ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд


Орчлон хорвоод хүмүүн биеийг төрүүлж өсгөсөн эцэг, эхээс илүүтэй ачлал, буянтан нь юусан билээ. Сэтгүүлч би бээр мөн ч олон жил цаас цоохорлож, мөн ч олон янзын сэдвээр, тэр бүхнээ сэтгүүл зүйн бичлэгийн бүхий л төрлийг хамруулан бичих гэж оролдсон байх юм. Гэтэл хамгийн хайртай аав, ээж хоёрынхоо тухайд намтраас нь цааш олигтой гараагүй ч бас чиг Монголын хөгжмийн зохиолчдын томоохон төлөөлөл, Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, Н.Мэндбаяр, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, яруу найрагч, ая зохиогч О.Сэрээнэн, ая зохиогч Б.Пүрэвсүрэн нарын зэрэг цөөнгүй зохиолчидтой “Дэлхийн энтэй аав минь”, “Уянга дууны ээж”, “Зүүдэнд тодрох ээж минь”, “Бодолд уяатай аав минь”, “Сүүн сэтгэлт ээж” зэрэг цөөнгүй дуу бичсэнээрээ бяцхан омгорхдог юм. Энэ нь миний хувьд эд баялаг, имэрдэг хэдэн борын тусламж үзүүлэхээс илүүтэй бахархалт ажил минь билээ.

Ийнхүү энэ мэт зүйлийг нуршин тоочихоо цэглээд ухаант буурал ээжийнхээ тухайд цөөн хэдэн өгүүлбэр хэлхэхийг зорилоо.

Бидний ээж С.Цээхүү 1928 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг “Модон” гэдэг газар малчин ард Санжаажамцын хоёр дахь охин болж хорвоод мэндэлжээ. Энэ сум, энэ нутаг орон бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Бадарч нарыг алтан хэвлийдээ өлгийдсөн шүншигтэй сайхан нутаг юм. Ээж маань бага насаа тэр үеийн хөдөөгийн хүүхдүүдийн нэгэн адил эгч С.Цэрэнбадам, дүү С.Шаравдорж нарын хамт хурга, ишигтэй хөөцөлдөн өнгөрөөж, 1936 онд Ардын сургуулийн алтан босгыг алхсан байна.

Багын юм юманд овсгоотой, сэргэлэн, цовоо зан нь аливааг сурч мэдэхэд нь дөхөмтэй байж, сурлагаар хэний ч дор оролгүй байсаар долдугаар ангиа “Онц” дүнтэй төгсгөөд Багш нарыг бэлтгэх сургуульд суралцахаар нийслэл хотноо ирсэн нь 1943 оны намар байв. Багшийн сургуулийн шалгалт, шүүлгийг ч мөн л төвөггүйхэн давж, гурван хаврыг үдээд Гэгээрлийн хэлтсийн даргын тушаалаар хотын дөрөвдүгээр сургуульд багшаар томилогджээ. Тэр сургууль нь одоогийн Соёлын төв өргөөний орчимд байсан бөгөөд тийн багшилж байхдаа бидний эцэг Сахъяагийн Гомботой танилцаж гэр бүл болсон байна. Дөрвөн жил гаруй багшлаад жирэмсний амралтаа аваад дахин багшлаагүй аж. Харин Дотоод явдлын Яамны харьяа Одон тэмдэгт “Тусгай хороо”нд тал бичээчээр ажиллажээ. Бидний эцэг С.Гомбо мөн тус хороонд хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсан болохоор гэр бүлийнхээ хүнийг төвөггүйхэн шилжүүлэн авсан юм билээ. Тус хороонд гурван жил орчим ажиллаж байтал аавын маань бие хүндээр өвчилж, Айргийн сувилал зэрэг олон газраар явж эмчлүүлсэн боловч засрал авалгүй байсаар цэргээс бэлтгэл ахмад цолтой халагдаж, улмаар орон нутагтаа очиж амьдрах болсон аж. Тийнхүү 1950 онд ээж маань ээнэгшин дассан ажил алба, найз нөхдөө орхиод аавыг даган Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумыг зорьсноос хойш тэр л нутагт өөрийн төрж, өссөн нутгаасаа илүүтэйгээр идээшин дасаж, одоо нийслэл хотноо үр хүүхдүүдийнхээ хайр, халамжинд “өлгийдүүлэн” сайн сайхан амьдарч байна. Улиран одсон он жилүүдэд хайрт ээж минь үр хүүхдүүдээ зөв боловсон өсгөж хүмүүжүүлэх хариуцлагатай үүргийг нуруундаа үүрсэн билээ. Бидний аав Монгол Улсын Хилийн цэргийн бэлтгэл ахмад С.Гомбо төрж өссөн нутаг, усандаа хориод жил багийн агентаар нэр төртэй ажиллаж байгаад 1969 онд хүнд өвчний учир насан өөд болсон юм. Тэр үед ээж минь дөнгөж дөчин нэгхэн настай байсан бөгөөд бидний отгон дүү Г.Батсайханыг ханиасаа хагацсанаас хойш арван хэдхэн хоногийн дараа төрүүлж байлаа. Ээжээс арван хүүхэд төрсний эхний хоёр нь хүн болж чадаагүй юм билээ.

