ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.11.11 11:11

М.Мөнхшүр: Хар тамхины улмаас иргэн хоолойгоо боож амиа хорлосон

“20 гарч яваа охин 20 настай залуутай үерхэж, нэг жилийн дараа нэг гэрт оржээ. Найз залуу нь “Миний хайр хувцас ав” гээд хэдэн төгрөг өгөөд Бээжин явуулсан байна. Замд нь өмнөд монгол найз нь найз залуудаа өгөөрэй гээд боодолтой зүйл өгсөн гэнэ. Бүсгүй өнөөх боодолтой зүйлийг анзаарахгүй авч, Монголын хил дээр ирээд гэнэт саатуулагджээ. Тодруулбал, Өмнөд монгол найзынх нь өгсөн боодолтой зүйл дотор 300 грамм хар тамхи байсан гэнэ” хэмээн нэгэн хүн өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ. Энэ хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн газраас тодруулахад “Одоогоор ийм хэрэг бүртгэгдээгүй байна” гэсэн юм. Гэвч сүүлийн жилүүдэд манай улсын хилээр хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл зөвшөөрөлгүй нэвтрүүлэх гэсэн тохиолдлууд нэмэгдсэн гэж байв.

Тиймээс хилээр нэвтрэх гэж байгаа иргэд энэ төрлийн гэмт хэргийн золиос болохгүйн тулд юуг анхаарах ёстой талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулсан юм.


-Сүүлийн үед хил, гаалиар нэвтэрч буй хүмүүс санаандгүй байдлаар хар тамхи тээвэрлэгч болоод байгаа юм уу. Ер нь хилээр нэвтэрч байгаа хүмүүс юун дээр анхаарах ёстой вэ?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх иргэдийн тоо жил ирэх тусам ихэсч байгаа. Хэрэглэж байгаа хүмүүсийн насны ангилал хэт залуужиж байна. Иргэд хар тамхи хэрэглэсэн тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж ойлгодог. Гэтэл хэрэглэхээс гадна зөөвөрлөх, биедээ ач явах, бусдад зарж борлуулахаар төлөвлөсөн зэрэгт тус бүрт нь эрүүгийн хариуцлага хүлээдэг юм. Тэгэхээр хар тамхи хэрэглэсэн л бол хариуцлага хүлээнэ, зарсан борлуулсан нь хэрэгтэн болохгүй гэдэг зүйл байхгүй. Хилээр оруулж ирэхээр завдсан этгээдүүд бусдад бараа дайвар мэтээр тээвэрлүүлж гаргадаг. Харин тухайн дайврыг санаандгүй байдлаар тээвэрлэн хилээр гарсан хүн ачаанаас нь сэжиг илэрч саатуулагдахад л өөрийгөө асуудалд орсон гэж мэддэг. Энэ мэтчилэн бусдын дайсан ачаан дотроос нь мансууруулах бодис илэрч, санаандгүй байдлаар хар тамхи тээвэрлэгч болсон тохиолдлууд шалгагдаж байгаа. Тэгэхээр иргэд улсын хил, гаалиар нэвтрэхдээ хэн нэгнээс ачаа бараа авахгүй байх, зайлшгүй авах ёстой бол хууль хяналтын байгууллагаар шалгуулж байж хилээр гарахыг зөвлөе.

-Хүний гуйсан ачааг авч яваад санаандгүй байдлаар мансууруулах бодис тээвэрлэгч болчихсон бол ямар хариуцлага хүлээх вэ?

-Ийм тохиолдолд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг эрэн хайна. Гэхдээ энэ хугацаанд тухайн зүйлийг биедээ авч явсан хүнийг шалгах ажиллагааг зогсоох боломжгүй, үргэлжлүүлнэ. Ер нь хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх үйлдлийн аргууд улам нарийсч байгаа. Тухайлбал, Сарангэрэл гэх бүсгүй бэлэг эрхтэндээ хар тамхи нууж, улсын хилээр оруулах гэж байгаад баригдсан.

-Хар тамхитай холбоотой хэрэг яагаад улам нэмэгдээд байгаа юм бэ?

