ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд

Олон улсын “Охидын эрхийг хамгаалах өдөр” өнгөрсөн баасан гаригт тохиолоо. Монголын хүүхдийн ордонд 1000 охид цуглан охидын өмнө тулгараад байгаа асуудал, өнөөгийн байдлын талаар ярилцсан юм. Энэ үеэр чуулганд оролцож буй 123 дугаар сургуулийн сурагч А.Намуундарьтай ярилцлаа.


-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Намуундарь гэдэг. Сонгинохайрхан дүүргийн 123 дугаар сургуулийн 12 дугаар ангид сурдаг.

-Энэ арга хэмжээнд яаж сонгогдож, ирэв. Тодорхой шалгуур тавьсан уу?

-Би өчигдөр багшаасаа мэдсэн. Ангийн багш хэлээд урилга өгсөн.

-Танай сургуульд эрүүл мэндийн хичээл ордог уу. Яг юу заадаг вэ?

-Эрүүл мэндийн хичээл ордог. Өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийн талаар голдуу заадаг.

-Эрүүл мэндийн хичээлээрээ өөрсдийнхөө хүссэн мэдээллийг олж авч чаддаг уу?

-Хичээл орохын өмнө багштайгаа ямар мэдээлэл авмаар байгаагаа ярилцдаг. Тийм болохоор олж авахыг хүссэн мэдээллийнхээ дагуу заалгадаг. Тулгамдаж байгаа асуудлаа багштайгаа ярилцаад өөртөө хохиролгүй, бусдыг гомдоохгүйгээр зарим асуудлаа шийдэж чаддаг л даа.

-Өнөөдөр охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна шүү дээ. Тэгэхээр өсвөр насны охидын өмнө хамгийн их тулгардаг бэрхшээлтэй асуудал юу вэ?

-Бидний насны охид бэлгийн боловсролын талаар ичээд ярилцаж чаддаггүй. Тиймээс тэр чиглэлийн мэдлэг мэдээллээ багшаас авахад хэцүү байдаг.

-Багшаасаа асууж чадаагүй тэр асуултынхаа хариултыг хаанаас олдог вэ?

-Интернэт. Найзуудтайгаа нийлж интернэтээс хайж олж уншдаг. Түүнээс бидний насны охид адилхан мэдлэг багатай. Гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй харилцдаг ч тэр талын асуудлаа ярилцах эвээ олдоггүй гэдэг юмуу даа.

-Интернэт орохдоо аав ээжийнхээ хараа хяналт дор ордог уу. Өдөрт хэдэн цагийг интернэтэд зарцуулдаг вэ?

-Өдөр хичээлээ тараад тодорхой хэдэн цагт л ордог. 15-16 цагийн хооронд ч юмуу. Тэгээд хичээлээ хийдэг. Оройн 22 цагийн үед аав ээж унт гэнэ, тэгээд л унтдаг даа.

-Чи ирээдүйд ээж болох хүн. Монголын нийгмийг ямар байгаасай гэж хүсдэг вэ. Тэр хүсдэг нийгэмтэйгээ одоогийнхыг харьцуулбал ямар санагддаг вэ?

-Манай улс маш хурдтай хөгжиж байгаа. Тэр хэмжээгээрээ хүмүүс ч бас дагаж хөгжих хэрэгтэй. Ирээдүйд Монголыг бухимдал стрессгүй, тайван улс байгаасай гэж хүсдэг. Одоо байгаа нийгэм маань багахан стресс, бухимдалтай болохоос хөгжиж байгаа нь надад таалагддаг.

-Танай анги хэдэн сурагчтай вэ. Хэд нь охин бэ?

-Манай анги харьцангуй цөөхүүлээ. 21 сурагчтай. Тэдний долоо нь охин.

-Танай ангид ч юмуу, нийлдэг найз нөхөд дунд чинь архины хамааралтай гэр бүлийн гишүүнтэй хүн бий юу?

-Харьцангуй тийм асуудал бага л даа манай ангид. Хүүхэд анхныхаа хүмүүжлийг гэр бүлээсээ авдаг. Хэрэв аав, ээж нь архи уудаг бол өөрсдийн ухамсраараа болих хэрэгтэй. Монголд ажлын байр бага болохоор архи уудаг хүмүүс олшроод байгаа гэж боддог. Өөрсдийнх нь мэргэжлээр ажил олддоггүй. Олдсон ч цалин бага, тиймээс ажил хийх сонирхол нь төрдөггүй байх. Манай ангийн нэг охины аав нь жаахан архи уух дуртай гэсэн. Түүнийгээ ярихдаа уйлна. Маш хэцүү байдаг юм шиг санагддаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ зовоолгүй ухамсраараа архи уудгаа болих хэрэгтэй л гэж боддог.

-Чи ирээдүйд ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг вэ?

-Би эмч болно гэж боддог.

-Өнөөдөр техник технологи маш хурдтай хөгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр та нарын нүдээр Монголд хамгийн хэрэгцээ шаардлагатай мэргэжил юу вэ?

-Манай улсын хувьд IT чиглэлийн мэргэжил их хэрэгтэй санагддаг. Энэ чиглэлээр ажлын байр ч хомс санагддаг. IT чиглэлээр илүү хөгжөөсэй гэж боддог.

-Чиний найз нөхөд, ангийн хүрээллийн дунд өсвөр насандаа сэтгэлзүйн дайралтад өртсөн, ямар нэг сэтгэлзүйн асуудалтай хүүхэд бий юу?

-Одоогоор тийм асуудалтай хүүхэд байхгүй. Манай анги, найз нөхдийн хүрээнд тийм зүйл байдаггүй шүү.

-Та нарын хувьд үерхэж нөхөрлөдөг, найзалдаг нас ирсэн байна шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн хичээл дээр би энэ насандаа анх эсрэг хүйстэнтэйгээ үерхэж байгаа. Тиймээс хамгийн түрүүнд ийм мэдлэг надад хэрэгтэй гэдэг ч юмуу, өсвөр насны бэлгийн боловсролын талаар хичээл заадаг уу?

-Эрүүл мэндийн хичээлээр өсвөр насныхны бэлгийн боловсролын талаар өмнөх жилээс эхлэн орж эхэлсэн. Хүсээгүй жирэмслэлт гэж ярьдаг шүү дээ. Тэр хүсээгүй жирэмслэлтэд өсвөр насны охид хамгийн их өртдөг. Түүнээсээ болж анхны хүүхдээ авахуулдаг. Түүнчлэн цаашид үр тогтох чадваргүй болох, эмэгтэй хүний сав гэмтэх аюултай. Тиймээс өсвөр насандаа охид маань бэлгийн боловсролоо дээшлүүлж, өөрийгөө эрсдэлээс яаж хамгаалж болох талаар мэдлэг мэдээлэлтэй байгаасай.

С.ОТГОНБАЯР