ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.06.12 08:06

Мянга мянган жилд өөрчлөгдөөгүй мал аж ахуй

Монголын мал аж ахуй мянган жилдээ өөрчлөгдсөнгүй. Газар тариалан гарч ирэхээс төө өмнө л монголчууд өнөөдрийнх шиг арга барилаар мал аж ахуйгаа эрхэлж байжээ. Өнгөрсөн хэдэн мянган жилд энэ дэлхий дээр ямар их хөгжил хөдөлгөөн өрнөж, хүн төрөлхтөн дээш мацав. Үүнтэй харьцуулахад өнөөдөр Монголын хөдөө аж ахуйд, малчин айлын гэрт нарны зай, гар утас хоёроос өөр хөгжил, өөрчлөлт гэх зүйл алга. Өнөөх л чөдөр ногтоо зангидаж, үхрийн ширэнд айргаа исгэж, хонины гүзээнд өрмөө хадгалж, дөрвөн ханатай гэртээ салхинд хийсчих шахан, цас бороонд дэндэгнэн амьдарсаар. Ядаж л хоёр эр ямаанаас гарах ноолуурын үнээр чип авч эцэг малынхаа арьсанд суулгачихаад хаа явааг нь багцаалж суух ухаан алга. Тийм нэг дохио өгдөг юм байдаг л сурагтай гэх шигийг яриад сууж байна. Гэрээсээ дөрвөн км-ийн радиуст нисгээд ойр орчимд байгаа малаа камераар нь харуулдаад байж болох дроныг ашиглах тухай ойлголттой малчингүй байна. Үүний оронд лам, мэргэч төлөгчөөс алдсан малаа сурагласаар. Азаар ойролцоо мэдэж дуугарсан мэргэч төлөгчийг тахин шүтэж, хэдэн арван дрон, чип худалдаж авах мөнгийг өргөл барьц болгон өгч сууна. Манай мал аж ахуйд ашиглая гэвэл, хөгжлийн шат ахиулъя гэвэл боломж өдөр бүр нэмэгдсээр байгаа. Гэвч лам, бөө хоёр руугаа гүйсээр байна. Үр дүнд нь бахь байдгаараа, морь бөхөө ярьж, хужаа мотоцикльтойгоо ноцолдож, сумын дэлгүүрийн лангуун дээрх шилтэй цэнхэрт нүүсээр он жилийг үдэж байна даа.

Яагаад ийм байна вэ? Шулуухан хэлэхэд Монголд мал маллаж буй хүн огт өлсдөггүй. Өлсөж үзээгүй хүн залхуугийн туйл байдаг. Бид өлсөж үзсэн бол, дайн үзсэн бол хэдэн арван Нобелийн шагналтантай болчих байлаа. Бахархдаг түүхээрээ бол, том том ярьдаг амаараа бол, аль хэдүйн дэлхийн оюуны түүчээнд явж байх юм. Өлсөж үзээгүй болохоор цааш хэрхэн хөдөлмөрлөх, амжилт олох, ахиж дэвжих тухай өчүүхэн ч ойголтгүй байдаг юм байна. Мал аж ахуй нь хөгждөггүй учраас хүнээ хөгжүүлдэггүй. Хөдөлмөрлөдөггүй учраас малчны хот хөгждөггүй ийм л улс байсаар байна.

Ийм байхыг хөгжөөн дэмждэг, өөгшүүлдэг, турхирдаг тодорхой масс нийгэмд бас байна. Гадаадын хэдэн эрдэмтэн, түүхчид нүүдлийн аж ахуйг хэвээр авч үлдэх нь гайхамшиг хэмээн сурталддаг. Энэ нь угтаа хаа байсан мянган жилийн өмнөхөөрөө амьдарч байгаа отог омгийнхон Монголд байна гэдгийг жуулчдад харуулах гэсэн хүсэл санаа юм. Гадны хэдэн эрдэмтэн, хэдэн жуулчдад үзмэр байлгах гэж малчдаа эсгий гэрт, хиртэй хувцастай, хэдэн зууны өмнөх эдлэл хэрэглэл, эмээл хазаар, аяга шанагатай байлгах нь Монголын хөгжил биш ээ.

