ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Шинжлэх ухаан, технологи

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн, хэрэглэх эрсдэл бүхий иргэдэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зорилгоор тусгай дугаар ажиллуулах гэж байна. Энэ үйлчилгээний талаар “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат “2018 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн бид 1900-1110 гэсэн тусгай дугаар ажиллуулахаар болсон. Энэхүү тусгай дугаараар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх юм. Утсаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний гол зорилго нь хорт бодисын нөлөөнд орох эрсдэлт бүхий хүүхэд, залуучуудыг урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр хангах юм. Мөн мансууруулах бодисын хамааралтай ч сөрөг зан үйлээ өөрчлөхийг хүссэн, түүнээс татгалзах шийдвэрийг өөртөө гаргасан хүнд сэтгэл зүйч мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. Тусгайлан бэлтгэгдсэн сэтгэл зүйч нар нууцлалыг чандлан, мэргэжлийн ёс зүйг баримтлан, найдвартай, хариуцлагатай, шинжлэх ухааны үндэслэлтэй, практикт туршигдсан сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хүргэнэ” гэв.