-Ер нь сонирхогч байдлаар хар тамхийг хэрэглэж үзээд хэрэгт холбогдох тохиолдол их бий. Мөн донтогч байдлаар хэрэглэн даамжирсаар амь насаараа хохирсон тохиолдол ч бүртгэгдсэн. Тухайлбал, хар тамхины донтогч болчихсон Золбаяр гэх залуугийн хэрэг шүүхийн шатанд шалгагдаж байсан юм. Гэтэл хэргийн шалгалт үргэлжилж байхад буюу энэ сарын 15-ны өдөр тэрээр өөрийнхөө хоолойг боож, амиа хорлосон. Тэрээр 1989 онд төрсөн. Хар тамхийг өөрөө хэрэглэдгээс гадна бусдад зарж борлуулдаг байсан. Энэ хүн өмнө нь удаа дараа хүчин болон дээрэм хийж, эрүүгийн хариуцлага хүлээж, ял эдэлж байсан юм.

-Хэрэглэгчдийн нас залуужиж байна гэлээ. Залуус хар тамхитай холбогдохгүй байхын тулд яах ёстой юм бэ?

-Залуучуудын нэг онцлог нь сониуч байдлаар тухайн зүйлийг туршиж үзэн түүндээ дурлаж, донтож, улмаар гэмт хэрэгтэн болоод байгаа юм. Мөн бүлэг болж, найз нөхдөөрөө бөөгнөрч хоорондоо ярилцаж, хэрэглэж үзэх, нэгнийгээ ятгах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Хар тамхийг нэг удаа татсан л бол 30 хоногийн турш цусанд нь байсаар байдаг. Хэрэв өнөөдөр хэрэглээд маргааш, эсвэл нөгөөдөр гэхэд надаас илрэхгүй, мэдэгдэхгүй гэж бодож байгаа бол эндүүрэл. Насны хувьд залуужиж байгаа учраас энэ төрлийн гэмт хэргээс аль болох хол байж, хар тамхийг сонирхол хэлбэрээр туршиж үзэхгүй байхыг хүсье. Хар тамхийг хэрэглэснээрээ сайхан болдоггүй. Харин эрүүл мэнд, сэтгэц, бие махбод гээд бүхий л зүйлээрээ хохирохоос өөр аргагүй болдог юм.

-Хүүхдүүд газ үнэрлэж мансуурдаг тохиолдол бий. Газ нь мансууруулах бодисын нэг төрөлд тооцогддог уу?

-Газыг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд оруулдаггүй. Гэхдээ газыг татаж, хэрэглээд донтчихсон хүмүүс байдаг. Өнгөрсөн тавдугаар сард 13 настай хүүхэд гэрийнхээ хашаан дотор газ үнэрлэж байгаад нас барсан тохиолдол гарсан. Энэ мэтчилэн сониуч байдлаараа татаж эхлээд сүүлдээ түүндээ донтоод гарч чадахгүй болж эрүүл мэнд, амь насаараа хохироход хүрээд байна. Сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийн доторх найрлагад хүний хүслийг улам өдөөх, дахин хэрэглүүлэх бодис агуулагддаг. Тэгэхээр ухамсарлаж мансууруулах бодисоос дайжих, хол байх хэрэгтэй. Сонирхлоороо хэрэглэж үзсэн ганцхан тохиолдлоос болоод эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байхыг сануулмаар байна.

-Энэ оны байдлаар хар тамхитай холбоотой гэмт хэрэг хэр их бүртгэгдсэн бэ?

-Мансууруулах бодистой холбоотой 131 хэрэгт 258 хүнийг холбогдуулан шалгасан. Гэтэл өнгөрсөн онд нийт хар тамхитай холбоотой 175 хэрэгт 230 орчим хүнийг холбогдуулан шалгасан байдаг. Энэ оны эхний есөн сарын дүн мэдээ өнгөрсөн жилийн нийт хэргээс давсан байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт эрс өссөн гэж тооцож болно.

З.СУВД

Онцлох нийтлэлүүд