Манайх шиг нүүдлийн мал аж ахуйтай улс орон энэ дэлхий дээр олон байсан. Одоо тэд хөгжлөө дагаад өөрчлөгдсөн. Дийлэнх нь фермерүүд болж хүн төрөлхтөний хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна. Европын өндөр хөгжилтэй орнууд, Австрали, Азийн орнууд... хаа сайгүй эрчимжсэн мал аж ахуй өндөрт гарлаа. Малаас гарч болох бүх л түүхий эдийг таваарлаг болгож, эдийн засгийн эргэлтэд өндөр үнэтэй оруулж байна. Мах, сүү, арьс шир, үс ноос... юу л байна бүгд хүн төрөлхтөний үнэт хэрэгцээ болон арилжаалагдаж, ашиг олж байна. Хүний нийгмийн хамгийн үнэн юм бол мөнгө их олсон нь хөгждөг, сайхан амьдардаг явдал юм. Мөнгөгүй, мөнгө олдоггүй улс орнууд л ядуу дорой амьдарч байна. Үүнийг хэн үгүйсгэх юм бэ.

Монгол Улс 60 сая малтай. Үүний 10 саяыг нь л хэрэглэж байна. Бусад 50 саяыг нь хадгалж байна. Хадгалсаны үр дүнд бэлчээрийн даац хэтэрч, ган зуд нүүрлэж, ямар ч хэрэгцээгүй таваар болж байна. Үнэндээ Монголын мал аж ахуйд мал нь хүнээ тэжээгээд байна уу, хүн нь мал тэжээгээд байна уу. Угтаа бол 60 сая малын дор хаяж 50 хувь нь эдийн засгийн эргэлтэд жил бүр орж байх ёстой. Монголын мах экспортод гарах ёстой гэсэн үг. Хоёр хөршийнхөө хилд ойрхон хэдэн жижиг хотын махны хэрэгцээг хангах гэрээ байгуулахад л манай 60 сая мал бараг хүрэлцэхгүй. Эрэлт ийм өндөрт гарахад малын үнэ өснө, малчдын амьдрал дээшилнэ. Мөнгөтэй болсон малчдын хэрэгцээ ихэснэ. Эрэлт хэрэгцээ дагаж үйлдвэр үйлчилгээ тэлж, ажлын байр нэмэгддэг. Ийм л эдийн засгийн энгийн логикоор бодоход өнөөдөр мал аж ахуй ямар арчаагүй, хөгжилгүй, дорой байгаа нь харагдаж байгаа юм. Сумын төвийг хичнээн эрчим хүчээр холбож, халуун дулаантай болгоод яах юм. Малтайгаа адилхан ахуйтай болчихсон, ямар ч хэрэглээгүй болчихсон Монголын малчдад гэрэл цахилгаан, халуун хүйтэн ус, нарийн ширийн хоол, нойтон алчуур, нойлын цаас ч хэрэггүй байна шүү дээ. Хүн амын маань талаас илүү хувь нь болох ийм хүмүүс дээр хэн очиж наймаа хийж, соёлыг түгээх юм бэ. Ийм л болохоор Монголын мал аж ахуйг өөрчлөх, шинэчлэх, хөгжилд хөтлөх цаг болжээ.

Өөрчлөхгүй бол Африкийн Танзан улсын Хазза овгийнхноос нэг их ялгаагүй хүмүүс болох нь. Энэхүү Хазза овгийнхон өнөөдөр ямар байна гээч. Гартаа нум сумаа барьж амьдралаа залгуулсаар 10000 жилийн нүүрийг үзэж байна.

Анаашны арьсаар хийсэн тэдний нум сум тахь, усны үхэр, бодон гээд том амьтдаас эхлээд шувуу, хэрэм, зурам гэсэн жижиг амьтдыг ч унагана. Сумандаа хор түрхсэн байдаг тул, оногдсон амьтад сумны шарханд гэхээсээ хоронд хордож үхдэг. Ан гөрөөгөөр амьдралаа залгуулах тэдэнд суурьшил гэж үгүй. Нэг газар нэг сараас илүү тогтохгүй. Ан гөрөөгөө хөөгөөд ийш тийш нүүдэллээстэй /манайхан малын бэлчээрээ дагаж нүүдэг шиг/. Тэд очсон газартаа гэр барихдаа цагаас илүү хугацаа зарцуулахгүй. Тэдний гэр нь жижиг мөчир, өвс зэргийг томж холбосон бяцхан урц маягийн зүйл.

Профессор Frank Mar­lowe сүүлийн 15 жилийн турш Хазза омгийг судалж буй нэгэн. Түүнийхээр бол “Хаззачуудын аж амьдрал холын өвөг дээдсийн үеэсээ өөрчлөгдөөгүй байх” гэнэ. Одоогийн ан гөрөө хийдэг амьдралын хэвшил нь дор хаяж газар тариалан эхлэхээс өмнөх 10000-аад жилийн тэртээгээс тоологдох нь бараг нотлогдоод буй аж. Шүүрс алдам урт удаан үргэлжилсэн хүний түүх гэдэг, үнэндээ түүний 99 хувьд нь яг хаззачууд шиг амьдралаар амьдарч ирсэн. Эсрэгээрээ сууриншиж газар тариалж, мал адгуулах болсон нь хамаагүй саяхны явдал буюу хүний түүхийн ердөө нэг хувьд хүрэхгүй богинохон өрнөл. Тэгсэн хэрнээ тэр нэг хувийн хормын төдий хугацаандаа өөрийнхөө 99 хувийн амьдралаа ул мөргүй шахуу өөрчлөөд тавьчихсан байгаагаа бид өөрсдөө харж сууна.

Хаззачууд харийн хүмүүс нутагт нь орж ирсэн ч эсэргүүцнэ гэж байхгүй. Зүгээр л өөрсдөө зай тавиад нүүгээд явчина. Аж амьдрал нь бүхэлдээ “өнөөдрөөрөө амьдрах” тул эд агуурс хуримтлагдана гэж санахын ч хэрэггүй, хаззачуудад хөрөнгө хогшил байтугай, хүн нэг бүрт нь хувийн эд хэрэгсэл гэхээр юмгүй. Эрх мэдлээр ч ялгарахгүй, эд баялагаар ч ялгарахгүй. Томчууд нь хэнд ч тушаагдахгүй, бас хэнийг ч тушаахгүй. Эр эмийн харьцаа ч ерөнхийдөө эрх тэгш. Нарийн харвал эмэгтэйчүүд нь давамгайлах талдаа. Ямартай ч эрчүүд нь галзуурсан ч эмэгтэйчүүдээ захирах гэж оролдохгүй. Хазза омгийнхон дотор гэр бүл салалт гол төлөв эхнэр нь нөхрөө хаяна. Хаягдсан эрчүүдийн хамгийн түгээмэл шалтгаан нь “ан гөрөөнд муу” гэх явдал. Ангаас гар хоосон ирсэн эрчүүд дээр тусах хүүхнүүдийн харц ширүүн. Гэсэн хэдүй ч хаззачууд юунд ч санаа үл зовно. Тэдний бодолд угаасаа “санаа зовох” гэдэг үг байхгүй. Юу гэвэл, тэдэнд цаг хугацааны ухагдахуун гэж үгүй. Байгаа нь зөвхөн “өнөөдөр” гэдэг өдөр л байна. Маргааш, нөгөөдөр гэх мэт үг байдаг ч, түүнээс цаашхийг илэрхийлэх үг ухагдахуун тэдний 10000 жилийн амьдралд нь шаардагдаагүй байна. Тэднээс насыг нь асуувал хэн ч өөрийнхөө насыг мэдэхгүй. Ямар ч цаг үед, юу ч болдог бай, тэд зөвхөн “өнөөдөр”-өөр л амьдарч иржээ.

