ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.03.14 02:03

М.Энх-Амар: Эхлээд бид хүнээ хэрхэн амьд авч үлдэх вэ гэдгийг ярих ёстой


Бригадын генерал М.Энх-Амартай ярилцлаа.


-Та Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар арав гаруй жил ажилласан. энэ хооронд олон ч нөхцөл байдалтай нүүр тулж байсан байх. 2009 онд гэхэд H1N1 вирусийн дэгдэлтэд та ажиллаж байсан туршлагатай. талаар ярилцлагаа эхэлье?

-Миний хувьд энэ байгууллагад тасралтгүй 12 жил ажилласан байна. Энэ хугацаанд олон асуудалтай тулгарч байсан. Үе үеийн Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга нар, ОБЕГ-ын удирдлагуудтай гар нийлэн хамтран ажиллаж олон ч хүнд, хэцүү цаг үеийг хамтдаа даван туулж чадсан. Онцгой байдлын байгууллага бол бусад хүчний байгууллага дотроо хамгийн залуу хэрнээ ард түмэндээ ойлгогдож хүндлэгдсэн алба болсон. Энэ байгууллага мянга мянган алба хаагчидтай, нэгж бүр нь 150 км-ийн радиуст эрэн хайх, аврах бүх арга хэмжээг явуулах чадамжтай болсон. Намайг ажиллаж байх хугацаанд гараагүй зүйл байхгүй. Хүний гоц халдварт өвчин, ган, зуд, малын өвчин гээд бүгд л гарч байлаа. Нэг зүйлийг л би гарахгүй гэж бодож байсан. Тэр нь терроризм. Гэтэл Төрийн ордон руу буудаж, тэслэгчгүй гранат шидсэн тохиолдол гарч байсан.

Мөн Шангрила зочид буудал болон Уул уурхайн яамны гадна дэлбэлэх бөмбөг булсан байсан зэрэг олон зүйлтэй нүүр тулж явлаа.

Мөн 2009 онд H1N1 дэгдэлтийн үеийг гардаж давж туулсан учраас туршлага гэж зүйл байна. Харамсалтай нь тухайн үед 32 хүн амиа алдсан. Тиймээс коронавирусийн тал дээр онцгой анхаарах нь чухал. Тийм ч учраас Засгийн газар, Улсын онцгой комисс сайн ажиллаж байна. 2009 онд ДЭМБ-аас биднийг тайван амгалан байх чиглэл өгч байсан. Бид ч тайван байсан. Гэтэл хэрэг илт бишдэж эхэлсэн л дээ. Ингээд яаралтай арга хэмжээ авч УОК хуралдсан. Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа 6.4 тэрбум төгрөгийг нэг удаагийн шийдвэрээр гаргасан. Нөхцөл байдлыг тухайн үед нарийвчлан судлаад эрсдэлийн үнэлгээг хийсэн. Тэр үед Улаанбаатар хотын есөн дүүргийн тусгай эмнэлгүүд, аймгуудын эмнэлэг, хилийн отрядын эмнэлгүүд амьсгалын аппаратаар үнэхээр дутагдалтай байсан. Хамгийн тэргүүнд бид шаардлагатай төсвийг зөв зүйлд нь зарцуулсан.

Тэр үед Монгол Улс өөрсдөө 14 хоног карантин тогтоосон. ДЭМБ-ын шийдвэрээр биш шүү. Хамгийн азтай гэж хэлж болохоор зүйл нь тэр үед дархлаажуулах эм, вакциныг богино хугацаанд гаргасан. Бид бүх ард иргэддээ хүрэлцэхүйц эм тариаг татан авчирсан. Эмнэлгүүд амьсгалын аппараттай байхад өвчтөнд дараагийн эмнэлгийн тусламж авах боломж гардаг. Байнгын нисдэг тэргийг бэлэн байлгасан. Одоо эргээд бодоход УОК өдөр тутам ярьдаг байгууллага биш.

УОК бол яг хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хатуу чанга авч ажиллаж байсан. Үүнийгээ ч бид тэр үедээ хэрэгжүүлсэн. Тухайлбал, өнөөдрийн нөхцөлд амны хаалтыг хүмүүс өөрсдөө хийж болно. Амьсгалын аппарат харин бэлэн байдаггүй юм. Одоо коронавирусээс сэргийлэхэд хөрөнгө сайн гаргаж байна. Эрүүл мэндийн яам хангалттай тоног төхөөрөмжөө авсан байх гэж итгэж байна.

-Дэлхий нийтэд аюул занал болж байгаа коронавирусийн тал дээр манайх ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна...

