ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Шинжлэх ухаан, технологи


Арабын нэгдсэн Эмират Улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээнд Ази тивийн 35 орны 265 тамирчин, Номхон далайн орнуудаас дөрвөн улсын (Австрали, Фижи, Гуам, Шинэ Зеланд) 21 тамирчин оролцох юм.

Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 тамирчин 13 жинд хурд хүчээ сорин өрсөлдөнө.

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас долоон бөх барилдана.

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн А хэсэгт Э.Ариунболд эхний тойрогт Непалийн Мохан Бамтай барилдах бол D хэсэгт Л.Өнөболд Туркменистаны Хакберди Жумаевтэй барилдах оноолт гарчээ.

Харин эрэгтэйчүүдийн -66кг жингийн В хэсгийг Ё.Басхүү тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. Харин D хэсэгт Н.Мөнхбаяр эхний тойрогт Турменистаны жүдоч Мухаммет Коссековтой барилдах оноолт гарчээ.

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн D хэсгийг Л.Сосорбарам тэргүүлэн барилдах ба эхний тойрогт Тайванийн жүдоч Ван Чутай барилдах оноолт гарчээ.

Эмэгтэйчүүдийн -57кг жинг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяа тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. Харин В хэсгийг Л.Энхрийлэн тэргүүлэх тул мөн гоц мөргөсөн байна.