Малчны удам миний хувьд мал аж ахуйгаа эдэнтэй зүйрлэхдээ эмзэглэж байна. Гэхдээ зүйрлэн сэрэмжлүүлэхээс өөр арга алга. Арван мянган жилийн өмнөх амьдрал нь огт өөрчлөгдөөгүй хаззачууд шиг амьдарч буй малчдаа цаашид ингэж амьдруулмааргүй байна. Мал аж ахуйг магтан дуулсан гадна дотны үзэл сурталд бодолтой хандаж, түгээн дэлгэрүүлэх нь буруу байна. Бид ийм солгой эгшиг, сондгой өнгөтэй байвал өнөөдрийн хүн төрөлхтний түүхээс арилна. Монголын хөдөөд цөөн хэсэг нь малчин удмаараа, ахуйгаараа байхыг үгүйсгэхгүй. Хаана ч уламжлалаа хадгалсан цөөн хэсэг нь гадныханд үзмэр маягтай байж байдаг. Харин олонх нь хүн төрөлхтөний хөгжлөө дагажээ.

Хамгийн гол нь мал аж ахуйгаа өнөөдөр таваарлаг болгож байж л энэ байдлаас гарна. Туйлдаа хүртэл доройтчихсон салбар биш. Эдийн засгийн их боломж Монголын мал аж ахуйд байна.

Тооцъё л доо. Дэлхийд натуралный мах, арьс, үс ноос хамгийн эрэлттэй хэвээрээ байна. Жишээ нь, манай сарлагийн арьсыг гүйцэх сайн чанарын гутлын түүхий эд дэлхийд байхгүйг мэргэжилтнүүд нэг дуугаар хүлээн зөвшөөрдөг. Бид ашиглаж чадахгүй л байна. Бид 10 сая малынхаа арьс ширийг боловсруулж гадагш нь гаргахад нэг тэрбум ам.доллар олох наад захын тооцоо бий. Нэмүү өртөг шингээвэл хоёр тэрбум болно гэдэг. Хорин сая малынхаа арьс ширийг боловсруулаад гаргавал хэд болох уу. Гучин сая малынхаа арьс шир, үс ноосыг гүн боловсруулаад олон улсад гаргавал юун Оюу толгойн долоон тэрбум ам.доллар, 10, 20 тэрбум ам.долларт хүрэх нөөц бидэнд байна. Европын өндөр хөгжилтэй орнуудад савхины сайн оёдолчны сарын орлого 7-11 мянган ам.доллар байна шүү дээ. Тэгвэл дэлхийн савхины түүхий эдийн хамгийн сайн нөөц Монголын хээр талд бэлчиж байна.

Арьс ширийн үнэ цэнэ зөвхөн ийм байгаа бол мах, өлөн гэдэс, малын ихэс... гээд өчнөөн түүхий эд дэлхийд ховор, үнэ нь улам өссөөр байна. Монгол малын өлөн гэдэс Германд хамгийн үнэтэй. Мэс заслын хамгийн сайн оёдлын утас болдог. Дэлхийн баячуудын хэрэглээ болсон хамгийн тансаг хиаман бүтээгдэхүүний түүхий эд бас хэвээрээ байна. Дэлхийн баячуудын үзэх, хичээллэх дуртай спорт газрын теннисний цохиур, бусад эдлэл хэрэглэлийг ч өлөн гэдсийг маш нарийн боловсруулж хийж байна. Энэ бүгдийг манай бизнесмэнүүд мэднэ. Ганцхан хөгжиж дэвжээгүй хөдөө аж ахуй, дэд бүтэцгүй малчдаасаа энэхүү ховор түүхий эдээ хэрхэн авах аргаа олохгүй байна. Үе үеийн эрх баригчдын зүгээс мал аж ахуйд хандсан дорвитой бодлого шийдвэр, сэтгэл зүтгэл огт гарсангүй. Сонгууль болохоор л бүгдээрээ “Миний малчин түмэн” гээд дүр эсгэж давхиж очихоос биш, сонгуулийн маргаашаас малчдыг ор тас мартдаг. Уул уурхай дээр л уралцаж, улс орноо хөмрөх шахаж байна.

Гэтэл ийм их баялгийг бүтээж, эдийн засгийн эрс сэргэлт авчрах түүхий эдийн нөөц хэдэн зуун жилийн өмнөхөөрөө амьдарч буй монгол малчны хотонд, мал аж ахуйн салбарт байсаар байна. Үүнийгээ бид ашиглаж чадахгүй мөлхсөөр байна.

Онцлох нийтлэлүүд