ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.07.14 03:07

Наадмын үеэр 62 хүүхэд эцэг эхээсээ төөрчээ


Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт ажилласан.

Хүйн долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1000 гаруй албан хаагч уралдааны аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Тухайлбал, баяр наадмын хоёр дахь өдөр буюу энэ сарын 12-нд соёолон насны хурдан морьдын уралдааныг үзэж сонирхсон 60-70 мянган иргэний амар тайван, аюулгүй байдлыг хангаж, 13 мянга орчим автомашины хөдөлгөөнийг зохицуулж ажиллав.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүйн долоон худаг болон Сүхбаатарын талбайд эцэг, эхтэйгээ баяр наадам үзэж явсан 62 хүүхэд төөрснийгцагдаагийн алба хаагчид олж эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна. Энэ жилийн наадмаар төөрсөн хүүхдийн тоо өнгөрсөн оныхоос 27 хувиар буурсан нь цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор асран хамгаалагчийнх нь утасны дугаар бүхий бугуйвчийг зүүж өгч, эцэг, эхчүүдэд сайтар анхааруулж, сэрэмжлүүлсэнтэй холбоотой аж.

Мөн наадмын өрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 5000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

Энэ жил баяр наадмын хурдан морьдын уралдааныг дагах автомашиныг зохион байгуулалттай болгож, дэг журамд оруулсан нь өмнөх жилүүдээс онцлог байлаа. Урьд жилүүдэд хурдан морины уралдааныг дунджаар 40-50 автомашин дагадаг байсан асуудлыг цагдаагийн байгууллагаас цэгцэлж, яаралтай түргэн тусламж, мал эмнэлэг, телевиз, чиглүүлэгч зэрэг зайлшгүй дагах шаардлагатай найман автомашинд зөвшөөрөл олгосон юм.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдах талбай, морь гараанаас барианы зурхай хүртэл хяналтын камеруудыг суурилуулж, хяналт тавьж ажилласан нь үр дүнгээ өгч, ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй тайван наадлаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд