Эдийн засаг
2021.02.27 10:02

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Эдийн засаг агшиж, ажлын байр огцом буурсан энэ үед НДШ-ийг нэмнэ гэдэг цагаа олоогүй шийдэл

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Нийгэм, эдийн засаг хэцүү байгаа энэ үед нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, 26 хувь болгосныг иргэд эсэргүүцсээр байна. Энэ нөхцөл байдал хөдөлмөр эрхлэгчдэд ямар дарамт учруулах талаар ярилцлагаа эхэлье?

-Нэгдүгээр сарын 1-нээс төсөв төрийн, орон нутгийн өмчит болон 2020 оны гуравдугаар сараас хойш шимтгэл төлж эхэлсэн хүмүүс дээр хоёр хувь нэмэгдэж байгаа. Мөн долдугаар сарын 1-нээс бусад бүх шимтгэл төлөгч нар нэмэгдсэн дүнгээр төлнө. Эдийн засаг агшсан, ажлын байр огцом буурч, орлого буурсан үед цагаа олоогүй шийдэл гэж харж байна.

-“Тэтгэвэр тогтоолгохоос өмнө нас барж байгаа тохиолдолд тухайн иргэний насаараа төлсөн мөнгө нэгдсэн сангийн өмч болдог. 40 жил төлчихөөд 300 мянган төгрөгний тэтгэвэр авах маш хэцүү. Нийгмийн хамгааллын тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй байнагэж та хэлж байсан. Энэ тухай ярилцлагаа үргэлжлүүлье?

-Манай эрчүүдийн 50 хувь нь хөдөлмөрийн насандаа буюу 16-59 насны хооронд нас барж байна.

Эмэгтэйчүүдийн 24 хувь нь 16-гаас 55 насандаа нас барж байна. Энэ нь тэтгэврийн өгөөжөөсөө нэг ч төгрөг хүртэж чадахгүй байна гэсэн үг. Тэтгэврийг өвлүүлэх нэрийн дансны мөнгийг нь нас барвал үлдэгдлийг нь ар гэрт нь олгох шударга тогтолцоог бид олон жил ярьж байна. Ямар ч байсан өвлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хэрхэн яаж хийх гээд байгаад гол учир байна.

-Тэтгэврийн тэтгэмжийг тогтоохдоо дундаж нь таван жил байсныг долоон жил болгож сунгасан. Энэ нь тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдэд хохиролтой байна л даа?

-Нэг юм шийдэх гэж байна гээд нөгөө дийлэнх хэсгийг нь хохироох шийдвэр юм л даа. Сангийн сайдын санаачилга гэж ойлгосон НДҮЗ-тэй зөвшилцөөгүй юм билээ. Долоон жилийн өмнөх үнээр талхаа авч идэхгүй биз дээ. Тэтгэвэр ойролцоогоор арав орчим хувиар бага тогтох эрсдэлтэй.

-МҮЭХ-ноос энэ сарын 3-ны өдөр НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж УИХ-ын дарга Г.занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тус тус мэдэгдэл хүргүүлсэн. Эргээд ямар нэгэн хариу авсан уу?

-Тодорхой хариу ирээгүй байна. Ямар ч байсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тодорхой шийдэл гаргаж хүнд үед нэмэх нь буруу, тэтгэврийн шинэчлэлээ хийж зохицуулах тал дээр уулзалт хийсэн.

-Мөн МҮЭХ-ноос нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмснийг эсэргүүцэж хоёрдугаар сарын 22-ны өдөр цахимаар жагсаал хийсэн. Үүнд МҮЭ-ийн холбооны 36 гишүүн байгууллага болох мэргэжлийн 14 салбар, аймаг, нийслэлийн 22 үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид нэгдэж энэхүү цахим жагсаалд оролцсон байна лээ?

-Тийм. Гишүүдийн санал шаардлагыг бид төр засаг, шийдвэр гаргагчдад хүргэх ажлыг хийх үүрэгтэй. Цар тахлын үед хууль дүрмээ хүндэтгээд дуу хоолойгоо хүргэж байгаа хэрэг. Бид анхнаас нь дэмжээгүй. ОУВС-ын хөтөлбөр дууссаны дараа дахин авч үзэж нэмэхгүйгээр тэтгэврийн өгөөжөө нэмэгдүүлье өвлүүлье, алдаануудыг засах байх гэдэг хүлээлт байсан. 2019 онд бид бас тэмцэж байж хойшлуулах шийдвэр гаргуулж байсан. Ер нь УИХ хаврын чуулганаар уг асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ дөрвөн сар болгож хойшлуулмааргүй байна. Ийм хүнд үед УИХ бүтэн сар гаруй амраад баймааргүй юм, онцгой нөхцөлөөр яаралтай шийдэх хэрэгтэй байна.

-УИХ ын зарим гишүүд хувийн тэтгэврийн сангийн тухай хууль санаачилсан байсан шүү дээ?

-Боломжтой хуулиудыг нь дэмжиж байгаа. Харин эрсдэлийг нь тооцох гэх мэт сайжруулах хэрэгтэй зүйлүүд байна. Тэтгэврийн шимтгэлийн дөрвөн хувийг нь албан журмаар сайн дураар тусдаа нэмэлт сан хэлбэрээр хуримтлуулах, 100 хувь өвлүүлэх, эрсдэлтэй үед авч болох гэх мэт сонголттой юм билээ. Уг нь хуримтлуулж байгаа бүх сангаа л ийм загвараар хийвэл иргэдэд ээлтэй. ХНХЯ-нд бид тодорхой саналуудаа өгсөн, тэтгэврийн хуримтлалын сангаа иргэд өвлөдөг болохоор зохицуулахаар төсөл бэлдсэн гэж бодож байна.

Онцлох нийтлэлүүд