-Намайг ажлаа өгөөд гурав хоногийн дараа энэ асуудал гарсан. Миний хувьд гарах шийдвэрийн төслүүдийг эхний ээлжинд тасралтгүй боловсруулсан.

Хувь хүний зүй ёсны хэрэг. Үүнийг хууль зөрчсөн гэж хэлэхгүй байх гэж найдаж байгаа. Ажлаа өгснөөс таван жилийн дотор нууцыг хадгалах ёстой байдаг. Гэхдээ энэ удаад хэдийгээр ажлаа өгсөн ч H1N1 дэгдэлтийн үед гар бие оролцож ажилласан учраас өөрийн чадах хэрээр оролцож ажлын арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

-Ямар зүйл дээр голлон анхаарч байсан бэ?

-Нэгдүгээрт, амьсгалын аппарат, хоёрдугаарт эм тарианд нь анхаарсан. 28 хоногийн дотор арга хэмжээ авч чадсан. Тэр үед үнэхээрийн дайчин ажилласан л даа. Биднийг ДЭМБ Монгол Улс өөрсдөдөө тохирсон шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авлаа, сайн байна гэж сайшааж байлаа. Одоо бол ДЭМБ өдөр болгон мэдээлэл өгч байна. Өдөр бүр Засгийн газартай ойрхон ажиллаж байна. Одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ард иргэд шууд хүндэтгэж хүлээж авч байгаа нь баярлууштай байна.

-Манай улс урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авсан. Гэтэл Францын иргэнээр дамжигдан халдвар орж ирлээ. Гадны орноос ирж байгаа бүх л монгол иргэдээ хорьж тусгаарлаад байсан хэрнээ Францын иргэнийг яагаад тусгаарласангүй вэ гэдэг асуулт байна. Гол нь тухайн иргэнийг Франц улсад очиход коронавирусийн халдвараар хоёр хүн нас барсан байсан. Голомттой бүсээс ирсэн хүнийг тусгаарлаагүйд хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Яг хаанаа анхаарал болгоомжоо алдав?

-Улсын онцгой комисс нэг асуудлаар олон хуралдах зохимжтой биш байдаг. Тиймээс комиссын дэргэд салбар дундын үйл ажиллагааг уялдуулах, тулгамдсан асуудлыг шуурхай, цаг алдалгүй шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулдаг.

Гамшиг тохиолдсон үед Эрүүл мэндийн сайд нь УОК-ын орлогч болдог. Энэ утгаараа Д.Сарангэрэл сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж өгсөн. Одоо яаж ажиллаж байгааг нь мэдэхгүй байна. 2009 онд УОК бага хуралдаж, ажлын хэсэг нь их ажилласан. Тэр ажлын хэсгийн дүгнэлтийг бид судалж үзнэ.

Ингээд мэтгэлцээн өрнөж маш хурдтай асуудлыг шийдэж байсан. УОК-ын нарийн бичгийн дарга асуудлын төсөл боловсруулж гаргасан шийдвэртэй уялдуулна. Хяналт тавина. Яг энэ тохиолдолд бүх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлж, үнэн бодит мэдээллээр төрийн гурван өндөрлөг болон ард түмнийг хангах ёстой. УОК-ын нарийн бичгийн дарга дээр бүх зүйл төвлөрч явах ёстой.

-Одоо ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Эрсдэлийн үнэлгээг яаралтай гаргаж бүх эмнэлэгт амьсгалын аппарат бий эсэхийг эхлээд шийдэх хэрэгтэй. Мөн хандив тусламжийн мөнгө, хөрөнгөнд хяналт тавих ажлын хэсэг гарсан уу.

Илрүүлдэг оношлуур бол хоёр, гуравдугаар асуудал. Одоо бид хүнээ хэрхэн амьд авч үлдэх вэ гэдгийг эхлээд ярих ёстой. Амьсгалын аппарат таван минут орчим гацахад л гурван хүн амиа алдаж байсан харамсалтай тохиолдол бидэнд бий.

Нийслэлээс илүү аймаг, сумдын эмнэлэгт шаардлагатай үед хэрэглэгдэх аппарат байгаа эсэхийг маш сайн нягталж үзэх хэрэгтэй. Тухайн үед 2009 онд гуравдугаар эмнэлэгт амьсгалын аппарат байхгүй учраас Нэгдүгээр төв эмнэлэг рүү зөөж байсан. Одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бүх зүйл хорио цээр гэж ард иргэдийг хэт хүндрүүлэхгүйгээр эрчимжүүлэх шаардлагатай байна.

Онцлох нийтлэлүүд