ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.12.04 09:12

М.Оюунчимэг: Манай нам олон суудал авахаа чухалчилсан бол жижиг мажоритараараа явах байсан

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Сонгуулийн тухай хуулийг өргөн барихаар болжээ. Ирэх 2020 оны сонгуулийн тогтолцоог 50:26 байхаар тогтчихов уу?

-Энэ долоо хоногт Сонгуулийн хуулийн ажлын хэсгүүд нь ажиллана. Уг хуулийг арванхоёрдугаар сарын 25-наас өмнө батлах хуультай. Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх болсон хэд хэдэн шалтгаан бий. Иргэд, холбогдох албан байгууллагуудаас уг хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн, парламентын, орон нутгийн сонгуулийг тус тусад нь явуулах нь зүйтэй гэх саналыг ирүүлсэн. Энэ нь Сонгуулийн хуулийг өөрчлөх зайлшгүй нэг шалтгаан. Хоёрдугаарт, жижиг мажоритар байх нь зөв гэж нэг хэсэг нь хэлж буй. Тиймдээ ч Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоо мажоритар байна гээд заачихсан. Тэр ч утгаараа 50:26 байх нь хууль зөрчих юм биш үү гэдгийг зарим гишүүд хэлж байна лээ.

-Ингэж холимог байлгахаар шийдсэн нь ямар учиртай юм бэ?

- Ерөнхийлөгч, Ардчилсан нам, МАН-ын зарим гишүүдийн зүгээс ч энэ саналыг дэмжиж байгаа. Бүгд жижиг тойрогт хуваагдчихаар төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үед жалга довны үзэл ихээр гарч байна гэдгийг хэлж байгаа юм. 50-хан хүнтэй суманд 500 хүүхдийн цэцэрлэг, сургууль барих зэргээр шаардлагагүй хөрөнгө оруулалт хийж байгаа нь ч шүүмжлэл дагуулдаг. Гэтэл Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хэрэгцээ хомс байх жишээтэй. Энэ мэт санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлого талаасаа алдаа, завхрал гарч байгаа юм. 50:26-гаас гадна 60:16 гэж ч ярьж байгаа. Нэг хэсэг нь улс орны хэмжээний томоохон төсөл хөтөлбөр, бодлогод анхаардаг байх. Тойргоос сонгогдсон гишүүд нь тойрогтоо анхаарлаа хандуулахаас гадна улс орны алсыг харсан бодлогод ч санаа тавих учиртай. Ингэхгүй бол улс орны хөгжилд дэмтэй том бодлого хэрэгжихгүй нь гэдгийг бид хаана хаанаа харлаа шүү дээ. Энэ агуулгаар энэхүү тогтолцоог санал болгож байгаа.

Энэхүү тогтолцоог холимог мажоритар гээд байгаа юм. Намын нэрээр бус хүн дугуйлдаг байна. Үүнд болохгүй гэх зүйл байхгүй.

Тойргоос сонгогдсон гишүүний хувьд би амласан амлалтуудаа биелүүлж, тултал нь сайн ажиллаж байгаа. Манай тойрог Чингэлтэй тойргийн гэр хороололд байдаг. Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол, нийгмийн эмзэг асуудал тэнд байгаа учраас асуудлыг нь шийдэх зайлшгүй шаардлагатай. Дэд бүтэц бий болгож, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой. Ямартаа ч хийсэн ажлын дүнд хүүхдийн өвчлөл буурч, сургуулиуд гурван ээлжгүй болж, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн. Энэ утгаараа тойрогт өрсөлдөхөд бэлэн. Үүнээс болгоомжлоод айгаад байх зүйл байхгүй. Гэхдээ бид улс орноо бодох ёстой. Бид нэг л улсад амьдарч байгаа. Бидэнд цэвэрлэх байгууламжаа шийдэх, агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг байшин хороолол болгох, дэд бүтэц татах, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн цогц асуудлыг шийдэх шаардлага зайлшгүй байгаа юм.

-Сонгуульд өрсөлдөж байгаа нам бүр 26 нэр дэвшүүлэх юм уу. Сонгогчдод тэр олон нэрээс сонгоход хүндрэлтэй байдал үүсэх юм биш үү?