Ингэж цэл залуухнаараа түшигт ханиа алдаж үлдсэн ээж маань ёстой л гадаа гарч эр, гэрт орж эм болж явсаар биднийг өлсгөж, цангуулалгүй, мөр бүтэн өсгөж өдий зэрэгт хүргэсэн ачтан. Чухамдаа манай ээжийг “Хайр нь дотроо, хал нь гаднаа хүн” гэж хэлж болно. Ер нь бид ээжээсээ л айдаг байсан санагдана. Аав бол уурлаж, уцаарлах байтугай хүүхдүүддээ барагтайд гар хүрдэггүй хүн байсан. Харин ээж бол нарийхан сур аваад л ороолгох. Ямартаа л миний бие бүр зургаа, долоо орчим настайдаа өөрөө өөрийгөө орны хөлөөс уячихдаг хүүхэд байх вэ дээ. Энэ нь манай ээж биднийг нэлээд хатуухан гараар хүмүүжүүлсний нэг тод жишээ гэж хэлж болох. Ямар сумын төв биш, хэдхэн айлтай бөглүүд бригадын төвд хаа л холдох билээ. Харин өнөөдрийн өндөрлөгөөс харахад гэр хүмүүжлийн томоохон сургалт давхар явагддаг байсныг ухаарах юун. Ер нь хүүхдийг аливаа зүйлээс хорьж цагдсанаар буруутах юм гэж огт байхгүй дээ.

Бид өнөөдрийг хүртэл ээжийнхээ чихийг элдэв муу зүйлээр халууцуулаагүй яваа нь тэр л суурь хүмүүжлийн үр өгөөж билээ. Өөрөө бага залуудаа эрдэм, номын мөр хөөсөн учраас хүүхдүүдээ мэргэжил боловсролтой хүн болгохын төлөө ихээхэн анхаардаг байж. Хуучин монгол бичгээр үнэндээ гаргууд сайн уншиж, бичихийн зэрэгцээ гитар, мандолин хөгжим таарвал муугүй ая тоглочихно. Бас “Катюша” зэрэг орос дууг ч эвлэгхэн нь аргагүй дуулчихна. Хол газар суурьшсан бид жилдээ ганц удаа амралтаа аваад ээжийгээ зорино. Хот суурин газраас ирсэн биднээс өөрийн оронд болж байгаа болон дэлхий дахины үйл явдлуудаас асууж бяцхан “Конкурс” авч мад тавьдагсан. Түүнчлэн хүнд тусархаг, ихээхэн өглөгч хүн гэдгийг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынхан, тэр дундаа “Баян” багийнхан андахгүй. Ер нь манай гэрийн зуух, тогоо өглөөнөөс аваад үдшийн бүрий нөмөртөл сална гэж бараг байдаггүй байсан даа. Нутаг, усны болон адуу, мал эрж хайсан явуулын хүмүүсийг ирэх бүрийд л цай, хоол бэлтгэнэ. Яагаад ч юм бэ, огт таньж мэдэхгүй хүмүүс ч гэсэн манайд л бууж хоол, ундаар дайлуулаад холын замдаа шуудардаг байсныг сайн санаж байна. За тэгээд нэг хот айл, саахалтын хүүхэд, шуухадыг орж ирэх бүрийд л гарынх нь алгыг дээш нь харуулж байх. Тэглээ гээд муу юм ер болоогүй ээ. Одоо ч тэр зан нь яг л хэвээрээ ерэн гурван нас сүүдэртэй зэрэгцэж байна. Биднийг бага байхад төрж, өссөн Хэнтий аймгийн Баянхутаг сумаас төрсөн дүү С.Шаравдорж нь өөр дээрээ татаж авах гэж хэд хэдэн удаа ирээд амжилт ололгүй буцаж байсныг сайн санаж байна. Бид ч ах, дүүсээ бараадсангүй гэж дотроо бол зэмлэж л байсан байх. Хожим ухаан суусан хойноо эргэцүүлэн бодох нь ээ, “Хайрт ханиа хөдөөлүүлсэн дэлгэр тэнүүн толгод, дэндүү дотно дассан нутгийн зон олноо орхиод явчих сэтгэл яаж төрөх вэ” гэдэгтэй яах аргагүй санал нийлсэн юм. Ээж минь ийм л ухаантай буурал билээ. Үзэг, цаас нийлүүлдэг хүү миний хувьд аав, ээж хоёртоо зориулж хэд хэдэн дуу зохиосон гэж дээр дурдсан даа. Тэр бүхнээс нэгийг жишээ болгоход, ерээд оны эхэн үед нийслэлийн төв хэвлэл "Улаанбаатар" сонины “Танин мэдэхүйн хэлтэс”-т сурвалжлагчаар ажиллаж байхдаа маргаашийн сонины материалтай зууралдаж байгаад нэлээд оройтож, Ленин клубийн Автобусны буудлаас суух агшинд цас малгайлан орж, юу юугүй нүүр, нүдгүй цасан шуурга балбаж эхлэв. Яг тэр агшинд алс тэртээ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Баян багийн “Эхэнэ ус”нд өвөлжиж байсан ээж, дүү хоёроо санагалзаж, улмаар багагүй санаа зовж билээ. Тэгээд тэр шөнөдөө зүүдэндээ орж ирсэн мөртийг яаран тэмдэглэж авснаар:

Аагтай шаргал цайгаан өргөсөн

Аядуу буурал ээж минь

Алагхан үрийнхээ зүүдэнд

Аяндаа харагдах нь юуных вэ

Даамай сэтгэлт ээжийгээ

Дандаа л боддогийнх байлгүй дээ... гэсэн үгтэй “Зүүдэнд тодрох ээж минь” дууны шүлэг бүтэж, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү эсгэлэн сайхан аялгуу зохиосон болохыг дашрамд тэмдэглэхэд таатай байна.

Одоо үр хүүхдүүдийнхээ ач, гуч, зээ нарыг үзэн тэнхэлүүн амьдарч байгаа хайрт буурал ээждээ хүү миний бие үгийн хишиг өргөсөн нь энэ. Ээждээ “Зуу насалж, зургаадай таяг тулах”-ын ерөөл өргөе.

Зохиолч, сэтгүүлч Гомбын БААТАРНУМ