэж таван өдрийн турш хэрэглэх боломжтой юм. Иймээс цэнэг хурдан дуусах эрсдэлгүй гэж ойлгож болно. Тус аппликейшний нэг зугаатай зүйл нь найзуудтайгаа холбогдож, бие биеэ сорих боломж юм.

Ухаалаг толь

Өнөөгийн нийгэмд таргалалт олон хүнд асуудал болоод байгаа. Үүнтэй тэмцэхэд туслах ухаалаг толь бий болжээ. Naked Labsын бүтээсэн эрүүл мэндийг хянах систем бүхий олон мэдрэгчтэй энэ толь худалдаанд гараад төдийлөн удаагүй байгаа ч олон хүний сонирхлыг татаад байна. Хүний бүтэн биеэр харагдахуйц хэмжээний том толины өмнө та нүцгэн зогсоод эргэх үед биеийн тань бүх л хэсгийг уг толь 3D-гээр скайнердах юм. Үүний дараа биеийн үзүүлэлтүүдийг тань нарийвчлан гаргах гэнэ. Ердөө 20 секундын дараа таны биеийн дулааны үзүүлэлтүүдийг ашиглан биеийн аль хэсэгт хамгийн их өөх хуримтлагдсан байгааг олж илрүүлэх юм.

Healthаппликейшн

Энэ аппликейшн нь хөдөлгөөн, цусны даралт хэмжигч болон бусад эрүүл мэнд, фитнессийн төхөөрөмжүүдтэй холбож, утаснаасаа өөрийгөө хянах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл бусад төхөөрөмж болон аппликейшнүүдээс эрүүл мэндтэй холбоотой өгөгдлийг оруулж, өөрийн эрүүл мэндийн болон үйл хөдлөлөө хянах, онцгой тохиолдолд эрүүл мэндийн мэдээллийг өөрийн эмч рүү илгээх боломжтой болж байгаа юм.

Хэрвээ та Apple Watch төхөөрөмжтэй бол энэ төхөөрөмж нь таны үйл хөдөлгөөн, фитнессийн дасгалын хөдөлгөөн болон эрүүл мэндтэй холбоотой өгөгдлүүдийг Health аппликейшн рүү илгээдэг байна.