ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.12.31 11:12

М.Энхтуяа: Ээж минь Монголынхоо ард түмэнд хайрлагдсан уран уншигч байсан


МУГЖ, уран уншигч Д.Жагдагийн “Их найргийн хурим-2” DVD болон түүний охин М.Энхтуяагийн “Хөтлөх урлаг” номын нээлт боллоо. Охин М.Энхтуяа нь ээжийнхээ гэгээн дурсгалд зориулан олон түмэнд хүргэж чадаагүй ээжийнхээ уран уншсан бүтээлүүдийг эмхэтгэн цомог болгон гаргажээ. Энэ үеэр UBS телевизийн хөтлөгч М.Энхтуяатай ярилцлаа.


-Юуны өмнө номын нээлтээ хийж байгаад тань баяр хүргэе. Ном болон цомгийн талаар уншигчдад маань мэдээлэл өгөхгүй юү?

-Баярлалаа. Ээж минь Монголынхоо ард түмэнд хайрлагдсан уран уншигч, уран бүтээлч хүн байсан гэдгийг манай үзэгч, уншигч, сонсогч түмэн минь мэдэж байгаа. Энэ оны эхээр ээж минь тэнгэрийн орон руу явсан. Ээж минь амьд сэрүүн байхдаа өөрийнхөө уншсан тэр олон найраглалуудаараа “Их найргийн хурим” гэсэн сайхан CD гаргасан байдаг юм. “Их найргийн хурим” нэртэй тайлан тоглолтоо бас хийж байсан. Түүний уншсан олон сайхан бүтээл нэг CD-нд багтаагүй үлдсэн. Тэр болгоныг нь нэгтгээд, заримыг нь Монголын радиогийн “Алтан фонд”-оос аваад энэхүү CD-г эмхэтгэн гаргалаа. Үүн дотор байгаа нэг гэнэтийн бэлэг нь юу гэвэл 1979 онд уншсан “Сэгс цагаан богд” найраглал нь хүүхэд ахуйн хөөрхөн хоолойгоороо үлдсэн байсныг нь дүрсжүүлээд оруулж өгсөн. Мөн дүрс нь ч, дуу хоолой нь ч үлдээгүй ээжийн уншсан олон сайхан бүтээл байдаг. Түүнийг нь дүрсжүүлээд, охиных нь хувьд би өөрөө уншаад энэхүү CD-ндээ оруулж өгсөн байгаа. Анхных нь CD-нд есөн уран бүтээл багтсан байдаг бол энэ удаа 15 бүтээлийг оруулсан. Ээж минь ихэвчлэн ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн шүлэг, найраглалуудыг уншдаг байсан. Мөн ардын уран зохиолч Ш.Дулмаа, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн гуайн найраглалуудаас гэх мэтчилэн дандаа сайхан яруу найрагчдын шүлэг, уран бүтээлийг уншдаг байж. Тэр болгоныг нь сонсогч, үзэгч түмэндээ үлдээх зорилгоор энэхүү DVD-г гаргаж байна. Мөн би өөрөө зохиосон “Хөтлөх урлаг” нэртэй номынхоо нээлтийг давхар хийлээ. Би 2017 онд СУИС-ийг “Хөтлөгчийн урлагийн монгол уламжлалын асуудал” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Хөтлөх урлагийн чиглэлээр магистр хамгаалсан хүн одоохондоо надаас өөр байдаггүй юм байна. 2011 оноос би UBS телевизийнхээ хөтлөгчийн сургалтын төвд багшилж байгаа. Багшилж байгаа туршлага дээрээ өөрийн UBS телевиздээ 25 дахь жилдээ хөтлөгч хийж байгаа туршлагаа нэмээд олон жил судалгаа хийж, энэ мэргэжлээрээ магистр хамгаалсан. Бидний мэдэхээр энэхүү мэргэжил 1980-аад оноос манайд анх нэвтэрсэн. Тэгвэл хувьсгалаас өмнө, түүнээс ч өмнө ямар нэршилтэй байсан юм гэх мэтээр судлаад 13 дугаар зууны үед хонжин гэдэг нэршилтэй байж. Хонжин дотроо гурав хуваагддаг. Цэрэгчин хонжин, ерөөлч хонжин, ялгуусан хонжин гэж хуваагддаг. Тэдгээр нь өнөөдөр ямар хэлбэрээр залгамжлан үлдэж вэ. Жишээлбэл, цэрэгчин хонжин нь ямар нэртэй болсон, ямар хэлбэрээр залгамжлан үлдсэн, ерөөлч хонжин нь ямар болсон бэ гэх мэтээр судалгааны ажлаа хийж, судалгааны эргэлтэд оруулсан ийм бүтээл байгаа юм.

-Ээж хүнийхээ хувьд Д.Жагдаг гуай ямар хүн байсан бэ. Та сэтгэлд хоногшсон сайхан дурсамжуудаасаа хуваалцаач?

