ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Өдрийн сонины дугаарт
2017.08.13 02:08

М.Батбаяр: “Цаст булш” өгүүллэгт шаналах, гуних гэсэн утгыг арав гаруй илэрхийлэхдээ нэг ч удаа үг давталгүй, дүйцэх утга бүхий үгс хэрэглэсэн байсан

Монголын орчуулагчдын эвлэлээс дөрөв дэх жилдээ залуу орчуулагчдын дунд дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан зохион байгууллаа. Энэ жилийн уралдаанд 30 гаруй залуу орчуулагчид бүтээлээрээ өрсөлдсөн байна. Харин үүнээс 22 орчуулагчийн 29 өгүүллэг эцсийн шатанд шалгарч “Сонгодог өгүүллэгийн дээжис-4” номонд багтжээ. Ингээд залуу орчуулагчдын дунд зарласан дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Мөнхцолын Батбаяртай ярилцлаа.


-Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаанд оролцож тэргүүн байр эзэлсэн танд баяр хүргэе. Аль улсын ямар зохиолчийн бүтээл туурвилыг орчуулсан бол?

-Би БНХАУ-ын зохиолч Чи зи жианы “Цаст булш” хэмээх өгүүллэгээр тус уралдаанд оролцлоо. Энэхүү уралдаанд амжилттай оролцсондоо баяртай байна. Ямартай ч Монгол хэлээ олон жил сурч байгаагийнх, мөн монгол зохиолчдынхоо зохиол бүтээлээр амласных, мөн ахуй соёлын сайн орчинд өсөж хүмүүжсэний үр шим гарч байгаа юм болов уу гэж ойлгож байгаа.

-Хэдийнээс энэ зохиолчийн бүтээлээс орчуулахаар болсон юм бэ?

-Би орчуулагч Н.Энхбаяр ахаасаа дундадын яруу найрагчид хэр хэмжээний боловсролтой хийгээд яруу найраг, бүтээл туурвил нь ямар байдаг талаар барагцаа, баримжаатай болсон юм. Хамгийн анх би Гү Чэны шүлгүүдээс орчуулж эхэлсэн. Харин дараа нь Чи зи жианы бүтээлүүдийг сонирхож, бүтээлүүдэд нь шимтэх болсон юм. Түүний зохиол бүтээл англи, япон, франц, испани хэлээр орчуулагдан гарсан байдаг. Ерөнхийдөө дундадын утга зохиолын томоохон гэх бүхий л шагналыг хүртсэн, авьяаслаг уран бүтээлч. Харин Монголд түүний нэг ч бүтээл орчуулагдаагүй байдаг.

Миний хувьд хамгийн анх Чи зи жианы “Цасан хөшиг” өгүүллэгийг орчуулж байсан. Энэхүү өгүүллэгээрээ “Тагтаа паблишинг”-ээс зохиосон уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж байлаа. Чи зи жианы хувьд Хар мөрөнд төрсөн. Хар мөрний мужийн нийслэл Харбин хотод олон жил амьдарсан болохоор цас, борооны тухай маш гайхалтай бичдэг юм. Цасыг тэгж гайхалтай мэдэрдэг, ойлгодог зохиолчтой би таарч байгаагүй. Уран бүтээлчийн тухайд тэрээр дурсамж, эргэн санахуй их бичдэг зохиолч л доо. Орчин үеийн, гүн гүнзгий утга гэхээсээ илүү их энгийн, маш сайн хүүрнэж бичдэг. Мөн ардын үлгэр домог, хуучаа зохиолдоо шигтгэн сүлэхдээ гаргууд сайн гэж болно. Тэрээр наяад онд оюутан байсан юм билээ. Тухайн үеийнхээ нэг дурсамждаа “Би оюутан байхдаа олны урсгал дагаж Милан Кундэра, Хорхе Луис Борхес, Габриэль Гарсиа Маркес гээд зохиолчдыг бишрэн уншдаг байлаа. Харин сургуулиа төгсөөд Харбинд амьдарч байхдаа өөрийнхөөрөө дахин уншсан, гайхмаар юм байгаагүй. Харин их зохиолч Цао Сюециний “Улаан асрын зүүд”, Луо Гуаньжуны “Гурван улсын үлгэр” минь илүү гайхалтай санагдсан” гэж бичсэн байдаг. Түүний хувьд үгийн баялаг арвинтай зохиолч л доо. Уралдаанд оролцсон “Цаст булш” өгүүллэгийг орчуулж байхад шаналах, гуних гэсэн утгатай үгийг арваад удаа илэрхийлэхдээ үг давталгүй, дүйцэх утга бүхий өөр, өөр үгс хэрэглэсэн байсан. Энэ нь миний хувьд онцлог төдийгүй биширмээр санагдаж байлаа.

-“Цаст булш” өгүүллэгийг орчуулахад хэдий хэр хугацаа зарцуулав. Хүндрэлтэй зүйл нь юу байсан бол?

-Санасныг бодоход тийм ч их хугацаа зарцуулаагүй шүү. Хэдэн шөнө суугаад л гараас гаргачихсан. Харин дундадын оршуулгын зан үйлийг төдийлөн сайн мэдэхгүй учир түүнтэй холбоотой мэр сэр асууж лавлах зүйл гарч ирж байсан.

-Та аль сургуулийг дүүргэсэн бэ?

-Би Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэсэн. Харин одоогоор БНХАУ-д Хятадын орчин үеийн уран зохиолын чиглэлээр суралцаж байна.

-Цаашид ямар бүтээл орчуулахаар зэхэж байгаа бол?

-Одоохондоо өөртөө амралт өгчихсөн л байна даа. Харин ирэх намраас дахин орчуулгын ажилдаа орно. Энэ мэтчилэн цаашид хийхээр бодож төлөвлөсөн зүйл маш их байна.

-Орчуулгаас гадна яруу найраг сонирхдог гэсэн байх аа...

- Би Ховд аймгийн Манхан сумын харьяат л даа. Нэгдүгээр ангиасаа буюу 2002 оноос эхлэн бичиж эхэлсэн юм. Ингээд бодохоор 15 жил уйгагүй оролдож байж сая ганц нэг аятайхан шад мөр олж байна. Гэхдээ үүнээс цааш хичнээн жил бичиж байж сайн шүлэгтэй болохоо мэдэхгүй л байна. Ямартай ч өнгөрсөн намар “Бүгд өөрийн гунигтай” хэмээх номоо хэвлүүлсэн. Миний хувьд үг “аврах” гэж бичдэг. Магадгүй тэрхүү номноос миний яруу найрагтай танилцчих байх хэмээн бодож байна. Энэхүү номыг бүтээхэд минь яг надтай адилхан нойр, хоолоо умартан зүтгэсэн Д.Нямдорж багшдаа ихэд талархаж байгаагаа илэрхийлье.

Улс орон, хүн зоны амьдрал сайжрахын хэрээр уран зохиолыг уншиж шимтдэг юм болов уу гэж би боддог. Энэ нь өнгөрсөн хэдэн жил ч харагдлаа. Ер нь өлсөж байгаа хүн ном биш талх авдаг шүү дээ. Тэгэхээр эх орны хөгжил урагшлах тусам утга зохиол, яруу найргийн салбар улам өргөжин тэлнэ биз ээ. Ямартай ч энэ зуун гараад Монголын уран зохиолд гарч ирж буй залуусын зул задарсан, хадуурах нь хадуураад, хоцрох нь хоцроод, ойчих нь ойчоод, ачаа үүрэлцэх нь үүрэлцээд эхэлчихсэн гэж ойлгож байгаа.


Онцлох нийтлэлүүд