ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.01.03 12:01

МҮОНРТ-ийн захирлыг даваа гаригт томилно

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг ярилцсан гэх мэдээлэл байна. Эх сурвалжаас авсан мэдээгээр түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан бөгөөд МҮОНРТ-ийн 100 ажилтанг цомхотгохоор болжээ. Тус телевизэд 700 гаруй хүн ажилладаг ч уран бүтээл, нэвтрүүлгийн чанар чансаа сул байгааг Үндэсний зөвлөлийнхөн онцолсон байна. Мөн 100 гаруй хүнийг цомхотгох шийдвэр гаргасан нь Үндэсний телевизийн төсөв 50 хувиар буурсантай холбоотой аж. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл ирэх даваа гаригт дахин хуралдаж, шинэ Ерөнхий захирлыг томилохоор болжээ. МҮОНРТ-инй даргад хэд хэдэн хүний нэр дуулдаж байна.

Дашрамд сонирхуулахад, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдтой "дайн" зарлаад байгаа билээ. УИХ-ын дарга чуулганы хуралдаанд МҮОНРТ-ийг аймшгийн архидалтын газар хэмээн хэлж, үүнийгээ залруулахдаа "Би М.Наранбаатар болон түүний тойрон хүрээлэгчдийг хэлсэн" гэсэн нь М.Наранбаатар тэргүүтэй МҮОНРТ-ийнхний дургүйцлийг хүргэж, нэг тэрбум төгрөгийг спикерээс нэхэмжлэхээр болж байгаагаа зарласан юм. Ийнхүү олон жилийн турш МҮОНРТ ноёрхлоо тогтоосон гэх шүүмжлэлд өртөөд байгаа М.Наранбаатар захирал ирэх даваа гаригт суудлаа албан ёсоор хүлээлгэн өгч магадгүй байна.

Онцлох нийтлэлүүд