ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.07.03 10:07

Мянгат малчны хүүхдүүд хулгай хийхдээ араатнаас дор авирлажээ

Цагаан сар, наадам дөхөхөөр мал хулгайлах гэмт хэрэг ихэсдэг талаар цагдаагийнхан сэрэмжлүүлдэг. Хулгайчид бүлэглэн, машин хөлөглөн бүл муутай малчдыг онилж, хотыг нь харлуулсан тухай мэдээлэл зуны улиралд тасардаггүй. Гурван жилийн өмнө Хүй долоон худагт зусаж байсан хоёр хөгшинг хөнөөж, хоёр настай зээг нь хүнд гэмтээж орхиод хоттой малыг нь туугаад явчихсан хэрэг гарсан. Малын хулгайчид үйлдэл дээрээ баригдвал хүний амь ч хөнөөж мэдэхээр зэвсэглэчихсэн явдаг зэрлэгшсэн хүмүүс аж. Зэрлэгшсэн гэхийн учир нь тэд хулгайлсан малаа араатнаас дор тамлаж, зовоодог юм байна. Саяхан хулгайчид Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутагт гавьяат малчин хөгшний хоттой хонийг тууж арав гаруйг нь жалганд нядлаад, үлдсэнийг нь чонийн ам руу хөөчихсөн хэрэг гарчээ. Тэдний үйлдлийг нэхэн сурвалжлахад хүнээс гармааргүй балмад авир, бусармаг үйлдэл хийдэг нь тодорхой байв. Малчин, мөрдөн байцаагчдын дунд явж байгаад тэнсэн ялтай үлддэг малын хулгайчдын увайгүй үйлдлийг “Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” буландаа онцолж байна. 

ХОТОНД ГЯЛАЛЗАХ ГЭРЛИЙН УЧИР

Төв аймгийн Баяндэлгэр сум нийслэлээс 101 км зайтай. Аймгийнхаа төвөөс  108 км, Багануур дүүргээс 26 км зайд байдаг. Засаг захиргааны нэгжийн тухайд Байдлаг, Галуут хоёр багтай. Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг гэдгээр нь хүмүүс андахгүй. Хүн ам цөөтэй ч Улаанбаатар-Өндөрхааныг холбосон хэвтээ тэнхлэгийн мянганы зам сумын төвөөс хоёр км-ийн зайтай өнгөрдөг болохоор их хөлийн газар гэгддэг юм билээ. Нутгийн иргэдийн олонхи нь Хэрлэн голын хөвөөнөө малаа маллан амьдардаг. Сумын малчид чоно нохойноос илүү хулгайчдаас малаа хамгаалж,  байнгын харуул манаатай байлгадаг болоод удаж буй гэх. Ямар сайндаа л айл болгон бог малаа хашиж байх билээ. Бүлтэй, ээлжээр малаа харуул манаатай байлгах айлуудад хулгайч тэр бүр халдаад байж чаддаггүй гэнэ. Харин өндөр настай, бүл чадал муутай айлуудыг хулгайчид онилж, хотноос нь ганц нэг мал суйлж байгаад бөөнөөр нь туугаад явчихдаг аж. 

Гавьяат малчин Х.Магсар хөгшинтэйгээ, малыг нь малладаг залуутай гурвуулаа Хэрлэн голын хөвөөнд хаваржиж байжээ. Тэднийхээс саахалтын зайд хүүхдүүдийнх нь бий. Х.Магсар гуайнх цөөнгүй малтай болохоор бэлчээрээ харгалзан ганц гэрээрээ байхаас аргагүй гэнэ. Дал гаруй настай хоёр хөгшин ганц залуутай, 500 гаруй малтай байгааг хулгайчид мэддэг учраас эртнээс олзоо болгосон хэрэг. Шөнө дунд Х.Магсар гуайн хөгшин гарч бие засахад хотонд нь гэрэл гялалзаад, гүйгээд байдаг байж. Бүр малын хашаанд ч гэрэл гялалзаад байх болж. Энэ тухай өвгөндөө хэлээд хамт гарч харахаар юу ч мэдэгддэггүй гэнэ. Хоёр хөгшин нэгийгээ зөнөж, хий юм хардаг болж гээд өнгөрдөг байжээ.

Хааяа малаа тоолоход ганц, хоёр хонь сох дутчихаар нь малчин залуугаа “Хонь руу чоно оруулчихлаа” гэх юм уу “Айлын малтай хонио нийлүүлээд хольчихлоо” гэж зэмлээд өнгөрдөг байж. Гэтэл гэрэл гялалзаад байдгийн цаана нь хулгайч байдаг байсан нь хоттой хонийг нь тууж явснаар ил болжээ. Хулгайч тэдний малнаас ганц, хоёроор нь хулгайлдаг байснаа хүлээсэн байна. 