-Ээж минь Монгол Улсын филармонид ажилладаг байсан л даа. Филармонийнхон намайг “Энэ ерөөсөө л урлагийн хүүхэд” гэж хэлдэг байсан юм. Яагаад гэхээр ээж минь намайг төрүүлээд 45 хоногтой байхаас нь хөдөө бригадаар аваад явчихдаг байж. Филармонийн симфони найрал хөгжим явж байхад би тайзны ард тайван унтаж байдаг хүүхэд байсан гэнэ. Концерт нь дууссаны дараа уйлж эхэлдэг гэсэн. Тэгээд л намайг ээж “Ёстой хөөрхөн ээжийгээ мөрөөр нь ажил хийлгэдэг, зовоодоггүй хүүхэд байсан” гэж хэлдэг байлаа. Бас зургаан настайдаа ээжтэйгээ цуг бригадаар явж байтал нэг өдөр тоглолт болоод дууссаны дараа харанхуй болсон хойно өрөөндөө бүгд орж ирээд амрах гэтэл би “Ээж ээ миний төрсөн өдөр шүү дээ” гэж хэлтэл ээж “Өө яана аа. Охиныхоо төрсөн өдрийг мартчихсан байна шүү дээ” гэхээр нь “Зүгээр ээ, зүгээр ээж ээ, би танд бэлэг барья” гээд ээжийн уншдаг байсан бүх найраглалыг цээжээр уншсан гэсэн. Тэгээд нөгөө хүмүүс чинь бүгд гайхаад бүх найраглалыг нь цээжээр уншихаар нь бүгд шоконд орсон гэдэг. Хар багаасаа байнга хамтдаа явсаар байгаад тэр урт найраглалуудыг бүгдийг нь ээжтэйгээ цуг уншаад сурчихсан байсан юм байна лээ. Тэгээд миний санаанд юу үлдсэн гэхээр багадаа би унтаж байхад зүүдэн дунд “дүнгэр, дүнгэр” гээд л эхэлнэ. Ээж минь шүлэг найраглалаа тэгж айхавтар, хүлхэж, хэлхэж ажилладаг байсан юм билээ. Хаана ч явсан давтаж л байдаг. Шөнө унтахгүй байнга уншина. Автобусан дотор ч, гадуур алхахдаа ч байнга уншина. Үг болгоноо дахин давтан уншиж, бэлтгэдэг уран бүтээлч байсан даа.

-Тухайлбал, радиогийн “Алтан фонд”-оос ямар ямар уран бүтээлүүд нь цомогт орсон бэ?

-Радиогийн “Алтан фонд”-оос “Сэгс цагаан богд” найраглалыг л авсан. Ээжийн 1979 онд уншсанаар радиогийн алтан фондод хадгалагдсан байдаг юм билээ. Мөн ээжийн уншсан “Гэргий” найраглал Монголын радиогийн “Алтан фонд”-од бий гэсэн. Энэ дашрамд “Өдрийн сонин”-ыг уншдаг эх орны өнцөг булан бүрт байгаа уншигчдадаа өдөр бүр хүний сайнтай учирч, өдөр бүр эерэг энергийг бусдад түгээж байгаарай гэж хүсье.

-Таны ээж насаараа уран уншлагаар дагнасан ганц хүн шүү дээ. Одоо орыг нь залгаж, дан уран уншилгаараа дагнадаг уран бүтээлч бий юү?

-СУИС-ийн хэл ярианы танхимын багш нар маань сайхан уншдаг. Тэр үеийнх шиг орон зай нь багассан. Хумигдаад байгаа болохоор л олон түмэнд тэгж сайхан хүрэхгүй байна уу даа л гэж хараад байгаа. Тэр үед хөдөө орон нутгийн бүх баг суманд урлагийн тоглолтууд хүрдэг байлаа. Өөр уран уншигчид гэвэл Равдан гуай, Гүрбазар гуай, Чаминчулуун гуай гээд сайхан сайхан уран бүтээлчдийг нэрлэнэ. Ээж минь уншиж буй зохиолдоо орж шатаж, амьдарч уншдаг байсан. Ээж уншаад өөрөө ч уйлаад, үзэгч сонсогчид нь ч уйлаад дуусгадаг байсан. Ингэж л зохиол дотроо орж амьдарч, шатаж явсан даа.

-Сүүлийн үед комеди урлаг Монголд их эрчээ аваад байна. Түүнтэй зэрэгцээд уран уншлага эрчээ авах боломж бий юү. Комеди, уран уншлагын ялгаа болон төстэй тал нь юу вэ?

-Энэ орон зай их үгүйлэгдээд байна. Энэ тал дээр өөрийн зүгээс чадах зүйлээ хийнэ ээ. Ер нь комеди болон уран уншлага нь хоёул тод чанга хүнд ойлгогдож байх ёстой. Харин ялгаатай тал нь комеди бол хүмүүсийг хөгжөөх, баясгах үүрэгтэй. Тайзан дээр гараад хүмүүсийг инээлгэх Америкийн хошин шогийн төрөл шүү дээ. Уран уншлага бол хүнийг ухааруулах, хүнд хүний бүтээсэн уран бүтээлийг хүргэх, хүний сэтгэлд амьдруулах ёстойгоороо ялгаатай юм болов уу гэж бодогдож байна.

-Таны ээжийн уран бүтээлүүд хоёрхон цомогт багтахааргүй их байх. Дахин та ээжийнхээ уран бүтээлүүдийг CD болгох уу?

-Энэ цомогтоо ээжийнхээ бүтээлүүдийг багтаахыг нэлээд хичээсэн. Нэг зохиолыг 2-3 янзаар уншсан тохиолдол олон байгаа. Түүнийг аль болох давхардуулахгүйг хичээсэн. Бусад нь бас яг ээжийн дуу хоолойгоор үлдээгүй юм байна л даа.

-Та ах, дүү хэдүүлээ вэ. Танаас өөр ээжийн тань мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?

-Би ээжээсээ зургуулаа. Яг өөрийнх нь уран уншлага, ажил мэргэжлийг нь залгамжилж байгаа нь ер нь би дээ. Өлгийтэй нялхаасаа авахуулаад урлагийн бригадаар насаараа явж, тогоонд нь чанагдаад, багаасаа ч өөрийгөө урлагийн хүн болно гэж мэдэрчихсэн юм.


Онцлох нийтлэлүүд