ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2016.03.03 11:03

Мөнхбаатар арслан зодгоо тайлсан бол мөн чиг шударга байх байлаа

Х.Мөнхбаатар арслан зодог тайлна гэдгээ албан ёсоор мэдэгдэж, улмаар зодог тайлах ёслолыг зориглон хийсэн бол монгол үндэсний бөхөд нэгэн шинэ үзэгдэл бий болох байлаа. Гэвч мань эрийн шийдвэрийг хэн нэгэн болиулчихав уу гэх хардлага нийгэмд байна. Учир нь “Бөхийн спортод цаашид амжилт үзүүлэх боломжгүй боллоо. Одоо надад худлаа барилдах эрх байхгүй хэмээн” 35 настай залуу арслан зодог тайлах юм бол бусад нь юу болох билээ.

Баянаа аварга 70 насандаа зодоглон хоёр давж гурвын даваанд улсын цолонд зүтгэж буй залууд тахимаа өгч байсан. Төрийн наадамд арав түрүүлсэн аварга төрт ёсныхоо баярыг хүндэтгэж байна гэж бодох боловч олон улсын спортын жишгээр аваад үзэхэд энэ нь нэг л ойлгомжгүй. Баянаа, Мөөеө, Бат-Эрдэнэ нарын аваргууд, Ганбаатар тэргүүтэй ахмад арслангуудад барилдах эрх нь нээлттэй. Тэд хэзээ ч начин төрүүлэх боломжтой гэсэн үг. “Хувинтай ус дийлэхгүй хөгшин аварга ургаа мод шиг залууг өмнөө хэвтүүлж байгаа нь ямар янзын жүжиг вэ” гэх яриа гардаг л байлаа.

Тамирчин хүн амжилт үзүүлэх боломжгүй болж, шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалж эхлэхтэйгээ зэрэгцээд л дэвжээгээ орхидог. Өөрийгөө болоод спортоо, дэвжээгээ хүндэтгэж буйн илэрхийлэл. Сумогийн бэлээхэн жишээг бид мэднэ. Сүүлд, эзэн хааны цомыг гурвантаа хүртсэн озэки Точиазүма 31 насандаа зодог тайлсан. Спорт ийм шударга, хатуу дэг журам, хуультай.

Гэтэл монгол бөхөд зодог тайлах нь бүү хэл зодог тайллаа гэж мэдэгдсэн нь эргэж барилдаад байгаа нь бүр чиг хачирхалтай.

Ө.МАНЛАЙ

Онцлох нийтлэлүүд