ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.01.16 03:01

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэв


УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, ажлын баг хариулав. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар, үнэт чулуу, үнэт металл арилжаалагчдын ажлыг хянахаар тусгаж, зохицуулсныг ажлыг баг хариултдаа онцолсон. Энэ хүрээнд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна. СЗХ-ноос ажлын баг гарган ажиллаж байгааг мөн хэллээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын баг тусгай төлөвлөгөө батлан, хуваарийн дагуу ажиллаж байгааг тэмдэглэв.

Хэлэлцэж буй төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны гишүүд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Онцлох нийтлэлүүд