ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.06.10 03:06

“Найрамдал-2014” дугуйн аялал эхэллээ

Монгол-Буриадын нутгаар дайран өнгөрөх “Найрамдал-2014” дугуйн спорт аялалынхан аялалдаа гарлаа. Энэ сарын 1-ээс Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас гараагаа эхэлсэн "Шилийн богд" дугуйн клубийнхэн өчигдөр нийслэлээс хөдөллөө.

Аялалыг ССАЖЯ, МҮОХ, МАЯСАХ, Монголын дугуйн холбоо, Сүхбаатар аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, ССАЖГ-ын хамт олон дэмжин ажиллаж байна.

“Найрамдал 2014” дугуйн аялал энэ сарын 1-нээс Сүхбаатар аймгаас эхэлсэн бөгөөд Монгол-ОХУ-ын нутгаар хоёр сарын турш үргэлжилнэ. Монгол Улсын нутгаар 2100 км, ОХУ-ын Буриадын нутгаар 1500 км замыг тус тус туулах аж. Аялалын маршрутыг Монголын адал явдалт спорт аялалын холбооны удирдлага, шүүгчийн зөвлөл баталсан байна. Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгийн нутгаар аялж, Ханх-Мондын боомтоор хил нэвтрэх аж. Аялалын багийнхан Буриадын Түнхийн район, Байгаль нуур хүрч, улмаар Улаан-Үд хотноо очиж, буцахдаа Дорнодын Эрээнцаваар хил нэвтэрч, Сүхбаатар аймагт ирснээр аялалаа өндөрлүүлнэ.

Энэхүү дугуйн аялалыг МҮОХ-ны гишүүн, Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, дугуйн аялалын “Шилийн Богд” клубын тэргүүн, дугуйн спортын мастер Ш.Энх-Амар ахалж байгаа бөгөөдорчуулагч Намжилсамбуугийн Гантөмөр, техникч засварчин Мэндбаярын Бямбадорж, залуу тамирчин Батсайханы Тэгшбаяр, Энхмөнхийн Мөнх-Эрдэнэ нарын тамирчид багтаж буй. Багийн гишүүд олон жил дугуйн спортоор хичээллэж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль авч байсан, холын замд дугуйгаар аялж байсан дадлага туршлагатай тамирчид юм. Буриадын талаас мөн тодорхой тооны тамирчид оролцох аж.

 

Онцлох нийтлэлүүд