ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.09.13 01:09

М.Помпео давхар алба тушаал хаших уу?


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг өнгөрсөн мягмар гаригт огцруулах болсноо мэдэгдсэн. Жон Болтоны хувьд Иран болон Афганистаны асуудлаар Цагаан ордны тэргүүнтэй нэг бус удаа зөрөлдөж байв. Энэ талаар Д.Трамп мэдэгдэхдээ Ж.Болтон Умард Солонгосын асуудлаар алдаатай бодлого баримталсан. Тус улсын удирдагч Ким Жөн Уныг унагахын тулд “Ливийн загвар”-аар ажиллана гэж сүрдүүлж байсан. Энэ бол гамшиг байлаа. Мөн Умард Солонгосын бүх цөмийн зэвсгийг хурааж авах хатуу нөхцлийг тавьж байсан нь хоёр орны харилцаанд таагүй уур амьсгалыг бий болгож байсан. Үүний дараа Ким Жөн Уны гаргасан хариу үйлдлийг би ойлгож байна. Энэ бол ухаантай хүний ярих зүйл биш” хэмээн сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ онцолжээ. Ажиглагчдын үзэж буйгаар хатуу чиг баримтлагч Ж.Болтоныг Цагаан ордноос явуулснаар Умард Солонгос, Иран, Венесуэльтэй харилцах АНУ-ын гадаад бодлогод өөрчлөлт гарах магадлалтай гэжээ. Үүнтэй зэрэгцэн Ж.Болтоны орны хүнийг томилох асуудал яригдаж байна. Тус албанд таван ч хүн нэр дэвшчихээд байгаа. Хамгийн магадлалтай нь одоогийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео юм байна.

Хэрэв М.Помпео Ж.Болтоны халааг авбал тэрээр давхар алба хаших юм. CNN-ийн мэдээлснээр 50 жилийн өмнө дээрх хоёр албан тушаалыг нэг хүн хашиж байсан тохиолдол бий аж. Тодруулбал, Генри Киссинжер хоёр жилийн турш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, тус улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Онцлох нийтлэлүүд