-Хүмүүс ч тэр талаар хэлж байгаа. Сонгогчид өөрсдийнхөө талаар сайн мэдээлэл, тайлбар өгөхгүй бол хэцүү л дээ. МАН-ын 26 байлаа гэхэд нэгийг эсвэл гурвыг дугуйлах эсэх талаар Удирдах зөвлөл, МАН-ын бүлгийн хурал дээр ч ярьсан. Энэхүү тоон дээр хүртэл маргаантай асуудлууд гарсан. Тиймээс ажлын хэсэг дээр мэргэжлийн хүмүүс сууж ярилцан тодорхой болгох юм. Эхлээд дүрмээ тодорхой болгоод дараа нь бүлэгээрээ энэ асуудлыг оруулж, 50:26, эсвэл 76 мажоритараараа явахаа шийдье гэж байгаа. Гэхдээ хуулиа өргөн барихдаа 50:26 гэдгээрээ өргөн барья гэж бүлгийн гишүүдийн олонх нь үзсэн. Үүнийг маш тодорхой болгох хэрэгтэй. Дээрээс нь жижиг намууд хэрхэн авч үзэх вэ гэдэг нь сонин. Энэ мэт маргаантай асуудлууд бий. Үнэхээр улс орны бодлогыг авч явах туршлагатай хүмүүс байх уу, эсвэл нөгөө л намын нэр ард нуугдан олон жил УИХ-д гарсан хэрнээ хийсэн бүтээсэн хомс хүмүүс байх юм уу гэдэг дээр ч ярьж байна. Болгоомжлол байна. Би ч үүн дээр байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүгээс ёс зүйтэй, хариуцлагатай, бодлогын асуудлаа аваад явж чадах, нэр цэвэр хүмүүсээ нэр дэвшүүлнэ гэдэгээ хэлж байгаа юм.

-Эрх баригчдад тоглоомын дүрмээ сонгох боломж бий. Тэр утгаараа энэхүү тогтолцоо нь эрх баригчдад ямар ашигтай байна вэ?

-Намын ялалтаа урдаа барьж бид ирэх сонгуульд эрх баригч болчих юмсан гэх хүслээ нэн тэргүүнд тавихгүй байх гэж бодож байна. Өнөөдөр баян, хоосны ялгаа маш их болсныг хэн хүнгүй ярьж байгаа. Цөөн хэдэн гэр бүлийн мэдэлд байгалийн баялаг нь байдаг, иргэдийн 50-иас доош хувь нь амьжиргааны дунджаас доош түвшинд орчихсон. Олон жил ярьсан газрын тос боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж нь ажил хэрэг болоогүй. Агаар, хөрсний бохирдол ихтэй, эмнэлэг, сургуулийн хүртээмж нь муу, гэсэн хэрнээ авлигын хэргүүд ар араасаа гардаг. Бид энэ бүхнийг зоригтой гаргаж тавьж, нийгмээ цэвэршүүлээд цааш явах ёстой. Ингэхийн тулд бид намын эрх ашиг гэхээсээ илүү улсын эрх ашгийг харах хэрэгтэй юм. Энэ утгаар нь хандаж байгаа гэдгийг ч Ерөнхий сайд хэлж байсан. Би ч үүнтэй санал нэг байгаа.

Манай нам олон суудал авахаа чухалчилсан бол жижиг мажоритараараа явах байсан. Энэ нь илүү боломжтой байсан. Учир нь өнгөрсөн дөрвөн жилд хөрөнгө оруулалт сайн байж, гишүүд сайн ажилласан гэдгээ хэлж байгаа юм. 50:26 гэх энэхүү холимог мажоритар нь “савахад” амархан шүү дээ гэдгийг ч зарим нь хэлж байгаа. Нөгөө талаасаа Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхэд Их хуралд суудалтай намууд оролцох ёстой. Жишээ нь, Ардчилсан намын зүгээс өөрийн байр сууриа илэрхийлж оролцох ёстой шүү дээ. Харин тус намаас холимог тогтолцоог оруулбал л дэмжинэ гэдгээ илэрхийлж байгаа. Тиймээс маш сайн тунгааж, хуулийн дагуу Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байх гэж бодож байна.

-Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө “Капитал”-ын дампуурлаас болж ор сураггүй алга болсон гэгдэж буй. Банк дампуурлаа ч нэн тэргүүнд төрийн мөнгийг гаргаж өгөх ёстой. Энэ удаад энэ жишиг алдагдчихав уу. Тэрхүү хөрөнгийг хэрхэн олж авах вэ?

-Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө бол ард түмний мөнгө шүү дээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлж байгаагаар 2013-2016 оны хоорондох НДС, ЭМДС-гийн 300-гаад тэрбум төгрөгийн асуудал байгаа юм билээ. Энэ мөнгийг эргүүлж төлүүлж, НДС-д нь буцаах ёстой гэдгийг бид хатуу хэлж байгаа. Ялангуяа Өргөдлийн байнгын хорооноос үүнд хатуу байр суурьтай байгаа юм. Иргэдээс ч хүсэлт ирсэн. Энэ асуудал хууль хяналтын байгууллагад ч шилжсэн. Сангийн сайд ч өөрөө энэ тухай ярьж байсан. Тиймээс энэ асуудал дээр ажиллаж байгаа байх гэж бодож байна. Мэдээж энэ санг хоосолчихоод иргэдийн цалин, тэтгэврийг тавихгүй байна гэж байхгүй. Ажил явдгаараа явж байгаа. Цаашид энэ мэт төрийн мөнгийг байршуулахдаа Монголбанкнаас гаргасан арилжааны банкуудын шалгуурыг анхаарч үзэх хэрэгтэй. Энэ талаар ч бид Нийгмийн бодлого, Өргөдлийн байнгын хорооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт ч үүрэг өгчихсөн.


Онцлох нийтлэлүүд