ХОТТОЙ ХОНИЙГ НЬ ТУУЖ ЖАЛГАНД АВААЧААД СОРЧИЛЖЭЭ

Х.Магсар гуайн хоттой хонийг тавдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хулгайчид туугаад явжээ. Хургатайгаа 500 гаруй хонийг хашаанаас нь гаргаж баруун хойшоо хоёр шахам км тууж Зүүн шандын аманд хүргэжээ. Шөнө дунд хотноос нь хөөгөөд босгохоор бог мал эргэж, хургадаг. Хулгайчид хурц иртэй төмөр юм уу, том хутгаар туусан бололтой нэлээд хэдэн хонийг ар нуруу руу сийчсэн байжээ. Малын хашаанд том хутга үлдээсэн нь ч үүнийг гэрчилнэ. Монголчууд малаа ширүүн туух, араас нь мод чулуу шидэхийг цээрлэдэг. Гэтэл хулгайчид хутга, мэсээр сийчиж хөөдөг болсон нь энэ. Түүгээр ч барахгүй хоттой хонийг нь Зүүн шандын аманд хөөж аваачаад гар чийдэн тусгаж байгаад сорчилж эхэлжээ. Шөнө дунд малын нүд рүү хурц гэрэл тусгахад хөдөлж чадахаа больдог. Ингэж гэрэл тусгаж байгаад хамгийн том, тарга тэвээргэ сайтайг нь сонгож хоолойг нь хэрчиж алсан байна. Энэ мэтээр 13 эр хонины хоолойг огтолж, дотрыг нь цувуулж хаяжээ. Нядалгаа хийсэн жалгандаа 13 хонины толгой, гэдсийг нь цувуулж хаячихаад гулууз махыг нь портер машиндаа ачаад явсан байна. 

Бүр хамгийн тарган, том хониных нь сүүлийг дундуур нь нэг хэрчээд Х.Магсар гуайн зүг рүү шидсэнээ хулгайчид ярьжээ. Хулгайлсан хониныхоо сүүлийг эзнийх нь зүг шидэх нь хулгайчдын хувьд дом юм байх. Сүүлийг нь шидвэл хэрэг нь баригддаггүй гэж ярьдгаа хулгайчид мөрдөн байцаагчид мэдүүлсэн байх юм. 

ҮЛДСЭН ХОНИЙГ НЬ ЧОНЫН АМ РУУ ХӨӨЖЭЭ

Үүр цүүрээр бой хийсэн хулгайчид үлдсэн малыг нь Хөх овоо руу туучихаад яваад өгч. Өөрөөр хэлбэл, чонын ам руу туусан гэсэн үг. Малчид “Ядаж эргүүлээд хот руу нь чиглүүлчихсэн бол хэдэн малаа чононд сэглүүлэхгүй байлаа” гэж ярьж байв. 

Х.Магсар гуайнх хаваржаандаа өвлийн байшинд амьдардаг. Тиймээс хоттой малыг нь хойноос нь иртэй мэсээр хөөж байгааг сонсоогүй юм билээ. Үүрээр хот нь эзгүйрснийг мэдэж араас нь эрэл болж. Гэгээ ороход Зүүн шандын жалган дээгүүр элээ, хон хэрээ эргэлдээд байхаар нь очтол сүргийнх нь сор хэдэн хонийн толгой, гэдсийг нь цувуулаад хаячихсан байж. Цаашлаад Хөх овоог давтал хээрийн нохой сүрэг хонь руу нь дайрч алахыг нь алж, сэглэхийг нь сэглээд хаячихсан байжээ. Тавь гаруй жил мал малласан хөгшин тийм дүр зургийг харах ямар байх билээ. Хэсэгтээ дуугаа хурааж, бодол болсон гэнэ. Алдсан хүн арван тамтай гэдэг үг малаа хулгайд алдсан малчдаас гарсан гэдгийн учир энэ биз. 

Нутаг усаараа хүндэлж явдаг гавьяат малчныхаа хотыг харлуулсан хулгайчид өөрсдөө мянгат малчдын хүүхдүүд байсан гэвэл итгэхэд бэрх. Гэвч тэд малын захад, өтөг идэж өссөн залуус байгаа нь харамсалтай. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Онцлох нийтлэлүүд